Хэдийгээр өмнө нь ял шийтгэл эдэлж байсан боловч гарч ирээд хэн нэгэнд хар, буруу зүйл хийхгүй амьдарч яваа хүн олон. Тийм хүмүүсийг “Чи өмнө нь ял эдэлж байсан” гээд цагдаагийнхан хууль бусаар баривчилж, цагдан хорьсон тохиолдол гарчээ. Далантайн Төрбадрах, Галбадрах, Даваацэрэн, Өлзийбадрах гэх ах дүү дөрвийг гэмт хэрэгт сэжиглэн ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулжээ. Д.Төрбадрах, Д.Галбадрах нар саяхан батлан даалтад гарсан аж. Тэдэнтэй болсон асуудлын талаар ярилцлаа.
-Нэг айлын 4-5 хүүхэд хамт хоригдож байсан тохиолдол Монголын түүхэнд ховор байх. Та нарыг ямар хэрэгт буруутган, хэдийд цагдан хорьсон юм бэ?
Д.Төрбадрах: -2013 оны есдүгээр сарын 11-нд хүнд өвчтэй ээжийгээ “Улаанбаатар Сонгдо” эмнэлэгт сахиж байтал 16.00 цагийн үед цагдаагийнхан ирээд биднийг баривчилсан. Дээрэм, бусдыг хүчирхийлсэн хэрэгт сэжиглэж цагдан хорьсон.
-Сэжиглэх үндэслэл байсан болоод та нарыг баривчилсан байлгүй дээ.
-Биднийг өмнө нь ял эдэлж байсан гээд эзэн холбогдогч нь тодорхойгүй хэрэгт саатуулсан. НЦГ-ын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн төлөөлөгч Мэндбаяраар ахлуулсан 7-8 хүн ирж, биднийг баривчлан өмссөн хувцсаар минь толгой боогоод гутлын үдээсээр гар хүлэн авч явж, НЦГ-т байлгаж байгаад Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэст хүргэсэн. Ингээд “Ээжийн чинь бие муу байгаа юм чинь мөнгө өгье. Энэ хэргийг хүлээчих. Тэгвэл ээжтэй чинь уулзуулна” гэж цагдаагийнхан хэлээд тэнд хонуулсан.
Д.Галбадрах: -Ээж минь хүнд өвчтэй, сахих хүн байхгүй байсан. Тэгэхэд нь би Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтсийн цонхоор ээж рүүгээ явах гэж үсрээд унаж хөлөө хугалсан. Би тэр үед оргох санаа зорилго агуулаагүй. Харин ард үлдсэн өвчтэй ээж рүүгээ яарсандаа ийм алхам хийсэн. Энэ үед цагдаа нар гарч ирж зодсон. Гэтэл нэг цагдаа нь надад зодуулж гэмтсэн болж Эрүүгийн хуулийн 230 дугаар зүйлд заасан “Төрийн төлөөлөгчийг эсэргүүцсэн” гэсэн үндэслэлээр сэжигтнээр тооцсон. ГССҮТ-д намайг хүргэж хөлийг минь гипсдүүлээд буцааж авч явахдаа цагдаа нар “Чи ч одоо өнгөрсөн. Чиний эсрэг бид мэдүүлэг өгөх болно. Цагдааг чулуугаар цохиж гэмтээн, амь насанд нь халдахыг завдсан гэж мэдүүлнэ” гэж байсан. Цонхоор үсрээд хөлөө хугалсан надад чулуу барьж хүн цохих тэнхэл яаж байх вэ дээ.
-Тэгээд танд чулуугаар цохиулсан гээд байгаа цагдаагийн амь нас хохирсон юм уу. Яагаад хүн амины хэрэгт таныг холбогдуулах болов?
-Надад цохиулсан гэх цагдаад хөнгөн гэмтэл учирсан гэсэн. Одоо ч ажлаа хийж яваа. Гэтэл яагаад намайг хүн амины хэрэгт холбогдуулж, Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 2.17 дахь хэсэгт зааснаар “албаны үйл ажиллагаа буюу олон нийтийн үүргээ биелүүлж байгаатай нь холбогдуулан хүнийг өөрийг нь буюу түүний ойрын төрөл, садангийн хүнийг алсан” гэж сэжигтнээр татах болсныг одоо болтол ойлгохгүй байгаа юм. Прокурор, цагдаагийн байгууллагын ажилтнууд хууль бусаар, үндэслэлг үйгээр биднийг ах дүүсээр минь хилс хэрэгт холбогдуулж байгаад үнэхээр гомдолтой байна.
-Бусдыг хүчирхийлсэн, дээрэмдсэн гэх хэргийг яаж шийдээд хүн амины хэрэгт холбогдуулчихаа вэ?
-Бид дөрвөөс цус авч шинжлүүлсэн. Хоёр ч удаа цус авсан. Эхний авсан цус нь хаачсан юм бүү мэд. Магадгүй ямар нэгэн гэмт хэргийн газрын ойролцоо бидний цусыг асгаад дахин гэмт хэрэгт холбогдуулахыг ч үгүйсгэхгүй. Хуулиар бол шинжээч эмч томилогдож, эмнэлгийн байгууллага дээр очиж цусны шинжилгээ өгөх ёстой. Гэтэл мөрдөн байцаагч Мөнхбат Цагдан хорих ангид биднээс цус аваад цүнхэндээ хийгээд явсан. Цусны хоёр дахь шинжилгээгээр биднийг гэмт хэрэг үйлдээгүй гэдгийг баталсан. Ингэж бид хилс хэрэгт хоригдож байх хооронд ээж минь тэнгэрт хальсан. Уг нь эмч нар ээжийг минь сайн эмчилж босгосон юм. Тэгээд биднийг баригдсаны маргааш нь эмнэлгээс гаргасан. Гэвч цагдаагийн байгууллага ээжийг минь сэтгэл санааны дарамтад оруулснаас нас барсан гэж бид үзэж байгаа.
-Та нарыг хорьсноос болоод сэтгэл санааны дарамтад орж нас барсан гэж үү?
-Тийм ээ. Бид сайн эмч нарын буянаар ээжийгээ хөл дээр нь босгосон. Гэтэл биднийг саатуулснаас 2-3 хоногийн дараа Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтсийн ажилтнууд гэрт очиж нэгжлэг хийх үед ээж биднийг хоригдсоныг мэдээд цочролд орж, сэтгэлээр унан нас барсан юм билээ. Цагдаагийн байгууллагынхан хуулийг гууль болгож байгааг бидэнд тохиолдсон энэ хэргээс харж болно.
-Та нар өмнө нь ямар хэрэгт шийтгүүлж байсан юм бэ?
-Бид тус тусдаа хулгайн хэрэгт холбогдож байсан нь үнэн. Гэхдээ хилс хэрэг хүлээлгэхийн тулд янз бүрийн арга ажиллагаа цагдаа прокурорынхон явуулж байна. Цагдан хорих төвийн Шалган нэвтрүүлэх байрны хоёрдугаар давхарт байцаалтын өрөө гэж байдаг. Тэнд хар зах дээр байгаа юм шиг л байдаг. Хэрэг наймаалах гэдгийг тэнд хийж байна. Эрүүгийн төлөөлөгч нар ганц хоёр хэрэг авчихаач, мөнгө өгье, чи хүнд зүйл заалттай хэрэгт холбогдсон биз дээ гэдэг. Надад гэхэд “Хулгайн гурван үйлдэл хүлээчих. Нэг нь алтан аяга хулгайлсан хэрэг байгаа. Үүнийг шингээгээд ял шийтгүүлчихээч” гэсэн санал ирж байсан. Би “тийм хэрэг үйлдээгүй, хэрэг авахгүй” гэхэд “За чамайг чангална аа” гэж хэлдэг байсан. Хилс хэрэгт хоригдсон хүн юу гэж хүний өмнөөс хэрэг хүлээх вэ дээ.
-Хилс хэрэгт холбогдуулсныг эсэргүүцэж ХЭҮК болон бусад байгууллагад хандаж, тэмцэж байв уу?
-Бид хэд хэдэн удаа өлсгөлөн зарлаж, тэмцлийн хурц хэлбэрт шилжсэний дүнд батлан даалтад гарсан. Хэргийг маань эцэслэн шийдээгүй, нэг ах маань хоригдсон хэвээрээ байгаа. ХЭҮК-т ч хандсан. Биднийг хэвлэлд хандлаа гээд дахин цагдан хорьж магадгүй. Тэгвэл бид дахиад л өлсгөлөн зарлаж тэмцлээ үргэлжлүүлэх болно. Учир нь бид хилсээр хоригдсон, одоо хууль хяналтын байгууллагынхны дуудсан үед ирж байгаа, оргож зугтаагүй. Тийм болохоор дахин хорихгүй байх гэдэгт найдаж байна. Гэхдээ энэ хилс хэргийг цагаатгах хүртэл бид шантрахгүй тэмцэнэ.
Г.РАВЖАА