Хүүхэд ахуйдаа цэнхэр дэлгэцнээ нүүрээ наах шахам үздэг байсан амттайхан кинонуудыг дуу оруулсан Цэмпилмаа, дууны найруулагч Гүндэгмаа, орчуулсан Мэргэн гэх нэрс хүчээр төгсгөж байх шиг санагддаг байж билээ. Тэдний царай танил биш ч алдар нь олны чихэнд хоногшжээ.
“Соёлын гавьяат зүтгэлтэн Х.Мэргэн гуайтай ярилцах гэж байгаа“ гэж хүнд хэлтэл түүнийг таньсангүй. “Яагаа вэ. Орчуулсан Мэргэн” хэмээн “чухал” өнгөөр хэлэхэд сая учрыг ойлгох жишээтэй. Соёлын гавьяат зүтгэлтэн, шүүмж судлаач, орчуулагч Ц.Хасбаатарын хүү Мэргэн гуайг хийж бүтээх хүслүүд, орчуулах номнууд нь хүлээгээд жагсчихсан байгаа ч өдөр тутмын ажлын хажуугаар “тэдэнтэй учрах” зав гардаггүй гэнэ.
Тэрбээр сард 370 минутын кино орчуулах ёстой юм билээ. 1990-ээд онд Монголын үндэсний телевизэд ажилласнаасаа хойш барагцаалбал 800 гаруй кино орчуулжээ. “Амьд мэнд байвал хоёр жилийн дараа тэтгэвэртээ гарна даа” гэсэн.
Тэр хурдхан шиг л тэтгэвэрт гарч, гадаадын олон номыг монгол хэлнээ хөрвүүлж, эх орныхоо уран бүтээлчдийг гадаад ертөнцөд гарахад нь гүүр бариасай.
-Өнгөрсөн жил тантай холбогдоход “Нэг ном орчуулж байгаа. Сонин сайхантай болохоороо л ярилцъя” гэсэн. Тэр номоо орчуулж дууссан уу?
-“Эртний Грек, Ромын домог туульс” ном орчуулсан минь хэвлэлтээс арай гараагүй байна. Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуульд суралцаж байхад Тахо Годи хэмээх сонгодог хэл судлаач багш эртний Грек, Ромын уран зохиолд дуртай болгосон юм. Одиссей, Илиадын туульсыг эртний грек хэлээр бидэнд уншиж өгдөг байлаа.
Хагас жилийн шалгалтад билетээ сугалаад асуугдахад багш “Эхлээд нэг юм лавлая. Эртний грекчүүд Дионис тэнгэртэй хэрхэн мэндчилдэг байсан бэ” гэхэд нь “Хайра Адонис” гэж хоёрхон үгээр хариулаад онц авч байсан удаа бий. Улсынхаа хөрөнгөөр таван жил суралцчихаад оронд нь ямар нэгэн юм хийх ёстой гэж үргэлж бодож явдаг даа.
Аав минь “Зохиол гэдэг сайн ч, муу ч хүний оюун санаанд нөлөөлдөг. Ном орчуулахынхаа өмнө тухайн бүтээл хүний санааг муутгах, эсэхийг бодолцох хэрэгтэй” гэж хэлж байсан
Оюутан цагаасаа л энэ номыг орчуулахсан гэж мөрөөдөж байлаа. Сэргэн мандалтын үеэс Европын зураач, урчууд, зохиолчид Геракл, Аполлон, Дафнагийн домог зэргээс сэдэвлэж их олон уран бүтээл туурвисан.
Манай уран бүтээлчид тэр үеийн урлагийг шингээсэн олон сайхан зураг, баримал урласан ч яг цаад, нарийн утгыг нь мэдэхгүйгээр дүрсэлсэн бол учир дутагдалтай.
Тиймээс энэ ном тэр бүхнийг тайлах түлхүүр болох болов уу. Тухайлбал, “Персей, Андромеда хоёр” гэж Рубенс Петр Паулийн зурсан бүтээл ямар утга учиртайг багадаа мэддэггүй байлаа. “Персейн домог” гэж бүхэл бүтэн туульс байдаг нь хүний санаанд багтамгүй хачин үйл явдлуудтай, маш сонирхолтой.
Тухайлбал, Персей гавьяа байгуулахаар явахдаа гурван эмгэнээр очих газраа заалгах учиртай. Тэр газрыг нь тэд хэнд ч хэлдэггүй байж. Эмгэд дундаа ганц нүдтэй, түүнийгээ бие биедээ шилжүүлдэг. Нүдээ авсан нь нөгөө хоёроо замчилдаг аж.
Персей нуугдаж байгаад тэднийг яг бие биедээ нүдээ шилжүүлж байх агшинд булааж аваад зорьсон газраа заалгадаг.
-Та орчуулах зохиолоо ямар шалгуураар сонгодог вэ?
-Аав минь “Зохиол гэдэг сайн ч, муу ч хүний оюун санаанд нөлөөлдөг. Ном орчуулахынхаа өмнө тухайн бүтээл хүний санааг муутгах, эсэхийг бодолцох хэрэгтэй” гэж хэлж байсан. “Эртний Грек, Ромын домгууд”-ыг л хүслээрээ, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлж орчуулсан болохоос биш, ихэнхдээ амин зуулгын зорилгоор захиалгаар зохиолууд хөрвүүлж байсан.
“Ромео, Жульетта”-г би орчуулж нэг л завдахгүй явтал “Глоб интернэшнл”-ээс “Шекспирийн монгол нөхөд” төсөл 1999 онд хэрэгжүүлж, энэ хүрээнд алдарт зохиолчийн таван бүтээлийг орчуулах даалгавар өгсөн юм. Хичээлд Шекспирийн зохиолуудыг үзэж байсан ч сонгодог зохиол гэхээр хүршгүй, ойлгогдошгүй дэндүү хол юм шиг санагдаж, “Миний ухаан ч хүрэхгүй биз дээ” гэж эмээж байсан.
Франко Зеффиреллигийн найруулсан “Ромео, Жульетта”-г үзсэнийхээ дараа л зохиолыг нь орчуулахаар сонирхсон. Гэхдээ зав гарахгүй дотроо бэлдээд, жүжгийн эхний хэсгийг
“Эрх ямба нь чацуу
Эрхэмсэг хоёр язгууртных
Энэ явдал өрнөсөн
Эгэлгүй сайхан Виронад
Эртнээс хэрүүлтэй байснаа
Эргэн тэмцэлдэж,
Иргэдийн цусаар иргэдийн гарыг бузарлав” гэдгийг англиар цээжилж, үг өгүүлбэрээр нь бодож явлаа. Шекспирийн зохиолууд олон талсттай алмааз эрдэнэ шиг. Миний орчуулга ядаж нэг талыг нь тусгаж чадсан бол дээдийн заяа.
-Та “Ромео, Жульетта”-г орчуулахдаа зориуд Ч.Чимэд гуайн хөрвүүлснийг уншаагүй гэсэн. Дараа нь харьцуулж уншихад ямар санагдсан бэ?
-Миний хэзээ ч хэрэглэхээргүй үгнүүдийг ашигласан байна лээ. Тухайлбал, “Хуяглан хүргэ”. Чимэд гуайн өссөн 1930-аад онд хуяг гэдэг үгийг хэрэглэдэг байжээ. Би “Харгалзан хүргэ” гэж орчуулсан санагдана. Ч.Чимэд гуайн орчуулгыг эхтэй нь тулгаж томоохон судалгаа хийж болмоор.
Даанч өдөр бүр кино гардаг учир зав гарахгүй юм. Цахилгаан станцын галч зуух руу үргэлж түлш шидэж байдагтай бидний ажил ижил.
-Төрийн шагналт, найруулагч Н.Наранбаатарын тавьсан “Ромео, Жульетта”-г үзсэн үү?
-Миний орчуулгын үндсэн дээр Чимэд гуайн зарим мөрийг оруулж, оновчтой гэсэн үг, өгүүлбэрүүдээ бас багтаасан байна лээ. Миний дутуу хөтүү орчуулсныг өөр хүн оновчтой илэрхийлсэн байж болох тул энэ нь тун зөв. Би хяналтын үзлэгийн үеэр энэ жүжгийг үзсэн юм. Яг үзээд сууж байхад сэтгэл маш их хөдөлсөн.
Дараа бодох нь ээ, орчин үеийн бүжиг, эрчимтэй, хурдтай шийдлээс болж сэтгэлийн уянга нь жаахан дарагдсан санагдсан. Гэхдээ Шекспирийн жүжгүүд янз бүр байх ёстой учир давгүй санагдлаа.
-Шекспир одоо ч мянга мянган хүнийг тэжээж байгаа. Таны бодлоор түүний бүтээлүүд урт удаан амьд оршдогийн нууц юу вэ?
-Түүний жүжгүүдэд дээдсийн амьдралаас борчуудынх хүртэл зовлон жаргалтайгаа бүгд багтдаг. Тухайлбал, “Ромео, Жульетта”-д хэдэн хөгжимчний яриа бий. Тэдэнд Жульетта өөд болж, хүмүүс уй гашууд автаж байгаа нь хамаа багатай.
Үг гэдэг урлах материалуудын дундаас хамгийн адармаатай нь гэж боддог. Зураач өнгө, зураасаар санаагаа дүрсэлж болдог бол уран зохиолыг үгээр урладаг. Үг гэдэг барьцгүй хэрнээ хүний сэтгэлийн ахуй орчинд нэвтэрч баяр баясгалан, уйтгар гуниг, ухаарал бүхнийг урлуулдаг.
“Хэдүүлээ будаалганд нь оролцож, хоол идчихээд харьцгаая даа” гэж ярилцдаг. Тэдний амин зуулга нь тэр. Шекспирийн зохиолууд хүний амьдралаас хол хийсвэр биш. Тэгэхээр эрэгтэй эмэгтэй хүн, аав хүү, аав охины харилцаа, хүмүүний сайн муу санаа өнөө цагт ч өөрчлөгдөөгүй байх нь.
-Хэрвээ Ромео, Жульетта хоёр хорвоог орхиогүй байсан бол хайр тийм агуу гэгдэхгүй. Тэгэхээр Шекспир зальтай юм шиг ээ.
-Эмгэнэлтэй, бүтэлгүй хайр дурлалыг романтик гэдэг. Хэрвээ амар сайхандаа жаргавал зүгээр л дурлалын түүх болно. Расул Гамзатов “Ромео, Жульетта”-г үхүүлэлгүй, тэднийг суулгаж, цаашдынх нь амьдралыг бичиж чадсан зохиолч л жинхэнэ зохиолч байгаа юм” гэж хэлсэн байдаг.
-Тэгвэл та орчуулж байгаа зохиолоо бага зэрэг өөрчилмөөр санагдаж байсан удаа бий юү?
-Яруу найрагчийн болон орчуулагчийн орчуулга гэж бий. Щепкина Куперник хэмээх орчуулагч эмэгтэй Шекспирийн бүтээлүүдийг үг зөрөхөөргүй орчуулсан байдаг бол Пастернак яруу найрагчийн орчуулга хийсэн. Орчуулагчийн орчуулга илүү үнэнч байдаг бол яруу найрагчийнх илүү хурц үгтэй, тансаг.
“Ромео, Жульетта”-гийн үг, өгүүлбэрийг нарийвчлан судалъя гэвэл орчуулагчийнхыг, тайзны бүтээл болгох бол яруу найрагчийнхыг сонгосон нь дээр. Тийм ч учраас Пастернакын орчуулгаар жүжиг тавьсан нь олон. Пушкины нэгэн шүлэгт “Гений чистой красоты” хэмээх мөр байдаг. Энэ шүлгийг Ж.Лхагва, Ц.Цэдэнжав, Ч.Чимэд гуай орчуулж байсан. Тэд дээрх мөрийг голчлон “ариун гоо үзэсгэлэнгийн суу” гэх маягаар орчуулсан байдаг.
Тэдний орчуулга арай л махчилсан юм шиг санагдаж, “Яг юу гэж хөрвүүлмээр юм бэ дээ” гэж бодоод л байлаа. Тэгтэл Монголын яруу найрагт үүнийг “Үлэмжийн чанар төгөлдөр” гээд аль хэдийнэ дүрсэлчихэж. Энэ бол яруу найргийн орчуулга.
Орчуулах явцад зохиолчийн урыг гүйцэхгүйн шаналан их хэцүү. Өөр үгээр орлуулж болох ч өө сэвгүй орчуулга нь хаа нэгтэй байгаа, энэ уран бүтээлч ингээд хэлчихсэн байхад би түүнийг нь илэрхийлж чадахгүй байна шүү дээ гэж зовно.
-“Орчуулахдаа зохиолын дүрүүдэд өөрөө хувирдаг” гэж нэг ярилцлагаас тань уншиж байсан юм. Дүрд нь шингэчихмээр, тийм гайхамшигтай сэтгэгдэл төрүүлж байсан дүр байдаг уу?
-Оросын орчуулгын дэг сургуулийн нэг зарчим нь “Зохиолын баатрынхаа дүрд хувилж, сэтгэлд нь нэвтэр”. Оросын орчуулгын дэг сургууль юугаараа тийм хүчтэй, агуу вэ гэвэл уран зохиолын орчуулгыг тэд уран бүтээл гэж үздэг. Залууд сурсан эрдэм хадан дээр сийлсэн мэт, хожуу сурсан нь мөсөн дээр сийлсэн мэт байдаг юм байна.
Аавынхаа үгэнд оролгүй явсаар англи хэл хожуу сурсан болохоор тийм ч сайн мэдэхгүй. Монголын радиод олон жил ажилласан Төгсжаргалмаа “Оросын орчуулагчид зохиолыг илүү сайжруулчихдаг байх аа. О.Генригийн зохиолыг англиар уншихаар тийм ч инээдтэй санагдахгүй хэрнээ оросоороо бол элэг хөшөөмөөр юм” гэж байсан.
Үг гэдэг урлах материалуудын дундаас хамгийн адармаатай нь гэж боддог. Зураач өнгө, зураасаар санаагаа дүрсэлж болдог бол уран зохиолыг үгээр урладаг. Үг гэдэг барьцгүй хэрнээ хүний сэтгэлийн ахуй орчинд нэвтэрч баяр баясгалан, уйтгар гуниг, ухаарал бүхнийг урлуулдаг. Монгол хэл, уран зохиолын хичээлийн цагийг багасгана гэж нэг хэсэг ярьсан. Тэр санааг ямар сонин сэтгэлгээтэй хүмүүс гаргадаг байна аа гэж бодсон.
Америкийн коллежийн оюутнуудад зориулсан яруу найргийн унших бичигт яруу найргийг мэдэж байх ёстой мэргэжлүүдийн жагсаалт бий. Эдийн засагч, менежер, шүүгч, өмгөөлөгч, нийгмийн ажилтан зэрэг олон нийттэй харилцдаг мэргэжил сонгосон хүмүүст яруу найраг илүү хэрэгтэй гэж үзсэн байна лээ. Олон хүнтэй харилцаж байгаа хүн санаа бодлоо аль болох оновчтой, яруу тод ойлгуулахад хэрэг болдог байх нь.
-Техник технологи, интернэт сүлжээ эрчимтэй хөгжихийн хэрээр монголчууд харь үг хэрэглэх нь олширлоо. Үүнийг монголчлох ёстой юу?
-XIX зуунд яг энэ асуудлаар Оросын эрдэмтэд их маргаж байсан. Бүхнийг оросжуулна гэж үзэж, тэдний хэлэнд гадаад гэдэг нь мэдэгдэхээргүй болтлоо шингэсэн үг өчнөөн бий. Тэр байтугай, телега(тэрэг), кумач (улаан даавуу) монгол гаралтай. Хэлнүүд хоорондоо өгөлцөж авалцдаг гэж дуулсан.
Амьд хэл мөн л юм бол авахаа авч, хаяхаа хаядаг болохоор туйлширч хэрэггүй гэж бодож байна. Колбасаг манайхан галавсай гэдэг байсан шиг япончууд гадаад үгийг япон аялгатай болгоод авчихдаг гэж дуулсан. Тэгэхээр гадаад үгийг монгол дуудлагаар нь бичиж байя гэсэн санаа надад байна. Тухайлбал, Оросын нөлөөгөөр уран (химийн элемент) гэдгийг богино “а” эгшигтэй бичиж хэвшжээ. Үүнийг радио, телевизийн нэвтрүүлэгч урьдчилж тэмдэглэгээ хийлгүй шууд нэвтрүүлгийн үеэр уншлаа гэхэд буруу дуудах магадлалтай.
Хөгжим судлаач Ч.Буянхишиг “Тоска” дуурь гэдгийн “о” эгшгийг зарим хүн богиноор уншаад байна гэж байна лээ. Мэдэхгүй хүн бол гадаад үгийг яаж ч хамаагүй уншина шүү дээ.
Х.МЭРГЭН: Миний хувьд утсаар ярина гэдэг
үнэ цэнэтэй олддог боломж
-Танд орчуулгатай холбоотой онигоо бий юү?
-Орчуулагчдын тухай нийт даяараа мэддэг онигоог л ярьдгаас биш, тэдний алдааг хэзээ ч шоолдоггүй. Надад тэднийхээс ч илүү алдаа байж магадгүй. Их сургуулиа төгсөж ирээд “Утга зохиол, урлаг” сонинд богино өгүүллэг орчуулж тавиад мундаг амьтан гүйж явлаа.
Гэтэл нэг хүн “Чи одоо Орост сургууль төгсөж ирчихээд ийм юм хийж байдаг. Гвоздика гэдгийг хадаасан цэцэг гэж орчуулаад, даанч дээ” гэсэн. Уг нь лиш цэцэг юм билээ.
Би цэцгийн дэлгүүрт хадаасан цэцэг гэсэн байсныг хараад тийн гэндсэн юм. Энэ үгэнд ганц би ч биш, Бадраа гуай хүртэл хадаас гэж орчуулж бүдэрч байсан юм билээ. Түүнээс өөр бүр яахаа алдсан онигоо цөөн. Гэхдээ үгийн өнгөнд алдах их хэцүү.
“Бөхийн гайхамшиг” кинонд өвгөн бөх сүүлчийнхээ барилдааны үеэр нас бардаг тухай дүрсэлдэг. Түүний амьсгаа хураахынхаа өмнө хэлснийг “Энэ бол миний хувь заяа” гэж орчуулсан. Дараа нь бодож байтал “Энэ бол миний үйлийн үр юм” гэж орчуулах ёстой байж гэж бодсон.
-Та зохиолч болъё гэж бодож байсан уу?
-Ядаж ганц зохиол бичихийг насаараа мөрөөдөж явна. Бүр багадаа зураач болохыг хүсдэг байлаа. Багынхаа явдлуудын тухай зохиол бичнэ л гэж санаж явна. Зав гарахгүй, нөхцөл нь нэг л бүрдэж өгөхгүй байна. Гэхдээ жинхэнэ авьяастай хүн цойлоод л гараад ирдэг юм билээ.
Би Дашбалбартай хамт сурч байлаа. Зохиолчдыг сайн мэдэх над шиг хүн одоо ховор байх. Манай аав утга зохиолын шүүмжлэгч болохоор Эрдэнэ, Дашдооров зэрэг орчин үеийн сонгодог зохиолчид манайхаар орж гардаг байлаа.
Зохиол уншихаас өмнө эзэдтэй нь танилцаж байлаа. Бас Монголын зохиолчдын эвлэлд 10 гаруй жил ажилласан.
-Ахмад үеийн зохиолчидтой холбоотой дурсамжаасаа хуваалцахгүй юү?
-Намайг төрөхөд Ц.Гайтав гуай шүлэг зориулж бичиж байсан. Манайхаар их орж гардаг, надтай шатар нүүдэг байлаа. Халамцуу байхдаа надад хожигддог. Сүмбэн цагаан хуруутай, тэдгээр нь хойшоо их хотойдог уран гартай хүн байж.
Хожигдохоороо тэр уран хуруугаараа миний гарыг нэг их ороож ирээд л гар барьж, “Биеийн тамир мандтугай” гэдэгсэн. Хуучны улс ямар гоё сэтгэлтэй байгаа вэ дээ.
Эрдэнэ гуай Чингисийн тухай сэдэв хориотой байхад “Их хааны тухай мундаг роман бичихсэн. Яг бичиж чадахаар байна” гэж аавтай ярихыг дуулж байлаа.
-Дээхнэ үед мэргэжил өвлүүлэх нь зөв гэж үзэж байсан юм билээ. Тантай хамт Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуульд сурсан Нарангэрэл Лувсанвандан гуайн хүүхэд байсан бол Н.Энхбаярын ээж Монголын зохиолчдын эвлэлийн нарийн бичгийн дарга байсан гэдэг. Та бас аавынхаа нөлөөгөөр Орост сурсан уу, өөрийн хүчээр сургуулийн хуваарь авсан уу?
-13 настайдаа анх Сергей Довлатовын “Азтай эр” шог өгүүллэгийг орчуулсныг аав дэмжиж, “Тоншуул”-д хэвлүүлж байсан. Аравдугаар ангиа төгсөхдөө нэлээд юм орчуулсан байсан. Сургуульд явуулах томоохон шалгаруулалт явуулахад нь тэнцсэн ч мэдээжийн хэрэг МЗЭ-ээс дэмжсэн.
“Хар багаасаа зохиолчдын орчинд өссөн” гэж Түдэв, Ц.Мөнх, тухайн үеийн удирдлагууд дэмжсэнд баярлаж, ачийг нь үргэлж санаж явдаг.
-Таны оюутан ахуй нас сонирхлыг минь татаад байх юм.
-Бүхэл бүтэн таван жилийн амьдралд баяртай, гунигтай олон дурсамж бий.
-Тэгвэл гунигтайгаас нь дурсана уу?
-Владимир Германович Лидин багш мягмар гариг бүр уран бүтээлийн хичээл орж, бид зохиолоо хэлэлцдэг байлаа. Маяковскийтой хүртэл нэг ширээнд сууж явсан түүнээс оюутан бид их сүрдэнэ. 90 орчим настай, хатангир туранхай, гонзгой царай, өндөр хамартай, томоо чихтэй, тэр нь цонхны ойролцоо зогсоход гэрэлтдэгсэн.
Манай ангийн С.Пүрэв гуайд тэрбээр их сайн. Пүрэвээ гуайн хэд хэдэн өгүүллэгийг би орчуулж, оюутнууд хичээл дээр хэлэлцлээ. Багш “За, надад С.Пүрэвийн зохиолуудыг ном болгож болохоор санагдлаа. Сургуулиа төгсөхдөө Монголын тал нутгийн амьдралыг харуулсан ном гаргах юм байна. Өгүүллэгийг нь хэвлүүлэх асуудлыг анхаарна” гэж хэлэхэд нь юу сонсчихов оо гэж бодсон.
Миний орчуулгыг давхар магтаж байгаа хэрэг. “Азын цэнхэр уулс”, “Мартагдсан хавар цаг”-ийг нь гадаадын уран зохиолын “Иностранная литература” сэтгүүлд хэвлүүлсэн. Дөрөвдүгээр дамжаанд нэг өдөр хичээлдээ очтол эмэгтэй багш нар уйлчихсан, Лидин багшийн зургийг залж, дэргэд нь цагаан цэцэгс тавьжээ.
Тэрбээр зусландаа байхдаа өглөө бүр салхилдаг. Нэг удаа салхилахаар гараад цэцэг дэрлээд өнгөрсөн байж. Оршуулганд нь оролцож, гэрт нь очиход үүдэнд байсан гутлын шүүгээнээс эхлээд л хананы хоёр талаар ном өрсөн байсан.
Орой нь дотуур байранд шавь нар нь түүнийг дурсаж, будаалга хийсэн. Тэр гунигтай явдал сэтгэлд их тод үлджээ.
-Н.Энхбаяр ямар оюутан байсан бэ. Тэр үеийнхээсээ одоо хэр өөрчлөгдсөн бол?
-Миний мэдэх Энхбаяр их спортлог, алиа хошин ярианд дуртай, инээд муутай, тусч хүн. 23 дугаар сургуульд зэргэлдээ ангид байгаад Орост таван жил хамт сурч, хэсэг нэг өрөөнд сууж, МЗЭ-д бас хамт ажилласан гэхээр 15 жил бараа бараагаа харалцаж явжээ.
Маам гуайн “Хоёр хар буурын туурь”-ийг их сайн орчуулсан. Спорт мэддэг болоод ч тэр үү, буурын ноцолдооныг, борвиноос нь хазаж байгаа дүрслэлийг орос руу их сайхан илэрхийлсэн. Хамт сурч байсан Дашбалбар Энхбаяр хоёул төрийн өндөрлөгт гарсан. Тэдний тухай миний төсөөлөл болон олон нийтийн ой тойнд бий болгосон дүр төрх хоорондоо их зөрөх юм.
Дашбалбарыг нэг хэсэг фашист гэсэн. Миний л мэдэхийн тэрбээр их зөөлөн, өр нимгэн хүн. Хүмүүст ямар нэг сэтгэгдэл төрүүлсэн нь тэр хэвээрээ тогтчихдог юм уу даа. Уг нь хүнийг чулуугаар хийсэн биш санаа бодол нь өөрчлөгдөнө.
Хожим бид өөр өөрийн замаар явцгаасан. Энхбаяртай хааяа албан ёсны уулзалтын үеэр таарч мэнд мэдэлцдэг. Тэгэхээр тэр хүний хэрхэн өөрчлөгдсөнийг мэдэхгүй.
-Таны ээжийн аав Монголоос анх удаа усан онгоцны залуур барьсан гэдэг. Түүний түүхээс хуучлаач?
-Хөгшин аав Балжиннямын Чадраабал усан замын салбараас төрсөн бараг цорын ганц гавьяат тээвэрчин байх аа. 1939 онд эсэргүүний бослого гарахад эсэргүү лам нар эгчийг нь амьдаар шатаачихсан гэдэг. Цахиур буу тулгаж байгаад буудсанаас болж хөвөнтэй дээлэнд нь гал авалцсан ч гэж ярьдаг.
Улсын баатар Б.Цэнд гэж эмэгтэй байсан. Өвөө минь эсэргүү дарах нутгийн иргэдийн аравтын дарга байсан. Шарын цэргүүдтэй уулын наана, цаана орж хөөцөлдөж байлдаж л дээ. Хүмүүстэйгээ айлд мах чануулж байтал шарын цэргүүд бүсэлчихэж.
Өлссөн улс буцалж буй тогоотой шөлнөөс мах шүүрч өвөртлөөд гарцгаасан байна. Өвөө бухалны ард нуугдаж мориндоо мордоод маузераараа буудалцаж явахдаа нэвт буудуулж золтой үхчихээгүй гэдэг. Хожим эсэргүү бослогыг дарахад оролцсон тул байлдааны гавьяаны улаан тугийн одонгоор шагнуулсан.
“Сүхбаатар” онгоц Оросуудын мэдлийнх байхад галчаар очиж, тослогч, механикчаар ажиллаж байгаад ахмад нь болсон. Хүү Бат нь ажлыг нь өвлөж, 40 жил усан замд явсан даа.
-Хасбаатар гуайн аав Намын дээд сургуулийн захирал, Маршал Чойбалсангийн багш байсан гэдэг. Таны өвөө их хэлмэгдүүлэлтийн үеэр амь насаа алдсан. Өвөөгийн тань амийг Маршал аврах гэж оролдсон болов уу?
-Оросын дотоод яамнаас “том амьтан” ирж “Хуйвалдаан” ажиллагаа явуулах заавар авчирсан. Түүний 104 дугаарын ард өвөөгийн минь нэр байсан учир авралгүй л дээ. Хэрэв өмгөөлж чадах байсан бол бүгдийг нь л аврах байсан биз.
Х.Чойбалсан гуайн тухай эмгэнэлт жүжиг тавьж болмоор санагддаг. Аймшигтай юм үзсэн хүн шүү дээ. Өмнөх Төрийн тэргүүнүүдийг нь хороочихсон. Х.Чойбалсан гуай тэр үед өөр яах байсан юм бэ.
Хойноос ирээд л хэн дуртайгаа хонь нядалж буй юм шиг хороочихдог байсан үе. Гэхдээ ганц Монголд биш, нийт Орос даяар явуулсан бодлого шүү дээ.
-Улсынхаа төлөө зүтгэж байгаад нэр төртэйгөөр өөд болох, аавынхаа үүргийг гүйцэтгэж жамаараа нас эцэслэхийн аль нь үр хүүхдүүдэд илүү дээр байдаг юм бол?
-Унгарын “Тав дахь хориг” хэмээх кино бий. Фашистуудын шоронд луйварчин, биеэ үнэлэгч зэрэг олиггүй хүмүүсээс гадна зарчимч багш хоригдож байгаа тухай өгүүлдэг. Харгалзагч нь нэг коммунист хүнийг алгадчихвал суллана, эсэргүүцвэл цаазаар авна гэж тэдэнд хэлдэг.
Нөгөө адгийн шаар шиг харагдаж байгаа хүмүүсийн хэн нь ч түүнийг алгадаагүй. Яагаад гэвэл энэ нь зүгээр л нэг алгадаж байгаа хэрэг биш. Тэднийг хүнийх нь хувьд “нугалж”, боолын боол шүү гэж ойлгуулж, нухчин дарж байгаа хэрэг.
Гэтэл өнөөх зарчимтай багш коммунистыг алгадчихаад гараад явчихдаг. Гайхмаар байгаа биз. Киноны сүүлийн хэсэгт түүнийг хүүхдүүд дээрээ очиж байгааг харуулдаг. Олон хүүхэдтэй хүн байж л дээ. Энэ ярьсан кино асуултын чинь хариу болох байх.
-Та аавыгаа баярлуулж чадсан гэж боддог уу?
-Ямар ч байсан зовоогоогүй гэж бодож байна. Ээж минь 34 настайдаа, намайг 13, дүүг 10-тайд өөд болсон. Аав минь хойт эхийн гар харуулахгүй явсаар аравдугаар анги төгсөх жил гавьяат жүжигчин Н.Батцэцэгийн ээжтэй ханилсан. Тийм улс амь нэгтэй байлгүй яах вэ дээ. 1969 оноос гурван эр тэнд үзэж тараад л байлаа.
-Энэ харамсалтай явдал аавын тань уран бүтээлд нөлөөлсөн үү?
-Таван жил их гашуудсан. Дантегийн “Тэнгэрлэг туульс” хэмээх 25 мянган мөр шүлэг бүхий бүтээлийг ээжийн дурсгалд зориулж орчуулсан гэдэг. Дантегийн 25-хан насандаа өөд болсон хайрт бүсгүй Беатричетай аав ээжийг зүйрлэж байсан.
-Ээжийгээ өөд болоход мөнх бусын тухай ухаарсан уу?
-Ухаарах гэхээсээ илүү цочирдсон. Бүх юм орвонгоороо эргэж, ертөнц цөмөрч байгаа юм шиг л санагдсан. Их үрсэг хүн байж билээ. Богино настайгаа мэдсэн юм шиг Москвагийн гадаад хэлний дээд сургуулийн испани хэлний ангид сурч байхдаа Хөвсгөлд байгаа дүү бид хоёр дээр амралтаараа ирдэг байсан.
Москвагаас Эрхүү орж, Хатгалаас Ханхын төвд очиж тэндээсээ Хороо гэдэг газар руу далайн мөсөн дээгүүр чемоданаа чирээд тэшүүрээр гулгаж ирнэ. 14 хоногийн амралтаараа бидэнтэй хоёрхон хонохын тулд шүү дээ.
Тэгээд л Ханхаас Хатгал, тэндээсээ Мөрөн, Улаанбаатараар дамжиж буцна. Бид хоёрт явуулж байсан тоглоомуудыг одоо бодох нь ээ, 1960-аад оны үеийн орос хүүхдүүдийн хэрэглэж байсан бүгд байдаг. Оюутны тэтгэлгийн цөөхөн рублиэ бид хоёрт л зориулж байсныг нь бодохоор их өрөвддөг дөө.
-Та ОХУ дахь Монголын Элчин сайдын яаманд нэгдүгээр нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. Уран бүтээлч хүн дипломатын ажил хийх ямар вэ?
-Тэнд огт мэдлэггүй амьтан очоогүй л дээ. Монголын зохиолчдын эвлэлийн хороонд гадаад харилцааг нь хариуцдаг байсан болохоор тэр талын бичиг хэргийг гадарлана. Хангай сайд биднийг их чадмаг удирдаж байлаа. Сувд зөвлөх англи, орос хэлтэй, дипломатын дэг ёсыг мэддэг, их чадалтай хүн. Лүндэн гуай бас их мундаг.
Ер нь их ажлыг үүрдэг тийм хүмүүсийн нуруун дээр л улс тогтдог юм уу даа гэж бодсон. Дипломат албанд мундаг хүмүүс өчнөөн байдаг ч тэдний яаж зүтгэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй.
-Орчуулах гэхээр халгадаг бүтээл байдаг уу?
“Лир ван”-г орчуулахсан. Үүнийг орчуулахсан гэж хүсдэг зохиол олон. Даанч зав болохгүй юм. Биднийг монголоос орос руу орчуулдаг хүн бэлтгэхээр уг нь сургуульд явуулсан. Үүнийг санаж, Халх, ойрад, өвөрмонгол, халимаг монгол домог хууч яриаг нэгтгэж орос руу хөрвүүлснийг Улаан-Үдэд буриад нөхөд хэвлэсэн. Домог хууч хуучрахгүй шүү дээ. Улс ам сайтай байна лээ.
-Таныг хүмүүс их даруу гэдэг. Энэ зан гай болж байв уу, харин ч хэрэгтэй юү?
-Хүмүүс л тэгж хэлээд байдаг юм. Би уг нь даруу биш, багын л сэтгэл хөдлөл ихтэй, хөөрүү, онгироодуу. Хүмүүст нэг сэтгэгдэл үлдээд тогтчихдог гэж түрүүн хэлсэн шиг л ой тойнд нь тэгж буужээ.
Миний бүрэг ичимтгий занг л даруу гэж ойлгодог болов уу. Бүрэг гэдэг өөрөөрөө байж чадахгүй байна гэсэн үг. Тийм болохоор юунд гайтаж, оносноо хэлж мэдэхгүй юм.
-Та яагаад гар утас хэрэглэдэггүй юм бэ?
-Надад ийш тийш залгах хэрэг байдаггүй, хүмүүс ч ярих гэдэггүй. Оюутан байхдаа эхнэртэйгээ тавхан минут утсаар ярих гээд Москвагийн нэгээс нөгөө зах хүртэл явдаг байлаа. 01.00 цагт метро зогсохоос нь өмнө сууж, Төв шууданд очно.
Цагийн зөрүүнээс шалтгаалж 03.00 цаг хүртэл хүлээж байгаад хэдхэн хором ярина. 06.00 цагт метро явж эхэлтэл нь Төв шууданд сууж байгаад ургахын улаан нарнаар дотуур байр руугаа очно. Тиймээс миний хувьд утсаар ярина гэдэг хачин хуучны, эрхэм, үнэ цэнэтэй олддог боломж.
Элчин сайдын яаманд ажиллаж байхдаа хүртэл гар утас хэрэглэсэнгүй гэж зэмлүүлж байлаа. Нэг л хэвшээгүй юм.
-Багадаа дурласан охиндоо хүнээр дамжуулж захидал илгээтэл өнөөх нь урдаас нь шидчихсэн. Тэр бүсгүй хожим таны гэргий болсон гэсэн.
-Миний эхнэрийг Хорлоо гэдэг. Нэг байрных болохоор багаасаа л бараа бараагаа харалцаж өссөн. Эртний Грекийн домогт хүний хувь заяаны учгийг томж суудаг эмэгтэй байдаг тухай өгүүлдэг. Түүний томсноор эхнэртэйгээ хувь заяагаар холбогдсон байх.
-“Дөлгөөн дон” киног орчуулж авсан шагналаа номыг нь хөрвүүлсэн уран бүтээлчийн гэргийн бие тааруу байхад өгсөн гэдэг. Таны амьдралдаа хийсэн хамгийн сайн үйл юу вэ?
-Энэ тухай бодож байгаагүй юм байна. Айхтар сайн үйл бүтээгээгүй байх. Ямар ч байсан муу үйл хийхгүйг хичээдэг.
Ийн бидний ярилцлага өндөрлөв. Мэдлэгтэй хүний шийр зааж, олон сонирхолтой хариулт өгсөн ч өөрийнх нь үгүйсгэсэн, хүмүүсийн тодорхойлсноор яалт ч үгүй даруу зангаар тэрбээр “Би ч олигтой юм ярьж чадсангүй шив дээ. Эргээд ярихад сонирхолтой, баатарлагаар л амьдралаа өнгөрүүлэх хэрэгтэй байж” гэсэн.
Б.ДӨЛГӨӨН