Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутаг дахь Сийлхэмийн байгалийн цогцолборт газрын “Б” хэсэг бол хил дамнасан Чихачевийн нуруунд багтдаг, цоохор ирвэстэй газар. Тус нуруунд хэдэн ирвэс байгаа, тэдгээр нь хэр их шилжилт хөдөлгөөн хийдгийг Монгол, Оросын тал хамтран судлах болжээ.
Хоёр тал тус тусдаа камер тавьж судалгаа хийгээд, үр дүнг нь нэгтгэх аж. Үүний дагуу ШУА-ийн Ерөнхий ба сорилын биологийн хүрээлэнгийн болон Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар мэргэжилтнүүд нутгийн малчидтай хамтран Сийлхэмийн байгалийн цогцолборт газрын “Б” хэсэгт 54 камер суурилуулжээ. Автомат камерыг ирэх сарын 20 хүртэл ажиллуулж, судалгааны материал цуглуулсны дараа Оросын талтай мэдээллээ солилцох гэнэ.
Ч.ЗУЛ