Монголын хөрөнгийн бирж ХК, Эдийн засгийн сэтгүүлч, шинжээчдийн клуб хамтран хэвлэл мэдээллийн байгууллагын нийт ажилтны дунд "Хөрөнгийн зах зээлийн хөгжил" сэдвийн хүрээнд зохион байгуулсан нийтлэл, нэвтрүүлгийн уралдааныг дүгнэж, өнөөдөр бүтээлээ сойж өрсөлдсөн шилдгүүдээ тодрууллаа. Энэхүү уралдааны шагнал гардуулах арга хэмжээнд "Монголын хөрөнгийн бирж ХК-ийн Гүйцэтгэх захирлыг түр орлон гүйцэтгэгч Ж.Цогтбаяр, "Монголын хөрөнгийн бирж ХК-ийн Бизнес, хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ, "Өлзий энд Ко капитал ҮЦК" компанийн Гүйцэтгэх захирал Б.Өлзийбаяр,Эдийн засгийн сэтгүүлч, шинжээчдийн клубийн тэргүүн Г.Энэбиш, тус клубын Ерөнхий зохицуулагч Д.Оюунчимэг нар оролцож, шагналыг гардууллаа. "Хөрөнгийн зах зээл" нийтлэл, нэвтрүүлгийн уралдаанд хоёр төрлөөр нийт 38 бүтээл ирсэн байна.
Уралдааны Телевизийн бүтээлийн төрөлд "Ийгл" телевизийн сэтгүүлч М.Мөнхжаргалын "Тоон тойм: Хөрөнгийн зах зээл" /https://shorturl.at/xAysx/ бүтээлээрээ Тэргүүн байр эзэлсэн бол Д.Баяржаргалын "Эдийн засаг дахь төрийн оролцоог бууруулах гарц" /https://fb.watch/w3LSoOTsoi/ бүтээлээрээ Дэд байр, Ийгл телевизийн тоймч Г.Байгал "Тойм: 1.2 их наяд төгрөгийн нэмэлт орлогыг үнийн өсөлтөөр олжээ. Хэн, хэрхэн олсон бэ" /https://shorturl.at/9DdpJ / бүтээлээрээ гутгаар байр эзэлсэн юм.
Сонин, сэтгүүл, веб сайтын төрөлд мэдээ мэдээллийн ikon.mn сайтын сэтгүүлч Н.Эрхбаяр "1072 хувьцааг Монголын хөрөнгийн бирж дээр арилжаалж эхэлбэл юу болох вэ" бүтээлээрээ Тэргүүн байр, mininginsight сэтгүүлийн сэтгүүлч Э.Мишээл "Өсөлтийн цэгээ ологч" бүтээлээр Дэд байр эзэлж гутгаар байрыг Lemonpress.mn мэдээллийн сайтын сэтгүүлч С.Ангирмаа "Хөрөнгийн зах зээлийн хөгжил иргэдийн хөрөнгө оруулалтын соёлд" бүтээлээрээ эзэллээ.
Дашрамд дурдахад энэ удаагийн уралдаан нэлээд өрсөлдөөнтэй болж NTV-ийн сэтгүүлч Б.Уянга "Хөндөх сэдэв: Хөрөнгийн зах зээл, биржийн арилжаа" бүтээлээрээ Шүүгчдийн нэрэмжит шагналын эзнээр тодорсон юм. Шагнал гардуулах үеэр Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Цогтбаяр “Энэ удаагийн уралдаанд амжилттай оролцож бусдыг манлайлсан сэтгүүлчдэдээ амжилт хүсэхийн зэрэгцээ иргэдийн мэдэх эрхийн төлөө мэргэшсэн сэтгүүлчдийн эгнээг тэлж, хөрөнгийн зах зээлийн хөгжилд хувь нэмрээ оруулж буйд талархал дэвшүүлье” гэсэн юм.
Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн үнэлгээ сүүлийн 10 жилд 8.7 дахин, сүүлийн 5 жилд л гэхэд 4.7 дахин тус тус өсөж 12.5 их наяд төгрөгт хүрээд байна. Монголын хөрөнгийн биржээр уурхайн бүтээгдэхүүний арилжааг зохион байгуулах болсноор уул уурхайн салбарт ил тод, нээлттэй байдал сайжирсан төдийгүй хөгжиж буй хөрөнгийн зах зээлд сүүлийн жилүүдэд томоохон өөрчлөлтүүд өрнөж буй.