“Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Мир” аппаратаар өнгөрсөн баасан гаригт Байгаль нуурын гүнд шумбалаа. Үнэхээр зоригтой, алхам боллоо” хэмээн ОХУ-ын хэвлэлүүд шагшин мэдээлж байна. Манай Ерөнхийлөгч 14-ний өдөр Буриадын Ерөнхийлөгч В.Наговицыны хамт Байгаль нуурын Турка боомтод хүрэлцэн очиж, далайн гүнд аялах бэлтгэл хийсэн гэнэ. “Байгаль нуурын орчимд үүлэрхэг, бороотой байсан ч шумбалт төлөвлөгөөний дагуу боллоо. Түүнд энэ аялал их таалагдсан” гэж зохион байгуулагчид мэдэгдэж байна. Шумбах багийнхан эргээс таван километр зайтай гарч, далайн гүнд 347 метрт аялсан байна. Энэ зун “Мир” аппарат 15 удаа далайн ёроолд саатсан бөгөөд энэ удаагийнх 16 дахь нь юм.
Түүнтэй хамт экспедицийн ивээн тэтгэгч “Метрополь” компанийн удирдагч М.Слипенчук шумбаж, аппаратыг экспедицийн удирдагч А.Сагалевич жолооджээ. Хөлөг онгоцноос аяллын явцыг Буриадын Ерөнхийлөгч В.Наговицын, Ц.Элбэгдоржийн гэр бүлийнхэн, Монгол, Оросын улстөрчид, эрдэмтэд хянаж, манай Ерөнхийлөгч богино долгиогоор эхнэр, хүүхэдтэйгээ холбогдож байсан гэнэ. Тэрбээр гэрийнхэндээ “Байгаль дэлхийтэйгээ нэгдэн нийлсэн мэт сэтгэгдэл төрж байна.
Үнэхээр их баяртай байна. “Байгаль нуурыг хамгаалах сан”-гийн хэвлэл мэдээллийн төлөөлөгч Инна Крылова “Энэ шумбалт шоу байгаагүй. Жинхэнэ шинжлэх ухааны ажил байлаа. Тэдний авсан гэрэл зураг, видео бичлэг эрдэм шинжилгээний ажилд ихээхэн ач тустай. Мөн Монголын Ерөнхийлөгч Байгаль далайн ёроолоос ус, хөрсний дээж авсан” гэж мэдээлсэн бол Буриадын Ерөнхийлөгч В.Наговицын “Бид түүнийг далайн ёроолд аялахыг зөвшөөрнө
гэдэгт итгэхгүй байлаа. Гэвч тэр үнэхээр зоригтой хүн юм” гэж магтсан байна.
Байгаль далайн ёроолоор аялаад ирсэн Ерөнхийлөгч сэтгүүлчдэд “Сансрын нисэгч болсон мэт санагдаж байлаа.
Байгаль далайн цэнгэг усаар бахархаж, орос нөхдийнхөө ур чадварт биширч байна. Байгаль далайн гол үндэс болох Сэлэнгэ мөрөн Монголын уулнаас эх авдаг. Бид энэ эхийг нүдний цөцгий мэт хайрлан хамгаалах болно” гэж ярьсан байна. Аяллын дараа “Метрополь” компанийн удирдагч М.Слипенчук Ц.Элбэгдоржид шумбалт хийсэн гэсэн тодорхойлолт, шумбагчийн зэрэг олгож, хүндэт медалиар шагнажээ.
Ийнхүү Монголын Ерөнхийлөгчийн Байгаль далайд хийсэн хоёр цагийн шумбалт дууссан бөгөөд тэрбээр Байгаль далайн ёроолыг харсан гадаадын анхны тэргүүн болжээ.
“Мир” аппарат- Аврах болон судалгааны зориулалттай далайн гүнд шумбах аппарат. Зургаан км гүнд шумбах хүчин чадалтай. “Титаник” зэрэг Холливудын киноны зураг авалтад оролцсон түүхт хөлөг аж.
М.СУГАРАА