Дохионы хэлний олон улсын өдөр өчигдөр тохиолоо. НҮБ-ын Ерөнхий ассамблейн 73 дугаар хуралдаанаар жил бүрийн есдүгээр сарын 23-ныг улс орнууд өөр өөрсдийн уриатай тэмдэглэхийг “хуульчилсан”. Манай улс өнөө жил эл өдрийг “Дохионы хэлний эрхийнхээ төлөө нэгдэцгээе” уриатайгаар энэ сарын 29 хүртэл олон арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөжээ. Үндэсний статистикийн хорооны 2023 оны мэдээгээр манай улсад сонсголгүй 7800 иргэн амьдарч буй аж. НҮБ-ын “Тогтвортой хөгжлийн зорилго 2030”-д хэнийг ч орхиж гээлгүй, ялгаварлан гадуурхахгүй, хамтдаа хөгжихийг тунхагласан байдаг.
Гэвч манайд сонсголын бэрхшээлтэй иргэдийн өмнө олон асуудал байдгаас нэн тулгамддаг нь дохионы хэлмэрчийн дутагдал билээ. Орчин үед хөгжлийн аливаа бэрхшээлийг ямар нэгэн арга, хэрэгслийн тусламжтайгаар давж чаддаг болсон. Тэрхүү тусгай хэрэгцээ нь тухайлбал, сонсголгүй иргэдэд орчуулагч, хэлмэрчийн үйлчилгээ юм. Даанч энэ нь манайд хангалтгүй хэвээр. Хүүхдүүд дохионы хэлээр боловсрол бүрэн эзэмших нь хомс, нийтээрээ нийгмийн харилцаанд ийм хэлээр чөлөөтэй ойлголцож төдийлөн чадахгүй байна. Тиймээс дээрх олон улсын өдрийн хүрээнд иргэд “Дохионы хэлний эрхийнхээ төлөө нэгдэцгээе” уриалга дэвшүүлжээ.
О.Бат