“Умардын урсгал" болон "Умардын урсгал 2" хийн хоолойд болсон дэлбэрэлтийг мөрдөн шалгах явцад хэд хэдэн баривчлах тушаал гарсан тухай Германы Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Штеффен Хебестрейт мэдэгдэв.
"Баривчлах тушаал гарсан. Үндсэн хуульт улсад энэ нь хэвийн үзэгдэл. Дараа нь шүүх хурал болж, шүүх хурлын төгсгөлд ялын дүгнэлт гарна" гэж Хебестрейт засгийн газрын хуралдааны үеэр сэтгүүлчдэд ярьжээ
Өмнө нь Германы хэвлэл мэдээллийн хэрэгслээр баривчлах тушаал зөвхөн Украйны нэг иргэнд өгсөн бөгөөд тус иргэн Украины элчин сайдын яамны машинаар Германаас гарч явсан тухай мэдээлж байсан.
Зарим хэвлэлүүд тэрхүү иргэний зургийг нийтэлсэнээр Украины мэргэжлийн усанд шумбагч Владимир Журавлевын тухай ярьж байгааг тогтоох боломжтой болсон. Мөн нэг гэр бүлийн хос түүний хамсаатнууд байсан гэх мэдээлэл ч гарсан юм.
Америкийн сэтгүүлч, Пулитцерийн шагналт Сеймур Херш 2023 оны 2-р сарын 8-нд нийтэлсэн нийтлэлдээ 2022 оны 6-р сард АНУ-ын Тэнгисийн цэргийн флотын шумбагчид Балтопс сургуулилт хийж байхдаа Норвегийн мэргэжилтнүүдийн дэмжлэгтэйгээр Оросын хийн хоолойд тэсрэх бөмбөг байрлуулсан гэж эх сурвалжаас иш татан мэдэгджээ.
Хершийн бичсэнээр, уг ажиллагааны шийдвэрийг АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден үндэсний аюулгүй байдлын асуудал хариуцсан засаг захиргааны ажилтнуудтай есөн сарын турш хэлэлцсэний эцэст гаргасан байна.
2022 оны 9-р сарын 26-нд ОХУ-с Европ руу байгалийн хийн экспортлох хоёр хоолой болох "Хойд урсгал" болон "Хойд урсгал 2" хоолойд дэлбэрэлт болсон.
ОХУ-ын Ерөнхий прокурорын газар уг үйл явдлыг олон улсын терроризм хэмээн үзэж хэрэг үүсгэсэн юм. ОХУ дэлбэрэлтийн талаарх мэдээллийг ХБНГУ-с удаа дараа хүссэн ч ямар ч мэдээлэл холбогдох материалыг одоо болтол хүлээж аваагүй гэж ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков мэдэгдсэн юм.