Бяслаг урлаачдын тав дахь удаагийн фестиваль Үндэсний соёл, амралтын хүрээлэн дэх “Хоолондоо” ресторанд уржигдраас эхлээд хоёр өдрийн туршид боллоо. Уг фестивальд үндэсний үйлдвэрлэгчдээс гадна гадаадын оролцогчид ч зорин ирсэн байв. Түүнчлэн үйлдвэрлэгчид төдийгүй үйлчлүүлэгчдийн тоо ч энэ жил улам нэмэгджээ. Энэ жилийн хувьд бяслаг үйлдвэрлэгч 20 орчим аж ахуйн нэгж оролцсон аж. Бүтээгдэхүүний төрөл ч өргөжиж буйг зохион байгуулагчид онцолсон юм.
Уг фестивалийг зорин очсоноор бүтээгдэхүүнийг үйлдвэрийн үнээр худалдан авах боломжтойгоороо онцлогтой. Уг үйл ажиллагааг Монголын мэргэшсэн бяслаг үйлдвэрлэгчдийн холбооноос зохион байгуулжээ. Төв аймгийн Жаргалант сумынхан шар тос, хайлмаг, бяслаг зэрэг бүтээгдэхүүнээр энэхүү фестивальд оролцсон байна. Түүнчлэн Сэлэнгийн Сайхан, Төв аймгийн Баянцогт, Эрдэнэ, Баянхонгорын Эрдэнэцогт, Баян-Өлгийн Цэнгэл сумын жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид оролцлоо. Тэд малынхаа ашиг шимийг нэмэгдүүлэх, тоонд бус, чанарт анхаарч, бэлчээрийн даац хэтрэхээс сэргийлэх, нутгийн брэнд бүтээгдэхүүнтэй болох зорилгоор ажлаа эхлүүлсэн хэмээн онцолж байв.
А.ҮҮЛЭЭ