Сүхбаатар аймгаас Улаанбаатар хот руу явж байсан “Дайчин сүх” компанийн орон нутгийн нийтийн тээврийн автобус Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт онхолдож, зургаан хүн нас баран, олон хүн гэмтсэн хэрэг зургадугаар сарын 21-ний өглөө гарсан билээ. Уг автобусыг тухайн үед ээлжийн жолооч С.Болдбаатар жолоодож явсан юм. Түүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй. Энэ хэрэгт Налайх дүүргийн буюу Дүүргийн IV тойргийн прокурорын газар хяналт тавьж байсан ч УЕПГаас тогтоосон харьяаллын дагуу Тээврийн прокурорын газарт шилж үүлсэн гэнэ. Жолооч зүүрмэглэснээс ийм хэрэг гарсан гэж урьдчилсан байдлаар дүгнэж буй сурагтай.
Сэжигтнээр саатуулагдсан С.Болдбаатар “Дайчин сүх” компанид ээлжийн жолоочоор ажилд орохоосоо өмнө “Тэнүүн огоо” ХХК-д автобус жолооддог байжээ. Тэрбээр тус компанид 2008 оноос хойш ажиллаж байсан аж. Тус компаниас гарах болсон шалтгаан нь зам тээврийн осол хэрэгт холбогдож, хүний биед гэмтэл учруулснаас болсон гэнэ. Тэрбээр 2014 оны гуравдугаар сарын 8-нд “Тэнүүн огоо” компанийн 45-49 УНБ улсын дугаартай автобусаар үйлчилгээнд явж байхдаа өндөр настай эмэгтэй С-ыг автобусны хаалганы дэргэд унагаж гэмтээсэн хэрэгт холбогдсон байна. Тухайн үед С.Болдбаатар автобусныхаа хаалгыг хаалгүй аажуухан явж байсан аж. Энэ үед хохирогч С буух гэж байгаад чирэгдэн унаж гараа хугалжээ.
С.Болдбаатар Замын хөдөлгөөний дүрмийн 21 дүгээр зүйлд заасан “Жолооч тээврийн хэрэгслээ гүйцэд зогсоосны дараа зорчигчийг буулгах буюу суулгах, хаалгаа гүйцэд хаасны дараа хөдөлгөөнөө эхлэх үүрэгтэй” гэсэн заалтыг зөрчиж хүний биед гэмтэл учруулсан нь шүүхээр тогтоогдож, Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны I шүүхээс бусдад учруулсан хохирлоо төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан жолоо барих эрхийг нь хасахгүйгээр 960 мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн байна. Хэрэв жолоо барих эрхийг нь хассан бол зургаан хүний амь насанд хүрсэн осол гарахгүй байсан ч юм бил үү.
Г.РАВЖАА