Булган аймгийн Хялганат тосгонд байрлах Зэвсэгт хүчний гүүр, гатлалтын 234 дүгээр ангийн ахлагч Г энэ сарын 1-нд Эгийн голд унаж, осолдсон талаарх мэдээллийг өчигдөр бид авлаа. Тус ангийн зэвсэглэлд байдаг “ПТС-2” маркийн угсардаг, хөвөгч гүүрийг дээрх голд тавих явцад ийм золгүй явдал болжээ. Бидэнд олдсон мэдээллээр усанд осолдсон ахлагч Г нь энхийг сахиулах ажиллагаанд оролцож байсан, туршлагатай, сайн ажилтан юм байна. Түүний цогцсыг уснаас гаргаж аваад байгаа аж. Үүнээс гадна энгийн нэг иргэн энэ үеэр мөн усанд унаж, одоо болтол (өчигдрийн 17.00 цагийн байдлаар) олдоогүй байгаа гэнэ. Энэ хүний талаарх мэдээлэл тодорхой бус байгаа юм.
Зарим эх сурвалжийн өгүүлснээр тэрбээр дээрх голд усан цахилгаан станц байгуулахаар хайгуул, судалгаа хийж буй “Эгийн гол” төслийн ажилчин байж магадгүй аж. Тус ангийнхан ЗХЖШ-ын зөвшөөрлөөр Хялганат тосгоноос баруун хойш 45 км-т Эгийн голд байлдааны зориулалттай гүүрээ угсарч, өрмийн машиныг гатлуулах даалгавартай байжээ. Энэ өрмийг дээрх төслийн ажилд ашиглахаар авч явсан гэх.
Осол юунаас болсон талаар нэгэн эх сурвалж “Хөвөгч гүүрийг усанд тавьж байх үед голын урсгал гэнэт ширүүсч хөмөрснөөс осол болж, дээрх хоёр хүн унасан” гэж ярьснаас өөр тодорхой мэдээлэл алга. Болсон явдлыг шалгахаар ЗХЖШ-аас Ажлын хэсэг томилон өчигдөр хэргийн газар руу явуулсан байна. Дээрх мэдээллийг тодруулах явцад бид бас нэгэн ноцтой зүйл олж мэдлээ. Эгийн голын усан цахилгаан станц байгуулах газрын орчим археологи, палеонтологийн судалгаа хийж буй гэнэ. Энэ ажилд оролцож явсан нэг оюутан сар шахмын өмнө Эгийн голд живж, одоо болтол олоогүй байгаа гэнэ.
Г.ГАЛТ