Украины Ерөнхийлөгч өнгөрсөн онд НҮБ-ын Ерөнхий ассамблейд үг хэлэхдээ сөрөг довтолгоон хийх тухайгаа ярьсан ч олигтой үр дүнд хүрээгүй. Түүгээр барахгүй өөр асуудал гарч ирсэн нь тун чухал байсан олон улсын тусламж, юуны урьд АНУ-ынх удааширсан явдал билээ. Нэг жил өнгөрөхөд фронт дээр ч, америкчуудын улс төрийн амьдралд ч олон зүйл өөрчлөгдсөн. Тус улс бүхэлдээ Ерөнхийлөгчийн сонгуулиар амьсгалж байхад Украины Төрийн тэргүүн тодорхой дэмжлэг, тусламж хүсэж америк түншийндээ сая дахин очив.
Украины байдал төвөгтэй хэвээр, оросууд Донбасс руу довтолгооноо амжилттай үргэлжлүүлж буй. Украин газар нутгаасаа алхам алхмаар алдсаар байгаа. Оросын Курск рүү Украины зэвсэгт хүчин наймдугаар сарын эхээр ажиллагаа явуулсан нь гэнэтийн үйлдэл байв. Киевийн хэлж буйгаар энэ сарын 20-ны байдлаар нэг сар хагас өнгөрөхөд Украины цэргүүд Оросын 1200 ам кмгазрыг хяналтдаа аваад байгаа аж. Гэлээ ч оросууд украинчуудыг эндээс шахан гаргахыг чармайж байна. Дайны халуун үе үргэлжилж, Украины хувьд Өрнөдийн түншүүд нь цэргийн болон санхүүгийн тусламжаа үргэлжлүүлэх нь гойд чухал болсон. Тиймээс Зеленский “Ялалтын төлөвлөгөө” гэж нэрлэсэн шинэ санаачилгаа Америкт авч очлоо. Наймдугаар сарын эцсээр Тусгаар тогтнолын өдрөөрөө хийсэн мэдэгдэлдээ Зеленский энэ санаачилгынхаа талаар анх ам нээж, хэд хэдэн бүлэгтэй бөгөөд тэдний дөрөв нь үндсэн, нэг нь дайны дараа хэрэг болно гэж есдүгээр сард сурвалжлагчийн асуултад хариулахдаа хэлсэн байдаг.
“Ялалтын төлөвлөгөө”-г цэргийн тусламж, эдийн засгийн алхмууд, түрэмгийлэгчид үзүүлэх дарамт, “Оросын улс төрийн албадлага” гэсэн дөрвөн хэсэгтэй гэж Украины тал сүүлд нь тайлбарласан. Уг баримт бичигт Оросыг ялахад хэрэгтэй зэвсэг, техникийн нэрийг нарийвчлан жагсааж, ОХУ-ын газар нутаг руу холын тусгалтай пуужин ашиглаж довтлохыг зөвшөөрөхийг хүссэн нь хэвлэл, мэдээллийн хэрэгслээс тодорхой болсон. Украины Ерөнхийлөгчийн зөвлөх Михаил Подолякийн хэлснээр “Оросын улс төрийн албадлага” гэдэг нь ямар нэг гурав дахь улсын шаардлагыг үл хайхран Украин улс аль нэг эвслийн гишүүн байх эрхтэй тухай яриа. Эвсэл гэдэг нь НАТО-д Украин элсэх асуудлыг хөндөж байгаа аж.
Эдийн засгийн алхам гэдэг нь Украины нутаг дэвсгэрт байгаа цэргийн үйлдвэрийг нэмэгдүүлэх болон Оросын эсрэг тавьсан хоригтой холбоотой юм байна. Дайныг үргэлжлүүлэх Оросын чадавхыг сулруулахын тулд түүний эсрэг шинээр хориг тавихыг Украин шаардаж байгаа. Орост дипломат шахалт үзүүлэх тухай бүлэгт “төвийг сахисан бүс”-ийн орнуудтай хийх ажлыг тусгажээ. Энэ нь худалдааны салбарт Орос хараат байдаг орнуудыг хэлж байгаа юм. Украины эрх баригчид Оростой ямар ч энхийн хэлэлцээр хийх бодолгүй байгааг Зеленский болон түүний Тамгын газрын дарга Андрей Ермак нар нэг бус удаа онцолсон. Харин Украины ялалтын төлөвлөгөөг нь АНУ дэмжихийг тэд хүсэж байгаа. Оростой ямар нэг тохиролцоо хийвэл аюултай. Тэгэхдээ дайныг амсхийлгэвэл тэр хугацаанд Путин шинээр зохион байгуулалт хийж түр амарч аваад дахин довтолно гэж Зеленский үзэж байна. ВВС-гийн мэдээлснээр Украины “Ялалтын төлөвлөгөө”-г маш нууц байдалд бэлтгэжээ. Түүнийг 10 орчим хүн Засгийн газрын оролцоогүйгээр боловсруулсан байна. Киевийн төсөөлж буйгаар АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж буй Камала Харрисын баримтлах бодлого арай ойлгомжтой, Байдены чиг шугамыг үргэлжлүүлж, Украиныг дэмжих бол Трамп чухам яах нь тодорхойгүй. Түүнчлэн Өрнөдийн түншүүд нь Украины “төлөвлөгөө”-нд хэрхэн хандаж буй нь Киевийн санаанд нийцэхгүй байгаа тухай мэдээлэл дуулдах болсон.
Трамп Ерөнхийлөгчийн сонгуульд ялбал Дэд Ерөнхийлөгч нь болохоор нэр дэвшээд буй Жей Ди Вэнс одоо зөрчил тэмцлийн төв болоод байгаа бүсийг цэрэггүй, Украиныг төвийг сахисан статустай болгох тухай ярьсан нь украинчуудыг түгшээж орхижээ. Тэгээд л Зеленский төлөвлөгөө боловсруулж, Америкийн талд танилцуулахаар яаран авчирсан юм. Америкийн удирдагчидтай уулзаж, авчирсан баримт бичгээ олон түмний сонорт хүргэж, дэмжлэг үзүүлэхийг Өрнөдөд уриалах нь АНУ-д ирсэн түүний зорилго аж. Өрнөдийн зэвсгийг Оросын нутаг дэвсгэрт ашиглах зөвшөөрлийг авчих болов уу хэмээн Зеленский ихэд найдаж буй нь нууц биш. Энэ сарын эхээр Ермак, Батлан хамгаалахын сайд Рустем Умеров нар АНУ-д очихдоо устгахаар төлөвлөж буй Оросын цэргийн объектуудын нэрсийг авч явсан. “Уг төлөвлөгөө бол Оросыг аргагүйн эрхэд дайныг зогсооход хүргэхийн тулд цэрэг, улс төрийн байр сууриа бэхжүүлэхээр АНУ-д тавих манай санал юм” гэж Украины улс төр судлаач Владимир Фесенко үзсэн байна лээ. “Украины төлөвлөгөөг хэрэгжүүлэх нь Киевийн төдийгүй Вашингтоны эрх ашигт нийцэхийг Америкийн топ улс төрчдөд ойлгуулж чадах, эсэхээс их зүйл шалтгаална” гэж “Шинэ Европ” төвийн захирал, хатагтай Алена Гетьманчук сурвалжлагчид хэлсэн байна. Зеленскийгийн хэлснээс үзвэл уг төлөвлөгөөг аравдугаар сараас эхлэн хэрэгжүүлж, сунжруулалгүйгээр арванхоёрдугаар сард дуусгахыг украинчууд ихэд хүсэж байгаа аж. Оросууд дайныг үргэлжлүүлэх бодолтой байлаа ч түүнийг шударгаар дуусгах хувилбаруудыг төлөвлөгөөнд тусгасан гэж Украины Ерөнхийлөгчийн зөвлөх Дмитрий Литвин мэдэгдсэн.
Уг төлөвлөгөөг Америк дэмжих үү, үгүй юү гэдэгт асуудлын гол нь байна. Эцсийн хариу яаран гарахгүй биз. Америк баримт бичгийг судалж эхэлжээ. “Нью-Йорктирэх улсуудын удирдагчидтай харилцан ажиллаад түүнд яаж түлхэц болж чадахаал бид ойлгох хэрэгтэй байна” гэж НҮБ дахь АНУ-ын байнгын төлөөлөгч Линда Томас-Гринфилд хэлсэн байх юм. Цагаан ордныбүх алхам Украины энэ төлөвлөгөө Камала Харрисын ялалтад тус болох уу, ус болох уу гэдэг шалгуурыг дамжина.
Вашингтон ойрын хэдэн хоногт зочдын хөлд дараатай байлаа. Энэ сарын 27-нд болох эрх баригч Либерал-Ардчилсан намын даргын сонгуулийн дараа албан ажлаа өгөх Японы Ерөнхий сайд Фүмио Кишида гадаад улсад сүүлчийн айлчлалаа хийхээр Вашингтонд ирэв. Тэрбээр Жо Байден болон аюулгүй байдлын асуудлаарх дөрвөн талын (АНУ, Япон, Энэтхэг, Австрали) удирдагчидтай уулзаж, НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганд оролцох юм. 83 улсын Төрийн тэргүүн оролцож буй дээд түвшний энэ чуулган өнөөдөр дуусна. Хэвлэлд мэдээлснээр дөрвөн орны удирдагчид Номхон далайн орнуудын харилцааны дэд бүтцийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, халдварт өвчин тархаахгүй, далай, тэнгист аюулгүй байдлыг хангах талаар ярилцах нь. Японы Ерөнхий сайд Делавэр мужид байдаг хувийн өргөөнд нь АНУ-ын Ерөнхийлөгчтэй хоёр талын уулзалт хийж, Зеленский болон бусад улсын төр засгийн тэргүүн нартай яриа хөөрөө хийх аж. Япон Улс Киевийн үйл ажиллагаа, Оросын эсрэг хоригийг үргэлжлүүлэхийг дэмжихээ Кишида илэрхийлэхээр төлөвлөж Вашингтонд ирсэн байна.
Энд Австрали, Энэтхэгийн Ерөнхий сайд нар бас ирээд байгаа. ТэдНҮБ-ынЕрөнхийассамблейнчуулгандоролцоно. Үүнийзэрэгцээбайнгын шинэ гишүүн элсүүлэх замаар НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд шинэчлэл хийхийг уриаллаа. Тэдний гаргасан хамтарсан мэдэгдэлд “Байнгын болон байнгын бус гишүүдийг нэмэгдүүлэх замаар Аюулгүйн зөвлөлийг илүү олон төлөөлөлтэй, тунгалаг, үр бүтээлтэй, ардчилсан, ажлаа тайлагнадаг болгохыг бид зорьж байна” гэж өгүүлжээ.
Тэд Африк, Ази, Латин Америк, Карибын тэнгисийн сав газрын орнуудын төлөөлөл Аюулгүйн зөвлөлд орох ёстой гэсэн байр суурьтай байв. Аюулгүйн зөвлөл нь олон улсын энх тайван, аюулгүй байдалд дэмжлэг үзүүлэх үүрэгтэй, байнгын ажиллагаатай бүтэц юм. Түүнд 15 улс багтдагийн тав (ОХУ, АНУ, Британи, Хятад, Франц) нь байнгын, 10 нь түр хугацаатай гишүүн байдаг.
Таван гишүүн хориг тавих эрхтэй. Үлдсэн 10-ыг нь хоёр жилийн хугацаагаар сонгоно. 2023-2024 онд Япон, Эквадор, Швейцар, Мозамбик, Мальта, 2024-2025 онд Словени, Алжир, Сьерра-Леоне, Өмнөд Солонгос, Гайана улс сонгогдоод байна.
Аюулгүй байдлын асуудлаарх дөрвөн талын уулзалтыг 2007 онд Японы Ерөнхий сайд асан Шинзо Абэ дөрвөн улсын албан бус зөвлөлдөх механизм болгох санаачилга гаргасан юм. Япон, Австрали хоёр нь АНУ-ын холбоотон бол Энэтхэгийг бүс нутагтаа болон Хятадыг сөрөн зогсоход нөлөө бүхий гэж үзэн “дөрвөл”-д оруулсан аж. Энэ “дөрвөл”-ийн уулзалт Жо Байден, Фүмио Кишида нарын хувьд сүүлчийнх нь болж байгаа юм. Бүс нутгийн асуудлыг Гадаад хэргийн сайд нарын түвшинд хийж байсныг Жо Байдены санаачилгаар дээд түвшнийх болгож, дөрвөн улсын удирдагчид түүнээс хойш зургаа дахь удаагаа уулзаж буй нь энэ.
Ирэх жилээс Энэтхэг-Номхон далайн бүс нутагт хамтарсан эргийн хамгаалалтын ажиллагаа явуулах, энэ үедээ Австрали, Япон, Энэтхэгийн цэргийн албан хаагчдыг Америкийн хөлөг онгоцнууд дээр байлгахаар дөрвөн улсын удирдагчид хэлэлцэж тохиролцлоо. Мөн кибер аюулгүй байдал, 5G сүлжээ, хиймэл оюун ухааны салбарт түншлэлээ хүчтэй болгох нь зүйтэй гэж үзэв.
“Дөрвөл”-ийн дээд хэмжээний уулзалт Хятадыг оролцуулан аль нэг өөр улсын эсрэг чиглээгүйг Цагаан ордон нэг бус удаа онцолж байсан юм. Тэд уулзалтын явцад Орос улсын тухай үг амнаасаа унагасангүй. Энэ нь Энэтхэг улсын хийгээд түүний Ерөнхий сайд Нарендра Модигийн байр суурийн үр дүн байв. Украинд зөрчил тэмцэл эхэлсэн цагаас Дели төвийг сахиж буйгаа онцолж, Оросын эсрэг хоригт Энэтхэгийг татан оруулахыг эсэргүүцэж, Москва, Киевийг энхийн хэлэлцээр хийхийг уриалж ирсэн юм. АНУ-ын Бостон, Лос-Анжелест Энэтхэгийн Консулын газар нээхээр төлөвлөж буйг Нарендра Моди энд зарлав.