Зэвсэгт хүчний 016 дугаар ангид бүртгэлтэй “Т-72” маркийн танк Говьсүмбэр аймгийн нутагт онхолдож, Ж гэх ахлагч нас барсан ч ЗХЖШ-аас энэ хэрэгт буруутай албан тушаалтанд ямар нэгэн хариуцлага ч тооцоогүй, хэвлэлийнхэнд ч тайлбар хийгээгүй байгаа.
Эх сурвалжийн мэдээлснээр тус ангиас Дорнод болон Өмнөговь аймаг дахь Зэвсэгт хүчний ангиуд руу танк хуваарилж, хүргэж өгөхөөр болсон байж. Гэвч хуваарилагдсан танкуудын нэгнийх нь конс буюу хүчлүүрийн гэмтлийг нь засаад удаагүй байсан аж. Танкчин зассан зүйлээ шалгаж үзэхээр нисэх зурвас дээгүүр хурдтай давхиж, зурвасын төгсгөлд огцом эргэснээс болж онхолдсон гэнэ. Танкны цамхаг дээр гурван хүн сууж явснаас талийгаач Ж их бууных нь дээр байсан гэж эх сурвалж мэдээлэв. Танкуудыг дээрх ангиуд руу хүргэж өгөх бүрэлдэхүүнийг ЗХЖШ-аас баталж, ахлагчаар нь ЗХЖШ-ын хэлтсийн дарга, хурандаа Ганхүү явах ёстой байсан ч тухайн өдрөө очоогүй гэнэ. Тэр хооронд цэргүүд нь дураараа дургисан бололтой. Дээрх бүрэлдэхүүнд талийгаач Ж байгаагүй бөгөөд тухайн өдөр яагаад тэнд очсон нь ч тодорхойгүй байгаа юм.
“Т-72” маркийн 50 танкийг 2010 онд ОХУ-аас Зэвсэг техник нийлүүлэх гэрээний дагуу тусламжаар авснаас энэ танк нь харьцангуй сүүлийн үеийн техник аж. Уг танкны нэг бүрийн үнэлгээ нь 1.4 сая ам.доллар юм байна. Хэдийгээр танк онхолдож хүний амь эрсэдсэн ч хэрэг явдлын дараа осолдсон техникийг хоёр танкаар татаж босгоод асаахад хэвийн байсан гэнэ. Харин ослын улмаас их бууны гол төмөр гулзайсан байж болзошгүй аж. Тиймээс ОХУ-аас мэргэжилтнүүд авчирч шалгуулахаар төлөвлөсөн сурагтай.
Г.РАВЖАА