Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнгээс шалтгаалан төрийн жинхэнэ албан хаагчдыг улс төрийн үзэл бодлоор нь ялгаварлан гадуурхаж, ажлаас нь чөлөөлөн, дарамт, шахалт үзүүлсэн тухай гомдол, мэдээлэл Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК)-т цөөнгүй ирэх болжээ. Үүнтэй холбоотойгоор аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын дарга, Засаг дарга, төрийн бүх шатны байгууллагын томилох, чөлөөлөх эрх бүхий албан тушаалтанд хандсан мэдэгдлийг тус комиссоос гаргасан байна.
“Хүнийг нийгмийн гарал, байдал, үзэл бодлоор ялгаварлан гадуурхахгүй байхыг Үндсэн хуулийн 14.2, Иргэний болон улс төрийн эрхийн олон улсын пактын 26 дугаар зүйлээр баталгаажуулсан. Төрийн албаны тухай хуулийн 31.4-т “Төрийн тухайн албан тушаалд тавих шаардлагыг хангасан иргэний төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх эрхийг үндэс, угсаа, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, нам, олон нийтийн бусад байгууллагын харьяаллаар ялгаварлаж үл болно” хэмээн заасан байдаг. Үзэл бодол, нам, олон нийтийн бусад байгууллагын харьяаллаар ялгаварлах нь хүний эрхийн зөрчил. Ийм үйлдэл нь төрийн албаны мэргэшсэн байдал, залгамж чанар, бүтээмжийг алдагдуулж, тогтворгүй болгох, улмаар ардчилсан ёс алдагдах, улс үндэстний хөгжил саарах үр дагавартай” гэж ХЭҮК-ын мэдэгдэлд дурджээ.
Тиймээс төрийн шат шатны байгууллагынхан хууль, журам, хүний эрхийг зөрчсөн шийдвэр гаргахгүй байхыг тус комиссоос анхааруулав. Иргэн, байгууллага, албан хаагчийн гомдол, мэдээллийн дагуу төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулж, томилох үйл ажиллагаанд шалгалт хийх, илэрсэн зөрчлийг арилгах хугацаатай шаардлага хүргүүлэх, хууль тогтоомж зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгох, тухайн байгууллагын хүний нөөцөд аудит хийх нь Төрийн албаны зөвлөлийн бүрэн эрх, чиг үүрэг болохыг ч сануулсан байна.