Монгол залуус ухаалаг гар утасны утасгүй цэнэглэдэг уян гэр зохион бүтээсэн гэх мэдээлэл хэдхэн жилийн өмнө сонорыг мялааж байсан. Уг төхөөрөмжийг бүтээсэн залуусын нэг нь физикч Н.Дорждэрэм. Түүний байгуулалцсан “Ametros solution” компани АНУ-ын Филадельфи мужид байрлаж, шинэ бүтээгдэхүүнээ тун удахгүй Америкийн зах зээлд нийлүүлэх гэж буй бол Н.Дорждэрэм өдгөө Монгол-Германы ашигт малтмал, технологийн их сургуулийн захирлаар ажиллаж буй.
-Таныг Америкт хоёр ч гарааны компани байгуулсан гэж байсан. Энэ тухайгаа сонирхуулаач.
-2013 онд анх дөрвөн улсад амьдардаг монгол залуучууд хамтарч шинэ санаа, бүтээгдэхүүн хийж болох нь уу, үгүй юү гэж туршсан. Тэр нь гар утасны утасгүй цэнэглэдэг уян гэр. Физикийн үндсэн санаа нь шинэ зүйл биш л дээ. Сэгсрээд цэнэглэдэг гар чийдэн байдаг шүү дээ. Түүнтэй л адилхан. Физикийн энэ үзэгдлийг гар утас цэнэглэгч гэр болгон ашиглах санааг дэвшүүлсэн юм. Бүтээгдэхүүнийхээ загварыг хийж туршсан. Харин түүнийгээ үйлдвэрлэж, зах зээлд нийлүүлэхийн тулд хөрөнгө оруулалт шаардлагатай болсон. Тухайн үед кроудсорсинг (crowdsourcing) гэх нийгмийн шинэ үзэгдэл гарч ирсэн юм. Энэ нь шинэ санаагаа цахим сүлжээгээр дамжуулан олон нийтэд танилцуулж, хөрөнгө оруулалт цуглуулдаг зүйл юм.
-Хандив гэсэн үг үү?
-Хандиваас ялгаатай нь бүтээгдэхүүнээ тухайн хөрөнгө оруулсан хүнд өгдөг юм. Ихэвчлэн зах зээлд байхгүй бүтээгдэхүүнийг санал болгодог тул тухайн шинэ бүтээгдэхүүний анхны хэрэглэгч болох гэж худалдан авдаг хүн цөөнгүй бий. Бүтээгдэхүүн өгөхгүйгээр хандив хэлбэрээр авдаг хувилбар ч бий. Тэр нь ихэвчлэн нийгэмд тулгамдаад буй аливаа асуудлыг шийдвэрлэх гарцыг олсон санаа байдаг. Бүтээгдэхүүн танилцуулсан төсөл хэрэгжихэд хөрөнгө оруулагчид анхны хэрэглэгч болж тухайн төслийн үр дүн болох бүтээгдэхүүнийг өөрөө хэрэглэж, танилцдаг. Нийгмийн асуудлыг шийдвэрлэх төсөлд хандив өгсөн хүмүүс бол зөвхөн сэтгэлийн ханамж л авна гэсэн үг.
Яг ийм үйл ажиллагаа явуулдаг сайтад бүтээгдэхүүнээ байршуулсан ч шаардлагатай хөрөнгө оруулалт авч дэмжигдэж чадаагүй учир уг төслөө орхисон. Одоо эргээд харахад бид нар инженер, техникийн хүмүүс учир тэр талдаа голчлон анхаарч алдаа гаргасан шиг санагддаг юм. Бүтээгдэхүүнээ танилцуулахдаа хөрөнгө оруулалтын тодорхой хэмжээ зааж, түүнд хүрээгүй бол цугласан мөнгийг буцааж эздэд нь олгодог. Эсвэл тодорхой хэмжээ тогтоохгүй цугласан мөнгийг авах боломж ч бий л дээ. Гэхдээ цугласан мөнгөндөө нийцүүлж цөөн тоотой үйлдвэрлэвэл нэгж бүтээгдэхүүний өртөг өндөр болох тул ашиггүй болно гэсэн үг.
Уг төсөл амжилт олоогүй тул бид дараагийн санаагаа эрэлхийлж эхэлсэн. Тухайн үед би Монгол руугаа буцах хугацаа болсон учир хамтран ажиллаж байсан нөхөд маань хамгаалалтын системийн цогц шийдэл зохион бүтээж, Монголдоо хийгээд цаашдаа Америкийн зах зээлд нийлүүлэх гэж байна.
-Инкубаторыг нь Монголд хийсэн гэсэн үг үү?
-Инкубатор гэж хэлэхэд өрөөсгөл болно. Учир нь инкубатор гэдэг бол яг л нярайг бойжуулдаг, гаднын хүчин зүйлээс хамгаалдаг төхөөрөмж шиг тухайн төслийг бүхий л нөхцөл боломжоор хангаж үндэслүүлдэг. Америкт тухайн тойргийн төрийн байгууллага дэргэдээ инкубатор ажиллуулдаг. Энэ нь Орхон аймгийн Засаг даргын Тамгын газар дэргэдээ өөрийн орон нутагт хамааралтай нэг шинэ бүтээгдэхүүнийг бойжуулна гэсэн үг. Ингэхдээ манай аймагт гурван жил байрлана, зөвхөн Орхон аймгаас боловсон хүчнээ авна гэх мэт шалгуур тавьдаг. Ингэснээр аймгийнхаа хөгжилд ч нэмэр болно.
Америкт бол Цахиурын хөндийгөөс технологийн компаниуд гараагаа эхэлдэг. Зарим нь жижиг унтлагын өрөө шиг өрөө түрээсэлнэ. Тэнд байх нь мэдээллээс хоцрохгүй, цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхах боломжийг олгодог. Технологийн зах зээл гэдэг цаг үеэсээ ямагт нэг алхам түрүүлж явахыг шаарддаг салбар л даа. Урд нь гишгэхгүй юм гэхэд хоцорч болохгүй. Тэгж байж л бүтээгдэхүүн, шинэ санаа нь амжилт олно. Тиймээс тэнд технологийн компаниуд бужигнаж байхыг хараад Нью-Йоркийн удирдлагууд дэргэдээ байрлуулахаар инкубатор ажиллуулдаг.
Түүний дараа хурдасгагч, анжел (angel) хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулж, тухайн үйлдвэрлэл, үйлчилгээг зах зээлд нэвтрүүлдэг.
-Хөрөнгө оруулагчид ч бас тийм олон төрөл байдаг байх нь ээ.
-Аccelerator буюу хурдасгагч хөрөнгө оруулагчид бол шинэ санаа, бүтээгдэхүүний хөгжлийг түргэсгэх үүрэгтэй. Шинэ бүтээгдэхүүн инкубаторт хөгжсөний дараа зах зээлд гаргахын тулд бас хөрөнгө шаардагддаг. Жамаараа байвал аажмаар хөгжих компанийн хөгжлийг түргэсгэнэ. Хөрөнгө мөнгөнөөс гадна тухайн бүтээгдэхүүн шинжилгээнд ороход зуучилж тусалдаг. Үүний дараа тодорхой түвшинд хүрэхэд энжел хөрөнгө оруулагчид оролцоно. Шинэ бүтээгдэхүүн амжилт олох нь тодорхой болсон учир энэ төрлийн хөрөнгө оруулагчид ихэвчлэн бизнес эрхлэгчид байдаг. Эрсдэл ихтэй учир бизнес эрхлэгчид инкубаторын түвшинд хөрөнгө оруулах нь харьцангуй бага.
-Манай улсад шинэ санаа, бүтээгдэхүүн дэмжиж хөрөнгө оруулах хүн тэр бүр байдаггүй. Тиймдээ ч Монголын үйлдвэрлэл эсгий, ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүнээс халихгүй байх шиг санагддаг.
-Аливаа бүтээгдэхүүн, үйлчилгээг босоо хэвтээ тэнхлэг дээр зурвал шинэ санаа бол эрсдэлтэй байдаг. Харин хуучин санаа, бүтээгдэхүүн эрсдэл багатай. Манайд хөрөнгө оруулалтын бодлого, соёл үгүйлэгдэж байна л даа. Тиймээс хөрөнгө оруулагчид нөгөө эрсдэл багатай хуучин үйлдвэрлэлд л анхаарлаа хандуулдаг. Бизнес эрхлэгчид өнөөдөр 100 төгрөгийн хөрөнгө оруулсан бол маргааш 150 төгрөг болгож авна гэх хандлага их нийтлэг ажиглагддаг юм билээ.
-Тэгвэл төрөөс шинэ санааг дэмжиж хангаллтай олон инкубатор ажиллуулахгүй байгаа нь үүнд нөлөөлж байна гэсэн үг үү?
-Гэхдээ энэ нь төрийг өнөөдөр байгаа бүх компанийг инкубаторт хөгжүүлье гэсэн үг биш. Тухайн орон нутагт үр өгөөжтэй, орон нутагт тулгамдаад буй асуудлыг шийдэх санааг дэмжих хэрэгтэй л дээ. Үүнтэй холбогдуулан нэг зүйл хэлэхэд манай их сургуулиуд инкубатороор шинэ бүтээлийг хөгжүүлэх гэж хичээж байна. Шинэ санаагаа оюуны өмчөөр баталгаажуулчихаад л сургуулийнхаа шүүгээнд түгжчих юм бол тэр хэнд ч хэрэггүй болно. Гадаадын орнуудад ийм шинэ санааг үйлдвэрлэлд хөгжүүлэх судалгааны төв их сургуулийн дэргэд ажиллуулдаг. Тухайн судалгааны төвийн эрдэмтэд үйлдвэрлэл, зах зээлийн талаар мэдлэгтэй учир их сургуулийн оюутан, эрдэмтдийн судалгааны бүтээлээс сонгож үйлдвэрлэлд нэвтрүүлдэг. Түүнээсээ олсон орлогоор сан бүрдүүлж, бусад судалгаандаа зарцуулах гэх мэтээр дотоод асуудлаа ч шийдчихдэг. Тиймээс хөгжингүй орнуудад их сургуулиас гарааны компани төрөх тохиолдол түгээмэл.
-Баруунд бол хөрөнгө оруулалт ямар зарчмаар явагддаг вэ?
-10 компанид хөрөнгө оруулахад дунджаар хоёр нь л хөлөө олж хөгждөг.
-Бусад найман компанид хийсэн хөрөнгө оруулалтаа тоохооргүй их мөнгөтэй учраас уу?
-Тоохгүйдээ биш л дээ. Хөрөнгө оруулагч гэдэг эрсдэлийн тооцоологч юм. Тухайн компанид хөрөнгө оруулахын өмнө санхүүгийн нарийвчилсан судалгаа шинжилгээ хийнэ. Эрсдэлийг нь тооцоолно гэсэн үг. Түүний үндсэн дээр хөрөнгө оруулалт хийдэг учир шатах эрсдэлээ урьдаас мэдэж байгаа. Тийм ч учраас төдөн сая доллараар шатчихлаа гээд сэтгэлээр унаад явахгүй л гэсэн үг. Нөгөөтэйгүүр мөнгө олохоос гадна цаг үеэсээ хоцрохгүй гэж хөрөнгө оруулах тохиолдол ч бас бий. “Microsoft” олон нийтийн цахим сүлжээний фэйсбүүкт ихээхэн хэмжээний хөрөнгө оруулсан нь ч тийм учиртай.
-Сүүлийн арваад жилд хөрөнгөөрөө толгой цохиж буй байгууллагуудын дийлэнх нь программ хангамжийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани байна. Уул уурхайгаас илүү энэ салбартаа анхаарал хандуулбал бидэнд нөөц боломж их байх шиг санагддаг. Та ямар бодолтой явдаг вэ?
-Ашигт малтмалаа ухаж байна. Энэ нь хэрэгтэй юү гэвэл хэрэгтэй. Харин эндээс олсон баялгаараа мөнхөд амьдрахгүй гэдгээ монголчууд бүгд ойлгож байгаа. Эдийн засгийн хямрал нүүрлэхэд биднийг гадаадынхан шоолж, “Монголчууд уул уурхайгаас олсон хөрөнгөө хүн бүрт тарааж, байнга ийм байх юм шиг санаж эцэстээ эдийн засгийн хямралд орлоо” гээд л бараг үлгэр шиг нийтлэлүүд бичсэн. Гэтэл нөгөө талд Норвеги байгалийн баялгаа ашиглаж, үйлдвэрлэгч орон боллоо. Үүний адил бид эл баялгаа цаашдаа ямар салбарт түшиглэн улсаа хөгжүүлэх вэ хэмээн чиг хандлагаа тодорхойлж, түүндээ хөрөнгө оруулалт хийх нь зүйтэй.
Би саяхан Япон, Монголын бизнес түншлэлийн уулзалтад суулаа. Гэтэл тэнд ирсэн япончууд “Энэ бүтээгдэхүүн чинь уурхайтай газрынх уу” гэж асууж байх юм. Өмнө нь монгол бүтээгдэхүүнийг органик хэмээн худалдан авах сонирхол япончуудад их байсан. Нэг ёсондоо эко бүтээгдэхүүн гэдэг нь Монголын имиж болоод байсан юм. Гэтэл уул уурхай энэ имижийг алдагдуулж байгаа нь тус уулзалтын үеэр харагдсан.
Программ хангамжийн салбарын хувьд өдгөө дэлхийн томоохон гүрнүүд бүгд эл салбарт л гол анхаарлаа хандуулж, хөгжүүлж байна. Нэг жишээ хэлэхэд 2010 онд байгуулагдсан Финляндын “Supercell” гэдэг компани гурван жилийн дотор хөл дээрээ бүрэн зогслоо. Тус компанийн гаргасан “Clash of clans” тоглоом нь “Appstore”-ийн хамгийн их ашиг орлоготой тоглоом болж, "Софтбанк" тус компанийг 5.5 тэрбум доллараар үнэлж, 1.5 сая ам.доллараар хувьцааг нь худалдаж авсан.
-Монголчуудад Шведийн компани шиг амжилтад хүрч, хөгжихөд юу дутагдаж байна вэ?
-Нэгдүгээрт, багаар ажиллах чадвар. Шинэ санаагаа хэрэгжүүлэх гээд өөрөө л зүтгээд байдаг. Бусадтай хамтарч ажиллах дургүй. Харамсалтай нь ганцаараа зүтгэхэд төдийлэн амжилтад хүрдэггүй. Хоёрдугаарт хэлний мэдлэг. Хэлний мэдлэггүй байвал бүтээгдэхүүнээ танилцуулж чадахгүйд хүрнэ.
О.УНДАРМАА