Амралт зугаалга, найр наадмын улирал үргэлжилж буй энэ үед орон нутгийн замд гардаг осол аваар буурахгүй байгаа нь жолооч нар хурд хэтрүүлэх, Замын хөдөлгөөний дүрэм байнга зөрчдөгтэй холбоотой. Тиймээс Нийслэлийн Замын цагдаагийн газраас энэ сарын турш орон нутгийн замд хяналт шалгалт хийх гэнэ. Энэ талаар тус газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Л.Амаржаргалаас тодрууллаа.
-Хөдөө орон нутгийн замд зам тээврийн осол хэргийн гаралт нэмэгдэж хүний амь нас эрүүл мэнд хохирох явдал буурахгүй байгаа. Тиймээс амралт зугаалга, аймаг болон сумдын олон ой тохиож, хөдөө орон нутгийг зорих иргэдийн хөл хөдөлгөөн нэмэгдсэнтэй холбоотойгоор НЗЦГ-ын Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах болон Урьдчилан сэргийлэх хэлтсийн ажилтнууд хамтран энэ сарын турш 24 цагийн эргүүл гаргасан.
Удахгүй хичээлийн шинэ жил эхэлнэ. Орон нутгаас нийслэлийг чиглэсэн замын хөдөлг өөн ихэсдэгтэй холбоотойгоор зам тээврийн ослын тоо нэмэгдэх хандлагатай байдаг. Иймд жолооч нар өөрсдийн болон бусдын амь нас, эрүүл мэндийг хариуцаж яваа хүний хувьд тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг сайтар хангах, хүн ба ачаа тээвэрлэх журам зөрчихгүй байх, зорчигчдодоо хамгаалах бүсийг хэрэглэж хэвшүүлэх, бага насны хүүхдийг тээвэрлэхдээ зориулалтын суудал, хамгаалах бүсийг нь зүүлгэж явах, урсгал сөрөхгүй, хурд хэтрүүлэхгүй байх талаар онцгой анхаарах хэрэгтэй.
-Орон нутгийн замд ямар зөрчил дутагдал их байна вэ?
-Бид Төв аймгийн Лүн, Баянчандмань, Баянцогт, Эрдэнэ сумын нутагт хотоос баруун, хойд, зүүн, урд чиглэлийн авто замд эргүүл гаргасан. Шалгалтаар хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээнд явж буй болон хөдөлгөөнд оролцогч бусад тээврийн хэрэгслийн жолооч нар хурд хэтрүүлэх, урсгал сөрөх, үргэлжилсэн шугам давах, бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцох, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, хамгаалах бүс хэрэглэдэггүй зэрэг зөрчил их гаргаж байна. Бид тэдэнд Захиргааны хариуцлагын тухай хуульд заасны дагуу газар дээр нь хариуцлага тооцсон.
-Хот хоорондын зорчигч тээврийн автобусууд хурд хэтрүүлдэг тухай иргэд байнга гомдоллодог.
-Баруун аймгийн чиглэлд явж буй хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээний жолооч нар хурд хэтрүүлэх, тогтоосон тооноос илүү зорчигч тээвэрлэх, үнэмлэхгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодох, ээлжийн жолоочгүй явах зэрэг зөрчил гаргасан нь илэрсэн. Тухайлбал, Завханаас Улаанбаатар руу явж байсан 85-16 ЗАА дугаарын хот хоорондын зорчигч тээврийн автобус, Говь-Алтай аймгаас Улаанбаатар хот руу явж байсан 03-51 ГАА дугаартай автобусны жолооч нар 40 гаруй хүн тээвэрлэсэн атлаа хурд хэтрүүлж явсан. Мөн нийслэлээс Архангай амаг руу явж байсан 96-09 АРХ дугаартай зорчигч тээврийн автобусны жолооч мэргэшсэн жолооны үнэмлэхгүй, ээлжийн жолоочгүй, 68-20 ЗАА, 84-85 БНХ, 51-77 ХОА, 15-80 ГАҮ дугаарын хот хоорондын зорчигч тээврийн автобус ээлжийн жолоочгүй замын хөдөлгөөнд оролцож явсныг саатуулан Улаанбаатар хот руу буцаасан. Түүнээс гадна 90-09 ХОА, 99-00 ХОҮ дугаарын автобусны жолооч нар хүн ба ачаа тээвэрлэх журам зөрчиж, замын хуудсанд нэр бичигдээгүй зорчигч тээвэрлэсэн зөрчил илэрсэн.
-Зам тээврийн осол гаргачихаад хэргийн газраас зугтах тохиолдол их гардаг. Хамгийн сүүлд гэхэд “Их засаг” их сургуулийн урд замд хүний амь нас хохироосон этгээд зугтсан гэв үү?
-Энэ оны долдугаар сарын 31-нээс наймдугаар сарын 1-нд шилжих шөнө Баянз үрх дүүргийн V хорооны нутаг, “Их засаг” их сургуулийн зүүн талын “Драгон” автосервисийн хойд талд явган зорчигч Р-ыг дайрч амь насыг нь хохироосон хэрэг гарсан. Энэ ослыг харсан хүн 93042625, 99187604, 93021124 дугаар утсаар мэдээлэл өгөхийг хүсэж байна. Үнэн зөв, ач холбогдолтой мэдээллийг худалдан авч, нууцыг чандлан хадгална.
Энэ дашрамд хэлэхэд зам тээврийн осол хэрэг санамсаргүй үйлдэгддэг. Гэтэл жолооч нар баригдахгүй гэж бодож хэргийн газраас зугтдаг нь хүндрүүлэх нөхцөл байдал болдог. Магадгүй явган зорчигчийн буруутай үйлдлээс болж осол гарсан бол хариуцлагаас чөлөөлөгдөнө шүү дээ. Гэтэл зарим жолооч хүн чанаргүй, жудаггүй зан гаргаж осол, хэргийн газрыг орхиж зугтах явдал гарсаар байна.
Г.ЦОЛМОН