Төв аймаг дахь Цагдан хорих байранд зөвшөөрөлгүй зочилж, “Нүүрс” хөтөлбөрөөс мөнгө завшсан хэрэгт сэжиглэгдэж буй Л.Гансүхтэй уулзсан Ерөнхий сайд, Хууль зүйн сайд нарын дуулиан хүрээгээ тэлж байна. “Зөвхөн энэ үйлдлээр нь Ерөнхий сайдыг Эрүүгийн хууль зөрчин, албан тушаалын байдлаа ашиглаж, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүн таслах ажиллагаанд саад учруулсан гэж буруутгах үндэслэлтэй” хэмээн АТГ-ынхан үзсэн. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт ШШГЕГ-ын дарга С.Баяндалай тушаал гарган, Төв аймгийн Урьдчилан хорих байрны дэд дарга, хошууч Т.Ганбаатарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөв.
Тус газрын удирдлага түүнийг “Цагдан хорих байранд Ерөнхий сайд болон Хууль зүйн сайд ирэх гэж байгаа тухай мэдээллийг задруулсан” гэж буруутгасан талаар эх сурвалжууд мэдээлж байгаа юм. Харин Л.Гансүхийн өмгөөлөгч Ц.Баасандорж энэ сарын 8-нд Нийслэлийн прокурорын газар, ШШГЕГ болон Хүний эрхийн үндэсний комисс, АТГ-т хандан “Төв аймаг дахь Цагдан хорих байрныхан АТГ-аас үүрэг өгсөн гэх шалтгаанаар үйчлүүлэгчтэй нь уулзуулахгүй байна. Энэ нь Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулийг зөрчиж байна” хэмээн гомдол гаргажээ.
Ерөнхий сайдын ахлах зөвлөхийг яагаад өмгөөлөгчтэй нь уулзуулахгүй байгааг тодруулахаар АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Амарбаттай холбогдоход “Одоогоор мэдээлэл өгөх боломжгүй” хэмээн хариулав.
Д.ОТГОО