Нэмэгдсэн өртгийн албан татвар (НӨАТ)-ын хуурамч падаан ашиглаж, татвараас зайлсхийсэн хэрэгт нэг бус аж ахуйн нэгжийн удирдлага ял шийтгүүлээд буй. Тэгвэл тэдэнд хууль бус үйлдэл хийх боломжийг бүрдүүлж байсан хүмүүст прокурорын байгууллагаас яллах дүгнэлт үйлджээ. Тодруулбал, иргэн Д.Болортуяа, Х.Ариунболд, Г.Баяртуяа нар бүлэглэн 2022 оны есдүгээр сараас 2023 оны гуравдугаар сар хүртэлх хугацаанд фэйсбүүкт “НӨАТ зарна, шивнэ” гэсэн зар тавьж, ямар ч үйл ажиллагаа явуулдаггүй “Юу Пи Эм Партс” гэх компанийн нэрээр татвар төлөгч 216 аж ахуйн нэгж, хувь иргэнд бараа материал борлуулсан, ажил, үйлчилгээ үзүүлсэн мэтээр НӨАТ-ын падаан бичиж өгдөг байж. Ийнхүү 25.9 тэрбум гаруй төгрөгийн үнэ бүхий 1119 ширхэг НӨАТ-ын падаан буюу санхүүгийн анхан шатны баримтыг хуурамчаар үйлдэн олгож, Татварын ерөнхий газрын https://tais.mta.mn/ цахим мэдээллийн санд худал мэдээлэл оруулсан гэнэ.
Ингэснээр нэр бүхий 216 аж ахуйн нэгж, иргэнийг 2.5 гаруй тэрбум төгрөгийн албан татварыг төлөхөөс зайлсхийх боломжийг олгосон аж. Дээрх хүмүүс 216 аж ахуйн нэгж, иргэнээс үнийн дүнгийн тодорхой хувийг авдаг байсан нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон байна. Д.Болортуяа, Х.Ариунболд, Г.Баяртуяа нарт НПГ-аас Эрүүгийн хуулийн 18.31-ийн татвар төлөхөөс зайлсхийсэн гэх зүйл заалтыг үндэслэн яллах дүгнэлт үйлдэж, Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ. Ташрамд дурдахад, прокурорын байгууллага энэ сарын 16-20-ныг хүртэлх хугацаанд хэрэг бүртгэлтийн 41 876, мөрдөн байцаалтын 3510 хэрэгт хяналт тавьж, эрүүгийн 235 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд хүргүүлсэн аж. Тэдгээрийн дунд авлига, албан тушаалын 10, нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг ес, хүний амьд явах эрхийн эсрэг, хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг тус бүр гурав, татвар төлөхөөс зайлсхийсэн хоёр, мөнгө угаах, хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах, цахим мэдээлэлд хууль бусаар халдах тус бүр нэг хэрэгт яллах дүгнэлт үйлдэн харьяалах шүүхүүдэд шилжүүлсэн байна.