Хууль, журам хоорондоо хэрхэн харилцан хамааралтай байх нь зөвхөн Монголд тулгараад Буй асуудал биш. Дэлхий нийтээрээ үүнтэй тулгарч байна. Энэ сэдэв улс төрийн түүхэнд томоохон Асуудлуудыг үүсгэж байсан. ХБНГУ-д л гэхэд журмуудаа хоёр жилийн дотор цэгцэллээ. Британид бол Үндсэн хуультай харшилж болохгүй гэж үздэг. АНУ маш хатуу хандаж улс төрийн зөрчилдөөн үүсгэж байв. Тодруулбал, гүйцэтгэх эрх мэдэл нь Ерөнхийлөгчид, хууль тогтоох эрх мэдэл нь Конгрессын төлөөлөгчдийн танхимд байдаг. Энэхүү зөрчилд өөн даамжирч АНУ-ын улс төрийн хямралд нөлөөлж байна гэж үздэг. Өөрөөр хэлбэл, гүйцэтгэх эрх мэдлээ дийлэхээ больж, эрх зүйт ёс нь стандарт бус болох аюул нүүрлээд байна гэж үзсэн гэсэн үг. Манай улсын хувьд онолын талаасаа журмыг нийтээрээ дагаж мөрдөх, Засгийн газраас тогтоож байгаа захиргааны хэм хэмжээний акт гэж тодорхойлдог. Хуулийг хэн тогтоодог вэ? Ард түмнээс сонгогдсон, бүрэн эрхээ авсан этгээд хууль тогтоодог. Энэ бол парламентын засаглал. Гүйцэтгэх эрх мэдэл гэдэг нь ард түмнээс шууд мандат аваагүй, сонгогдоогүй, парламентаас үүсэлтэй, хуулийг хэрэгжүүлдэг субъект буюу Засгийн газрыг хэлдэг. Засгийн газар гэдэгт сайд, яам, агентлаг, агентлагийн бүтэцтэй байгууллагууд, Засаг дарга нар багтана. Одоогоор “Бүх асуудлыг хуульчлах аргагүй, амьдрал баялаг шүү дээ” гэсэн тайлбартайгаар журам гаргахыг чухалчлаад байна. Гэтэл үүний цаана ямар том зөрчил нуугддаг вэ.
ХУУЛЬ ТОГТООХ ЭРХ МЭДЛИЙГ ЗАСГИЙН ГАЗАРТ ШИЛЖҮҮЛЭХИЙГ ЗӨВШӨӨРЧ БОЛОХ УУ
Үүнийг бүрмөсөн хориглодоггүй. Өөрөөр хэлбэл, бүх харилцааг хуулиар зохицуулах ёстой гэх нь арай боломжгүй, хийсвэр дүгнэлт болно. Түүхээс харахад, 1992 оны Үндсэн хууль, ардчилсан тогтолцоонд нийцүүлээд Монгол Улс 2000-2010 онд 400 орчим хуультай байжээ. Эрх зүйн тогтолцоогоо зах зээлийн нийгэмдээ нийцүүлэхийн тулд хуулиуддаа өөрчлөлт оруулах үйл явц эрчимтэй үргэлжилсэн. Энэ явцад парламент хууль тогтоох эрх мэдлээ Засгийн газарт шилжүүлж, үүнийгээ журам болгож байв. Хууль батлахын оронд тухайн харилцааг салбарын сайд нь, агентлагийн дарга нь журамлаж зохицуулна гэдэг үгийг оруулж үүгээрээ хууль тогтоох эрх мэдлээ журам нэрийдлээр гүйцэтгэх засаглал руу шилжүүлээд байсан гэсэн үг. Гэтэл 2020 оноос орон нутагт зарим эрх мэдлийг шилжүүлж эхэлжээ. “Энэ журмыг ИТХ батална”, эсвэл “журмыг Засаг дарга батална” гэж хуульд заах байдлаар эрх мэдлээ шилжүүлдэг. Судалгаанаас үзэхэд энэ журмыг харьцангуй цөөн хэрэглэгдсэн байдаг. Хогны асуудал, муур, нохой устгах, мөн сумын ИТХ-д малын хөлийн татвар ногдуулах, эсэхийг журмаар тогтоохыг хуульчилсан байдаг. Малын хөлийн татвар ногдуулахыг журмаар, тэр тусмаа сумын ИТХ шийдэж болдог юм уу? Энэ бол хэтэрхий том эрх мэдлийг шилжүүлсэн хэрэг.
ХАМГИЙН ОЛОН ЖУРМЫГ БХБЯ БАТАЛЖЭЭ
Улсын нэгдсэн бүртгэлд буюу ХЗДХЯ-нд бүртгэлгүй 433 журам яамдын түвшинд байна. Хууль зүйн хувьд хүчин төгөлдөр биш мөртлөө мөрдөгддөг гэсэн үг. Агентлагуудад 95, Засгийн газрын бус, бие даасан агентлаг болон Санхүүгийн зохицуулах хороонд 66, Сонгуулийн ерөнхий хороонд 10, Монголбанканд 36, Үндэсний статистикийн хороонд 10 гэхчлэн бүртгэлгүй 100 гаруй журмыг мөрдүүлж байна. Гэтэл тэдгээр зөвлөл, хороод баталж мөрдүүлдэг журмаар үнэ тогтоох гэх мэт том эрх мэдлийг хэрэгжүүлж байх юм.
Анхаарал татсан жишээ гэвэл Санхүүгийн зохицуулах хороо, Монголбанк хоёр нийт 100 гаруй журмаар улс орны мөнгө, санхүүгийн асуудлыг зохицуулж буй явдал. Яагаад гадаадад мөнгө хэвлүүлэх болон журам, үнэт цаасны бүртгэл, арилжаатай холбоотой журмыг тухайн хуульдаа бүрэн тусгаад хэрэгжүүлж болохгүй гэж? Журмаар зохицуулаад он удаан жил яваад байгаагийн цаана юу нуугдана вэ, ямар хууль, хүний эрх зөрчигдөж байгаа нь яах аргагүй анхаарал татдаг. Яамдын хувьд гэхэд хамгийн олон журамтай нь БХБЯ. Тус яам146, Сангийн яам 88, ХЗДХЯ 91 журам батлаад мөрдүүлж байна. Энэ бол өнгөрсөн оны арваннэгдүгээр сард хийсэн судалгаа юм. Судалгаа хийх үеийн байдлаар 2357 журам хэрэгжиж буйг олон нийтэд мэдээлсэн.
ЗАВХРАЛ ДАГУУЛСАН ХАРДЛАГУУД
Жишээ нь, ХЗДХЯ-наас баталж мөрдүүлдэг, Гадаадын иргэн, харьяатын газартай холбоотой журмууд байна. Гадаадын иргэн манай улсад оршин суухдаа хэрхэн бүртгүүлэх, визийн хугацаа нь дуусвал яаж албадан гаргах зэргийг хуулиас дээгүүр, гадаадад зорчих, эсэх хүний үндсэн эрхэд халдан, журмаар зохицуулсан байгаа юм. ХЗДХ-ийн сайд асан Б.Энхбаяр дээрх асуудалд холбоотой болон нийт 20 гаруй, мөн тус яамнаас баталж мөрдүүлдэг 91 журмын талаас илүүг нь цэгцэлж, холбогдох хуульд тусгаж, тэдгээр журмыг хүчингүй болгохоор хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан боловч шинэ парламент бүрдсэн учраас буцаасан аж. Өмнөх сайдын цуцалсан журмаас иргэдэд хамгийн ойрын жишээг дурдахад жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноо тооцох журам юм. Тухайлбал, 2015 оноос хойш есөн жил мөрдсөн энэ журамд жолоочийн оноог хасах, оноо нь дууссан жолоочийн эрхийг дуусгавар болгохоор заасан нь нэг буруутай үйлдэлд давхар шийтгэл оноож байсан нь Үндсэн хууль, бусад хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг журмаар хязгаарласан төдийгүй эрх зүйн зарчим алдагдсаны тод жишээ. Уг журмыг хэрэгжүүлэх хугацаанд хэдий хэмжээний торгуулийн орлого оров?
Оноо хасах, эсэхийг шийдэж буй тээврийн цагдаагийн эрх мэдлийг хэн хянах вэ, оноо хасуулсан жолооч нь жолооны сургалтад дахин хамрагдаад, эрхээ сунгах, үүний зэрэгцээ сургалтдаа заавал суухгүйгээр 100 мянган төгрөг төлөөд үнэмлэхээ авах зэрэг нь хэнд ашигтай байв гэхчлэн олон хардлагыг төрүүлдэг. Цаашилбал, татварын байгууллагынхан, эсвэл төрийн өмчит компанийн удирдлагууд төлөвлөгөө давуулан биелүүлсэн гэх үндэслэлээр хэн нэгнийг, хэсэг бүлэг хүнийг шагнахдаа мөн л журмаар зохицуулж байна. Жишээнь, төлөвлөгөөгөө биелэх үндэслэлээс нь зориуд доогуур босго тавьж, төлөвлөөд шагнаад байж болох уу? Энэ мэтчлэн журмыг хавтгайруулах нь хуулиар олгогдсон эрх мэдлээ хуульд тусгаж байгаад хууль тогтоох эрхгүй субъектүүдэд олгосон маш том зөрчил юм. Энэ завхралыг анхны 126 гишүүнтэй парламент сайтар цэгцлэх нь чухал.
Журмыг цэгцлэхэд яарах шалтгааныг дараах тоон үзүүлэлтүүд харуулж байна. Яагаад 880 гаруй хуультай, 2357 журамтай болчихов, Б.Энхбаяр гишүүний хэлсэнчлэн, ямар замаар Засгийн газрын түвшинд Сангийн яам 88, Санхүүгийн зохицуулах хороо 66, Монголбанк 36 журмаар улс орны санхүү, эдийн засгийг зохицуулах болов. Энэ бүхэн авлига, дур зоргын авирлал, хүний эрхийн зөрчлүүдийг нэмэгдүүлэхэд хэрхэн нөлөөлөх вэ. Ялангуяа ард түмний төлөөллийн эрхийг тийм эрхгүй гүйцэтгэх эрх мэдлийн нэг даргад шилжүүлж буйгаа ойлгож, хууль завхруулсан журам “үйлдвэрлэх”-ээ зогсоо гэсэн анхааруулга өгч буй нийгмийн болон эрх зүйн захиалга болж байна.
У.Оргилмаа