Монгол Улсын байгаль орчны гүйцэтгэлийн тайлангийн II тоймыг боловсруулах ажлын хүрээнд НҮБ-ын Европын эдийн засгийн хорооноос томилсон олон улсын шинжээчдийн баг манай улсад ажиллажээ. Тус тайлангийн 13 дугаар бүлэг буюу Ойн тогтвортой менежментийн тухай хэсгийг боловсруулж буй, Эдрю Инглис зөвлөхтэй баг өнгөрсөн долоо хоногт Дундговь аймагт ажиллаж, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хэрэгжилт, үйл явцтай газар дээр нь танилцсан байна.
Говийн бүс нутгийн иргэд ойжуулах, мод тарих, цөлжилттэй тэмцэх чиглэлээр идэвх санаачилгатай ажиллаж байгааг олон улсын мэргэжилтнүүд дурджээ. Дундговь аймгийнхан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлж эхэлснээс хойш буюу сүүлийн гурван жилд 430 орчим мянган мод тарьж, 208 ногоон ажлын байр бий болгон, 427 хүнийг ойн сургалтад хамруулсан аж.