Сүхбаатар аймгаас Улаанбаатар хот руу явж байсан хот хоорондын зорчигч тээврийн “Дайчин сүх” компанийн 0522 СҮА улсын дугаартай автобус осолдсон хэрэг өнгөрсөн бямба гаригт гарсан. Ослын улмаас зургаан хүн амиа алдаж, 20 гаруй хүн гэмтэн, Гэмтэл, согог судлалын үндэсний төвд эмчлүүлж буй.
Ослын шалтгааныг тогтоохоор Зам, тээврийн яам, Авто тээврийн үндэсний төв зэрэг байгууллагын төлөөлөл оролцуулсан Ажлын хэсэг гаргасан. Ажлын хэсгийнхэн эхний ээлжинд хохирогчдын даатгалыг шийдэхээр болжээ.
Тус чиглэлд зорчиж буй иргэдийн амь насыг даатгадаг “Тэнгэр даатгал” компани бүх хохирогчдын хохирлыг барагдуулах, даатгуулаагүй иргэдэд ч туслах аж. Нас барсан зургаан хүний дөрөв нь, гэмтсэн хүмүүсийн тал нь даатгалтай байжээ. Одоогоор ослын шалтгааныг тогтоогоогүй байгаа ч Монголын хот хоорондын тээвэр эрхлэгчдийн холбооныхон “Төр, засгийн буруутай үйлдлээс болж, ийм ноцтой осол гарлаа. Гэхдээ төрийн байгууллага аж ахуйн нэгжид бурууг нь үүрүүлэхээр зэхэж байна” гэж үзэж буйгаа мэдэгдлээ.
Тус холбооны тэргүүн Т.Хүрэлхүүтэй ярилцлаа.
-Осол юунаас болов, ямар учир шалтгаан байна гэж та үзэж байна вэ?
-Ослын шалтгааныг тогтоох Ажлын хэсэгт төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодын төлөөллийг оролцуулах ёстой байсан ч дан төрийн байгууллагын ажилтнууд багтсан. Энэ хүмүүс яам, Авто тээврийн үндэсний төвийг буруугүй болгож, цэвэр үлдээгээд, хариуцлагыг нь жолооч, аж ахуйн нэгжид үүрүүлнэ. Ингээд жолооч нь өр төлбөрт унаж, компани нь хот хоорондын тээвэрт явах эрхээ алдаад үлддэг. Энэ ослоос болж, ийм асуудал битгий гараасай гэсэндээ бид байр сууриа илэрхийлэхэд хүрлээ. Ажлын хэсэг юу хийж байгааг мэдэхгүй. Даатгалын компани 3.8 сая төгрөгийн хохирол барагдуулж байна гэсэн. Энэ мөнгө зургаан хүний амь, 20 гаруй хүний гэмтлийн дэргэд юу ч биш. Даатгалын хуулиар бол эрсдэл бүрт 10 сая төгрөгийн нөхөн төлбөр олгох ёстой юм.
Ослын шалтгааны хувьд бол орон нутгийн зам муудаж, стандартын шаардлага хангахаа больсон. Ийм замаар ямар ч автобус хэдхэн сар яваад эвдэрдэг. Манайд ашиглаж буй Солонгосын автобус засмал замаар, тоос шороогүй явах ёстой байтал зам нь тийм биш. Энэ бүхэн осол гарахад нөлөөлнө. 2010 онд холбоо байгуулснаас хойш авто тээврийн салбар дахь энэ мэтийн асуудлыг шийдүүлэхээр холбогдох байгууллагуудад нь 30 гаруй албан бичиг өгсөн ч тодорхой шийдэлд хүрээгүй. Төрөөс тээвэрчдийг харж үзэхгүй, хэтэрхий дарамт үзүүлснээс болж, осол гарч байна. Онцгой анхаарал тавихгүй бол ар араасаа ийм явдал гарахад бэлэн болчихсон шүү. Энэ бол том дохио.
-Хэчнээн компани хот хоорондын тээвэрт явж байна вэ?
-Өдгөө 46 компани 68 чиглэлд жилд 55.000 эргэлтээр 2.1 сая хүнийг тээвэрлэдэг. 1000 орчим тээврийн хэрэгсэл байдгаас 570 нь том, дунд оврын, 320 нь бага оврын автобус, 150 нь такси. Манай аж ахуйн нэгжүүд хөрөнгөөрөө шинэ автобус авах чадалгүй тул автобусных нь 96 хувь нь наймаас дээш жил ашигласан, хуучин. Шинэ автобус БНСУ-д 80-120 мянган ам.долларын үнэтэй. Түүнийг нь авахын оронд тухайн улсад ашиглаад 8-10 жил болж, стандартын шаардлага хангахаа больсныг нь хямд авч байна. Тиймээс төр, засгаас хотын тээвэрт 400 автобус өгсөн шигээ, хот хоорондын тээвэрт том оврын 200 автобусыг тээвэрчдэд таван жилийн хугацаанд хөнгөлөлттэй зээлээр өгөөч гэсэн хүсэлт тавьж буй. Энэ их эрсдэлтэй салбар. Авто тээврийн үндэсний төв аж ахуйн нэгжийн орлогоос найман хувийн шимтгэл авсаар олон жил боллоо. 2013 онд хот хооронд зорчигч тээвэрлэдэг компаниуд 2.7 тэрбум төгрөгийг Авто тээврийн үндэсний төв, аймгуудын Авто тээврийн газарт төвлөрүүлсэн. 2014 оны эхний таван сарын байдлаар 1.2 тэрбум төгрөг авчихаад байна. Тухайн аж ахуйн нэгжийн цэвэр орлогын 70-80 хувийг авчихдаг гэсэн үг. Тэгэхээр тухайн компанийн ажилчид хэрхэн амьдрах вэ, зээлээр авсан автобусныхаа үнийг яаж төлөх вэ. Ийм нөхцөлд байдаг учир хөгжиж чадахгүй өдий хүрлээ.
-“Дайчин сүх” компани хэчнээн автобустай юм бол?
-Энэ компани хот хооронд иргэдийг тээвэрлээд 3-4 жил болсон. 3-4 автобустай. Эдийн засгийн чадваргүй, 200 сая орчим төгрөгийн зээлтэй, автобус нь бүгд зээлийнх. Тиймээс бид тэднийг дэмжиж, хандив тусламж өгье гэж уриалж байгаа.
-Осол гаргасан компани нь тухайн чиглэлдээ тендерт шалгараагүй, хууль бус байсан гэх яриа байсан. Энэ үнэн үү?
-Энэ чиглэлд хоёр компани үйлчилдэг юм. Аж ахуйн нэгжийг шалгаруулах тендерт “Хараацайн жигүүр” гэх компани шалгараад, үйлчилгээнд гараад эхэлчихсэн байтал Сангийн сайд Ч.Улаан гэнэт Зам, тээврийн сайдад бичиг өгөөд энэ компанийн тусгай зөвшөөрлийг цуцлахыг үүрэгдсэн. Тэгээд хоёр өөр компани орж ирсэн юм. Ер нь УИХ-ын гишүүд, сайд дарга нар тээврийн бодлогод ноцтой нөлөөлдөг. Гэтэл төрөөс авто тээврийн талаар баримтлах бодлого алга. Тээврийн салбарын 97-98 хувийг авто тээвэр эрхлэгчид гүйцэтгэж байна. Зам, тээврийн яам одоо байгаа компаниудын заримыг нь нэгтгэн, 20 орчим болгох бодлого барьж буй ч Авто тээврийн үндэсний төв энэ бодлогыг хэрэгжүүлэхгүй байна. Энэ байгууллага аж ахуйн нэгжүүдийг тараах, нэг байсан бол хоёр болгох, шинэ аж ахуйн нэгж оруулж ирэх сонирхолтой.
Бид тэнцвэртэй мэдээлэл хүргэх үүднээс Авто тээврийн үндэсний төвийн Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга М.Мөнхбаяртай холбогдоход “Стандартын шаардлага хангасан компанийг л тээвэрт явуулж буй. 2010 оноос хойш тусгай зөвшөөрөл олгохоо больсон. Хүрэлхүү гэдэг хүн олон нийтэд гүтгэлгийн чанартай мэдээлэл тарааж байна. Бид шүүхэд хандана” гэсэн юм.
Ч.МӨНХЗУЛ