Зээлийн хүү хямдарна. Гэхдээ маргааш биш, дараагийн улиралд ч биш. Хойтон жилээс буурч эхэлнэ. Огцом биш, алгуурхан уруудна. Хоёр жилийн дараагаас бизнесмэнүүдэд эерэг мэдрэмж төрүүлнэ. Монголын эдийн засаг дахь үйл явдлын өрнөлийг нэгтгээд ингэж таамаглав. Мэдээж өөдрөг дүгнэлт. Магадгүй Засгийн газар, Монголбанкны зорилт ч ийм байгаа болов уу.
Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал “Хэрэглээний зээлийн хүүг бууруулахгүй. Харин хуримтлалыг дэмжих, үйлдвэрлэл, экспортыг нэмэгдүүлэх зээлийн хүүг хямдруулах бодлого баримтална” гэж ярьсан. Тэгэхээр зээлийн хүүг багасгах бодлого нэгэнт тодорхой болсон гэсэн үг. АНУ-д кредит картын зээлийн хүү 17, моргэйжийн зээлийнх гурван хувь байдаг гэнэ. Кредит картын зээл бол цалингийнхтай адил. Ийм зээл хэрэглээг дэмжинэ.
Харин моргэйжийн зээл өрхийн хуримтлалыг өсгөдөг. Айл өрх моргэйжийн зээл авахдаа өр тавьж буй мэт боловч төлж дууссаны дараа үл хөдлөх хөрөнгө өөрийнх нь болдог учир хуримтлалаас ялгарахгүй. Энгийнээр хэлбэл, бид америкчуудыг дуурайх нь. Хэлбэрийг хуулах нь нэг хэрэг. Харин цаад агуулга нь чухал. Тиймээс гүнзгий шинжих хэрэгтэй.
Монгол Улс үндэсний хуримтлалгүй. Үндэсний хамгийн том хуримтлалыг бий болгодог тэтгэврийн сангийнх нь данс хүртэл хоосон байгаа. Орон сууцны ипотекийн зээлийн тасралтгүй үргэлжлэх тогтолцоог бүрдүүлэх бодлогын хүрээнд Тэтгэврийн даатгалын нөөц сан 2.4 их наяд төгрөгтэй болсон. Монгол Улсад урт хугацаатай зээл олгох боломжтой мөнгөн хуримтлал анх удаа бүрдэж буй нь энэ. Сангийн хөрөнгөөр орон сууцны зээл олгох тусам үндэсний хуримтлал нэмэгдэнэ. Монголбанк хуримтлалыг дэмжсэн зээлийг хүүг бууруулна гэсэн.
Тэгэхээр ипотекийн зээлийн хүүг хямдруулах нь дамжиггүй. Засгийн газар 21 аймаг, Улаанбаатар хотын алслагдсан дүүрэг, гэр хорооллыг дахин төлөвлөж барьсан орон сууцыг худалдаж авахад таван хувийн зээл олгохоор болсон. Нийслэлийн төвд орон сууц зээлээр авбал найман хувийн хүү төлнө. Таван хувийн хүү нь АНУ-ын моргэйжийнхээс хоёроор илүү байгаа биз.
Гэхдээ Монголыг АНУ-тай харьцуулах боломжгүй. АНУ бол хөгжсөн, төрөлжсөн, үйлдвэржсэн дэлхийн хамгийн том эдийн засагтай орон. Харин Монгол Улсын эдийн засаг маш эмзэг. Иймээс хоромхон зуур хүндэрч, бас түргэн сэхдэг. Гол ноён нуруу нь уул уурхайн салбар. Монголыг уул уурхайн салбараас 90 хувийн хамааралтай гэж эдийн засагчид тооцдог юм.
Зэс, нүүрс, төмрийн хүдрийн үнэ Хятадын зах зээлд унахад Монголын эдийн засаг хямрах шахаж байна. Гадаадын хөрөнгө оруулагчид ч нүүр бурууллаа. Гадаадын хөрөнгө оруулалтын 80 хувь нь уул уурхайн салбарт ногдож байсан. Түүхий эдийн үнэ унангуут тэд Монголыг орхив.
Эрдэс, түүхий эдийн үнэ сүүлийн гурван жилд дунджаар хоёр дахин унасан, гадаадын хөрөнгө оруулалт тэгтэй тэнцсэн “шок”-ийг бид зээл авч зөөлрүүлж байна. “Оюутолгой”-н далд уурхайн бүтээн байгуулалт энэ жил эхэлнэ. Ингэснээр уул уурхайн салбар дахиад л гадаадын шууд хөрөнгө оруулалтын дийлэнхийг бүрдүүлнэ. Тавантолгойн уурхайд төмөр зам, баяжуулах үйлдвэр барьж эхэлбэл уул уурхайн салбар гадаадын хөрөнгө оруулалтыг 100 хувь бүрдүүлж ч мэднэ. Ингэхээр тус салбарын эдийн засаг дахь хамаарлыг багасгахад түвэгтэй.
Гэсэн ч эдийн засгаа ганц салбарын хамаарлаас гаргаж, олон тулгууртай болгохоор тэмцэх хэрэгтэй. Тэмцлийн эхлэл нь үйлдвэрлэл, экспортын зээлийн хүүг бууруулах бодлого гэж бодож байна. Зээлийн хүүг багасгаснаар санхүүжилтийн зардал нь хямдарна. Зардал нь буурахаар дотоодын үйлдвэрлэлийн өрсөлдөх чадвар сайжирна. Ингээд аж үйлдвэрийн салбар хөгжиж, эдийн засагт жин даран, уул уурхайн хамаарал багасна.
Энэ бол урт хугацаанд биелэх зорилт. Бодит үр дүн нь олон жилийн дараа мэдрэгдэх байх. Хөдөө аж ахуйн салбарыг түшиглэсэн, ялангуяа экспортын үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодолтойгоо Ерөнхий сайд Ч.Сайханбилэг дуулгасан. Эхлээд зээлийн хүү буурна, дараа нь эдийн засгаа төрөлжүүлнэ. Эдийн засгийн гинжин хэлхээ ийм дараалалтай байх юм санж.
Зээлийн хүүг бууруулахын тулд инфляцаа багасгасан байх шаардлагатай. Дараа нь хадгаламжийн хүү буурна, дагаад зээлийн хүү намсах учиртай. Инфляц хоёр хувь болчихоод байхад зээлийн хүү яагаад буурахгүй байна вэ? Энэ асуултын хариултыг олон хүн сонирхож буй нь мэдээж. Инфляц 14 хувь байвал хүмүүс дор хаяж 17 хувийн хүүгээр мөнгөө хадгалуулна. Банкууд зардал, ашгаа нэмээд, цааш нь 20 гаруй хувиар зээлнэ.
Инфляц зээлийн хүүг өсгөх шалтгаан мөнөөс мөн. Монгол Улс сүүлийн нэг жилийн хугацаанд нэг оронтой тоонд багтсан нам инфляцтай байлаа. Нам инфляц хадгаламжийн хүүг бууруулах нөхцөл бүрдүүлэх нь маргаангүй. Гэвч Монголын эдийн засгийн ерөнхий нөхцөл өндөр эрсдэлтэй хэвээр байгаа. Хямралын ангал руу унаж мэдэх дээсэн дөрөөн дээр дэнжигнэсэн эдийн засгийн дүр зураг зээлийн хүүг нэмэгдүүлж ч мэднэ. Монголбанк ч бодлогын хүүгээ бууруулж чадахгүй, айж байна.
Засгийн газрын олон улсын зах зээлд саяхан гаргасан 500 сая ам.долларын бонд 10.8 хувийн хүүтэй борлогдлоо. Гүйцэтгэх засаглалынхан 2012 онд олон улсын зах зээлд 1.5 сая ам.долларын “Чингис” бонд гаргахад хүү нь 5.125 хувиар тогтож байсан юм. Засгийн газрын бонд хоёр дахин өндөр хүүтэй болсон байгаа биз. Энэ нь Монгол Улсын эдийн засгийн эрсдэл хоёр дахин өссөний илэрхийлэл юм. Эдийн засгийн эрсдэлийг өсгөж буй гол хүчин зүйл нь уул уурхайн хамаарал.
Уул уурхайн салбар уруудсанаар гадаадын шууд хөрөнгө оруулалт дөрвөн тэрбум ам.доллароос 70 сая болж буурсан, улсын төсөв гурван жил дараалан нэг их наяд төгрөгийн алдагдалтай гарсан, долларын хомсдол үүссэн, Засгийн газрын өр ч нэмэгдсэн. Эдгээр хүчин зүйл эдийн засгийг эмзэг болгосон юм.
Түүхэнд хэрвээ гэж байдаггүй гэдэг. Тиймээс өмнөх сургамжаа санаж, эдийн засгаа аль болох “олон хөл”-тэй болгон төрөлжүүлэх хэрэгтэй. Уул уурхайн хамаарлын хамгаалалт нь хуримтлал. Энэ салбараас их орлого орж ирвэл хуримтлуул, хэзээ ч бүү зоргоороо үр. Уул уурхайн орлого тасарсан тохиолдолд хуримтлалаараа нөх.
Хоёр жилийн дараа орон сууцны зээлийн хүү найм биш, тав, бизнесийн зээлийн хүү 20 биш, 12-14 хувь болно гэж төсөөлье. Эдийн засгийн эрсдэлүүдээ бууруулж чадвал биелэхгүй мөрөөдөл биш. Засгийн газар 2017 оны төсвийг алдагдалгүй батална гэж амласан. “Оюутолгой”-н далд уурхайн бүтээн байгуулалтад жилд дунджаар нэг тэрбум ам.доллар зарцуулна.
Мөн Засгийн газар 2017 онд 1.1 сая ам.долларын бондын төлбөрөө дахин санхүүжүүлж төлөх төлөвлөгөө гаргасан, Ирээдүйн өв сангийн тухай хуулийг баталж, уул уурхайн илүүдэл орлогоо хуримтлуулахаар шийдвэрлэсэн. Иймээс энэ оны төгсгөлөөс Монголын эдийн засгийн эрсдэл буурна гэж итгэж байна. “Дэлхийн эдийн засаг ч сэргэж эхэлнэ” гэж шинжээчид дүгнэж буй. Ингэснээр зээлийн хүү буурах үйл явц эхэлнэ.
Зээлийн хүү буурах хамгийн анхны нөхцөл нь нам инфляц. Тиймээс инфляцаа өсгөж болохгүй. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ дахиад 10 гаруй хувиар өсчихвөл зээлийн хүүг хямдруулна гэж саналтгүй.
Т.ЭНХБАТ