Иргэний нисэхийн ерөнхий газрын даргаар ажиллаж байсан С.Батмөнх, тус газрын Санхүү, эдийн засгийн ерөнхий менежер асан Г.Наранцэцэг, Агаарын тээврийн бодлого зохицуулалтын ерөнхий менежер, газрын дарга асан Д.Эрдэнэбат нарыг эд хөрөнгө завшсан, эрх мэдлээ урвуулан ашигласан, мөнгө угаасан гэсэн үндэслэлээр АТГ-аас нэлээд удаан хугацааны турш шалгасан билээ. Тэдэнд холбогдох мөнгө угаасан хэргийг өнгөрсөн тавдугаар сарын 26-нд Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны II шүүхэд шилжүүлсэн талаараа прокурорын байгууллагынхан хэвлэлийнхэнд мэдээлж байсан юм. Хэргийн холбогдогч нар ИНЕГ-ын харьяа “Чингис хаан” олон улсын буудлын инженер, техникийн ажилтнуудын хийх боломжтой ажлын хөрөнгийг завшихын тулд “Электрон системс” ХХК-ийг тендерт хууль бусаар шалгаруулжээ. Улмаар тус компанийн дансанд нэг тэрбум гаруй төгрөг шилжүүлж, улсад хохирол учруулсан байна.
Мөн “Медиа саммит лимитед” компанийн Хонконг дахь HSBS банк дахь харилцах дансанд 150 мянган ам.доллар шилжүүлж, “Электрон системс” ХХК-ийн “Голомт” банкин дахь дансаар 144.960 мянган ам.долларыг буцаан авч мөнгө угаасан аж. Түүнчлэн “Трэшур космо лимитед” компанийн Хонконг дахь HSBS банкин дахь харилцах дансанд 155 мянган ам.доллар шилжүүлж, 153 мянга, 202 мянга, 39.968 ам.долларыг тус тус Ц.Батнасан гэх хүний Худалдаа хөгжлийн банкны дансаар дамжуулан М.Батболд авч мөнгө угаасан нь мөрдөн байцаалтаар тогтоогдсон юм.
Уг хэргийг Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны II шүүх өчигдөр хэлэлцэхээр товлосон байсан ч энэ сарын 18-ны 09.00 цаг хүртэл хойшлууллаа. Учир нь шүүх хуралд зайлшгүй оролцох шаардлагатай гэрч, хохирогч, ИНЕГ-аас томилогдсон иргэний нэхэмжлэгч нар ээлжийн амралттай гэсэн шалтгаанаар шүүх хуралд ирэх боломжгүй болжээ.