Урлагийн ариун сүмээр ороход өрөө болгоноос өөр өөр өнгийн аялгуу эгшиглэх нь ховсдох мэт, чагнаад л баймаар. Нэг нь загнаж, нөгөө нь аргадаж, аль эсвэл шоолоод ч байх шиг жигтэй хэрнээ тааламжтай мэдрэмж... Дуурийн дуучид хоолойн бэлтгэлээ хийж буй нь энэ. Бурхан хүртэл тэдэнд атаархдаг гэнэ лээ. ДБЭТ-ын гоцлол дуучин Э.Анхбаярыг энэ удаагийн “Бямбын ярилцлага”-даа урилаа
-Хэзээнээс дуурийн дуучин болохоор шийдсэн бэ?
-Бага байхдаа дуурийн тухай юу ч мэддэггүй байлаа. Хүүхдүүдэд багаас нь сонгодог урлагийн мэдлэг олгох сургалт явуулах хэрэгтэй гэж боддог. Ядаж долоон ноотоо гаргаахгүй мэддэг бол хүүхдийн хүмүүжилд ч сайнаар нөлөөлнө. 2006 онд арван жилээ төгсөөд С.Жавхлан шиг л дуучин болъё гээд СУИС-д шалгалт өгсөн. Эхний шалгууртаа тэнцээд сургуульдаа орчихсон юм шиг хөөрч байтал дараагийнхдаа уначихаад уйлж билээ. Тэгтэл СУИС-ийн гадаа дуулаачийн сургуульд элсэлт авна гэсэн зар байна. Утсаар нь залгаж үзээд “Их Монгол” дээд сургуульд гавьяат жүжигчин Б.Жавзандулам гэдэг дуучин багшилдгийг мэдсэн. Ингэж л багштайгаа учирсан даа.
-Энгийн сургуулиас ч мундаг дуучин төрж болдгийг баталсан гэж ойлгож болох уу?
-Их л томоор төсөөлөөд очтол хоёр давхар муурын байшин шиг сургууль байсан. Анх очихдоо энд нэг жил сураад СУИС-д орно гэж бодсон. Суралцах явцад сургууль хамаагүй, гол нь багшийн сургалт, өөрийн хичээл чармайлт л чухал гэдгийг ойлгосон юм.
-Оюутны ширээнээс босож, амьдралд хөл тавиад хэдхэн жил болж байгаа юм байна. Оюутан насаа дурсаач?
-Дуучдын дунд “Сургуульд орохдоо ардын жүжигчин шиг мундаг амьтан ороод, төгсөхдөө оюутан болдог” гэж үг байдаг. Төлөвшиж байгаа нь тэр шүү дээ. Би “Ардын жүжигчин” байх үедээ ангийнхнаа дагуулаад хөдөө орон нутгаар тоглолт хийдэг байсан. Одоо бодоход олон хүүхдийг ямар ч хараа хяналтгүйгээр авч яваад бүдүүн зүрхтэй байгаа юм шүү.
-Багшийнхаа тухай ярихгүй юу. Шавь нартаа юу гэж захидаг вэ?
-Миний багш ёстой л урлагийн төлөө төрсөн хүн. Дэндүү гэмээр тайван, олон таван үггүй, муухан эр хүнээс дээр гэж боддог. Дуурь эхлэхээс арван минутын өмнө ирж, нүүрээ будаад, хувцсаа солиод тайзнаа гардаг байсан гэсэн. ДБЭТ-т манай багш шиг тайван хүн байгаагүй юм билээ. Багш “Дуучин болох гэж битгий яар. Та нар одоохондоо зүгээр л амьтан. Эхлээд бие хүн болж төлөвшөөд, амьдралыг ойлговол аяндаа дуучин болно” гэдэг. -М.И.Глинкийн нэрэмжит гоцлол дуучдын уралдаанаас хоёрдугаар байрын шагнал хүртэж, хүмүүст танигдсан. Хамгийн анх хэзээ тэмцээнд орсон бэ? -2006 оны зун бэлтгэл курсээ дөнгөж төгсөөд байтал Б.Жавзандулам багш маань ОХУ-д болох “Алс Дорнодын зүүн бүсийн залуу дуурийн дуучдын олон улсын уралдаан”-д оролцох хүсэлт тавьсан юм. Гавьяат жүжигчин, төгөлдөр хуурч Б.Солонго багштайгаа бэлтгэсэн. Нэг муу бэлтгэл курсийн оюутан мундаг багш, сайн концертмейстрийн ачаар л хоёрдугаар байранд орсон.
-Монголд олон улсын энд хүрсэн дуурийн дуучин олон. Уртын дууч ард түмэн гэдгээрээ бидний цусанд илүүрхэх юм байдаг болов уу?
-Манай дуучид гадаадын тэмцээнд амжилт гаргадгийн нууц нь багш нар шавиа сайн бэлддэгтэй холбоотой гэж боддог. Мөн хувь хүний хичээл зүтгэл, төгөлдөр хуурчийн чадвар 50, 50 хувьтай нөлөөлдөг.
-Гэр бүлийнхнээ танилцуулахгүй юу. Танайд урлагийн хүн бий юу?
-Аав ээжтэйгээ амьдардаг. Аав цэргийн хүн, ээж хувийн цэцэрлэг ажиллуулдаг. Аавын талд Зориг гэж дуучин байсан гэсэн. Тэрбээр Д.Намдаг гуайн үг, С.Бүтэд гуайн ая “Шиврээ бороо” дууг сайхан дуулдаг байсан. Түүнээс өөр дуучин байгаагүй, харин уран гартан олон байдаг.
-Урлагийн хүмүүст хувийн амьдралдаа гаргах цаг зав хомс байдаг гэдэг. Чөлөөт цагаараа юу хийдэг вэ. Гэр бүлээ төлөвлөж амжсан уу?
-Нас залуу, цус шингэн, хийж бүтээх үйлсэд шунаж явна. Эхлээд урлагийн үр шимийг хүртсэнийхээ дараа хань ижилтэй болно. Одоогийн залуус биеэ засаад гэрээ зас гэдэг шиг амьдралаа зохицуулж байж гэр бүл зохиодог болсон. Би ер нь залуу хүн байж их хөгшин сэтгэлгээтэй. Залуучууд чөлөөт цагаараа аль болох найз нөхөдтэйгээ уулзаж, зугаацахыг боддог бол би хөдөө явах дуртай. Байгалийн сайхныг ажиглаж уулан дээрээс алсыг дурандаад л, морь унаад давхих дуртай.
-Хөдөө очоод дуулж гарна биз?
-Тэгэлгүй яахав. Дуурийн дуучин чанга дуулдаг учраас гэртээ дуулахаар гэрийнхний чих дүнгэнээд байдаг гэсэн. Ялангуяа оюутан байхад байнга орилмоор санагддаг байлаа. Дуучин хүний л зан юм даа. Хээр талд дуулахад жинхэнэ эрх чөлөөг мэдэрнэ шүү дээ.
-Байнга хөдөө явдаг учраас даарч, хөрөөд хоолойгоо өвтгөх тохиолдол гардаг уу. Зарим дуучин түүхий өндөг уух зэргээр хоолойгоо арчилдаг гэсэн. Та яадаг вэ?
-Гадаадын дуучид хоолойгоо хамгаалж байнга ороолттой явдаг гэсэн. Би ороолт, малгай өмсдөггүй. Нас явахаар биед муу гэдэг л юм. Хоолойны махтай учраас өвдөх нь амархан. Гэхдээ арчилж, бөөцийлөөд байхаар улам амархан өвдөөд байх шиг санагддаг учраас тоодоггүй юм.
-Дуурийн урлаг дуулахаас гадна жүжиглэх чадвар шаардана. Жүжиглэхийн тулд дууриа эх хэлээр нь сайн ойлгох байх шаардлагатай. Та хэдэн хэл мэдэх вэ?
-Англи хэл гайгүй мэднэ. Гэхдээ дуурийн зохиол орос, итали хэл дээр л байдаг. Орост хэд хэдэн тэмцээнд оролцсоны ачаар хэлийг нь бага зэрэг гадарладаг болсон. Ер нь манай дуурийнхан итали хэлний түвшин муутай. Сургуульд ганцхан жил л заадаг. Дуурьт тоглохдоо зохиолын орчуулгаа италитай нь харьцуулж уншина. Мөн гоцлол дуучин Б.Эрдэнэтуяа эгч итали хэлэнд ус цас учраас бидэнд тусалж, яаж жүжиглэхийг заадаг. Тэгэхгүй бол ална гэчихээд инээгээд ч байгаа юм бил үү, бүү мэд шүү дээ.
-Дуучин, тэр тусмаа гоцлооч болох хэцүү. ДБЭТ-т баритон хоолойтой дуучин олон. Урлагийн ариун сүмийн өндөр босгыг яаж давсан бэ?
- М.И.Глинкийн нэрэмжит уралдаанд оролцохоос өмнө Улаан-Үдийн театраас манайд ирж ажиллаач гэдэг санал тавьсан юм. Монголынхоо театрт орох хүсэлтэй байсан ч авахгүй байх гэж эмээгээд очдоггүй байсан. Б.Солонго багшдаа хэлтэл “Өөр улсын урлагийн хөгжлийг доороос нь түлхэж байснаас Монголынхоо урлагт зүтгэсэн нь дээр” гэсэн. ДБЭТ-т шалгуулахаар Б.Жавзандулам, Б.Солонго багшийгаа дагуулаад, авсан шагналуудаа торонд хийгээд, өргөдлөө бариад очсон. Тэгэхэд Б.Сэргэлэн захирал “Хаагуур явж байгаад одоо ирж байгаа хүүхэд вэ” гэсээр угтсан. Уран сайхны зөвлөлд шалгуулаад ДБЭТ-т орсон доо. Эрэгтэй хүмүүсийн ихэнх нь баритон, цөөн хэсэг нь басс хоолойтой байдаг. Тенор бол зохиомол хоолой. Хүн бүрийн хоолой давтагдашгүй учраас дүр булаацалдах асуудал байдаггүй.
-Таны хамгийн аз жаргалтай мөч хэзээ тохиосон бэ?
-ДБЭТ-т ажилд ороод П.И.Чайковскийн “Евгений Онегин” дуурийн Онегиний дүрд тоглосон. Шинэхэн дуучинд итгэж, том дүрд хуваарилсанд баярладаг. Тэр дуурь Онегины дуулснаар төгсдөг юм. Хамгийн дээд өнгөөрөө дуулсаар дуурийг дуусгаж, хөшиг хаагдах болоход үзэгчид босож алгаа таших нь их сайхан санагдаж билээ.
-Хамгийн сүүлд ямар дуурьт, хэний дүрийг бүтээсэн бэ?
-Түрүүчийн бямба гаригт Ж.Пуччинийн бүтээл “Богема” дуурийн Марчелло зураачийн дүрд тоглосон. Дуулах хэсгээ бэлдсэн байсан ч гурван өдрийн өмнөөс жүжиглэлттэйгээ цуг бэлдсэн учраас алдчих гээд хэцүүдсэн шүү. Сургуулилалт дээр жүжиглэх гэхээр дуугаа мартаад, дуугаа анхаарахаар үйл хөдлөлөө мартаад сандарч байсан ч яг тоглолт дээр дажгүй дуулсан. Гуравдугаар сард дахин тавихад нь сайн бэлдэнэ дээ.
-ДБЭТ-т дуулахаас гадна хувийн уран бүтээл хийж байна уу?
-Дуучид оюутан байхдаа бие даасан тоглолт хийдэг юм билээ. Би тийм зүйл хийж үзээгүй. Тиймээс энэ дөрөвдүгээр сарын 19-нд театртаа тоглолт хийхээр цаг товлочихсон, бэлтгэл ажилдаа ороод байна. Нэгэн үдшийг П.И.Чайковский, М.И.Глинкээр амьсгалуулж, зөвхөн ари, романс эгшиглүүлнэ. -Залуу хүн хүсэл мөрөөдлөөр жигүүрлэж, ихийг төлөвлөдөг. Таны мөрөөдөл юу вэ? -Итали, Орос зэрэг сонгодог урлаг өндөр хөгжсөн орны тайзан дээр гол дүр бүтээхийг хүсдэг. Түүнийхээ төлөө хичээж явна. Мөн нас залуу байгаа учраас гадаадад сурч мэргэжлээ дээшлүүлэх бодолтой байна.
-Дуулаад мөнгө олж чадаж байна уу?
-Зарим хүмүүс халтуур хийж, энд тэнд дуулах газар хайдаг. Би тэгж явдаггүй. Надад мөнгө мэдээж хэрэгтэй. Гэхдээ тэгж өөрийгөө доош хийхийг хүсдэггүй. Дуулуулж байгаа газрууд дуучдыг үнэлдэггүй, 200, 300 мянган төгрөгөөр ам хаах гэдэг.
-Тэгвэл та өөрийнхөө чадварыг хэдээр үнэлэх вэ?
-Зарим дуучид гурван саяар дуулна гэсэн үнэ тогтоочихдог юм билээ. Намайг энд, тэнд дуулаад өг гэвэл ядаж сая төгрөгөөр дуулна. Арай ч 400 мянгад дуулчих дуучин биш гэж боддог.