“Дүдү” хүүхдийн музейнхэн “Дэлхийн сансрын долоо хоног-2024” арга хэмжээг ирэх сарын 4-10-нд “UG аrena” цогцолборт зохион байгуулна. Тус арга хэмжээ нь хүүхэд багачуудад шинжлэх ухаан, сансар огторгуй судлалаас бий болдог өндөр технологи, ашиг тусыг таниулан, түүнд сонирхолтой болгох зорилготой аж. Түүнчлэн эцэг, эхчүүд хүүхдүүдтэйгээ цагийг зугаатай, бүтээлч өнгөрүүлэхэд хамгийн тохиромжтой арга хэмжээ нь “Дэлхийн сансрын долоо хоног” юм.
Өдөрлөгийн хүрээнд оролцогчдыг нар, од дурандуулж, сансар огторгуйн тухай мэдлэгийнх нь хүрээг тэлэх зорилготой олон төрлийн сонирхолтой уралдаан зохион байгуулна. Мөн сансрын хөлөг, огторгуйн уудмыг бүрдүүлсэн вакум орчныг бий болгож хүүхэд багачуудад үзүүлэх аж. Үүнээс гадна тэдэнд зориулсан туршилт, сургалтыг үнэ төлбөргүй явуулах юм байна. Эл арга хэмжээний хүрээнд өнөө жил 150 гаруй сайн дурын ажилтан хүүхэд багачуудад үйлчлэхээр бэлтгэлээ базааж буй гэнэ.
1957 оны аравдугаар сарын 4-нд хүний гараар бүтсэн дэлхийн анхны хиймэл дагуул болох “Спутник 1”-ийг сансарт хөөргөжээ. Энэ нь өнөөгийн сансрын судалгааны хөгжлийн эхлэл болсон гэнэ. Тиймээс эл өдрийг бэлгэдэж, аравдугаар сарын 4-10-нд Олон улсын сансрын долоо хоногийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай болжээ.