Өнгөрсөн сарын эцсийн байдлаар гол нэрийн барааны үнийг өмнөх сарынхтай харьцуулахад 6.7 хувь, өмнөх долоо хоногийнхтой харьцуулахад 4.3 хувиар өссөн дүнтэй гарсан гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээлэв.
Тодруулбал, хонины ястай махны үнэ өмнөх сарынхаас 18.0 хувь, үхрийн ястай махны үнэ 9.0 хувь, үхрийн цул махны үнэ 7.0 хувь, ямааны ястай махны үнэ 13.7 хувь, адууны ястай махны үнэ 1.7 хувиар өссөн байна. Өмнөх долоо хоногийнхтой харьцуулахад хонины ястай махны үнэ өмнөх сарынхаас 13.0 хувь, үхрийн ястай махны үнэ 7.4 хувь, үхрийн цул махны үнэ 4.2 хувь, ямааны ястай махны үнэ 4.0 хувь, адууны ястай махны үнэ 1.7 хувиар өссөн байна. 2016 оны 3-р сарын 30-ны байдлаар 1 кг хонины /ястай/ мах дунджаар 6485 төгрөг, үхрийн /ястай/ мах 7495 төгрөг, үхрийн цул мах 8875 төгрөг, адууны /ястай/ мах 4945 төгрөг, ямааны /ястай/ мах 4775 төгрөгийн үнэтэй байжээ.
Түүнчлэн цагаан будааны үнэ өмнөх сарынхаас 0.2 хувиар буурч, төмс, хүнсний ногооны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад төмсний үнэ 2.4 хувь, луувангийн үнэ 7.4 хувь, байцааны үнэ 27.3 хувь, манжингийн үнэ 4.9 хувь, сонгины үнэ 4.4 хувиар өссөн байна.