Шатар бол жирийн тоглоом, зугаа цэнгэл бус. Оюуны сорилго, хүний ухааны эрч хүч, охь ундарга болсон гайхамшигтай спорт билээ. Шатрыг эртний Энэтхэг орноос үүсэлтэй хэмээн үздэг нь түүх, археологийн эх үндэс, нотолгоо байдаг болоод ч тэр биз ээ. Тэгэхдээ шатар Монголоос гаралтай байх магадлалтай гэж үзсэн Х.Дарамбазар, Ч.Эрдэнэ, А.Пунсаг зэрэг олон судлаач, зүтгэлтэн байдгийг тодотгож дурдах нь зүйтэй. Нөгөө талаар үндэсний монгол шатрын бүлүүдийн нэр томьёо харь орноос зээлдмэл буюу орчуулгын биш, язгуурын монгол үгс байдаг нь шатар монголчуудаас гаралтайг гэрчлээд байх юм шиг. Мөн дэлхий нийтийн шатрын нэр томьёонд манай шах, жид, мад, ноён, хатан, бэрс, морь, тэмээ гэх зэрэг үг ялимгүй гажсан (бэрс-ферз), эсвэл тухайн орон (180 гаруй) өөрийн улсын хэлээр орчуулан хэрэглэсээр байгаа билээ. Монголчууд шатрыг дээр үеэс бүх нийтээрээ эр, эм, хөгшин, залуу ялгаагүй тоглож ирсэн. Тоглохдоо бие, сэтгэл, оюун ухаанаа шингээж зориулдаг байсныг доорх гурван тоглолт харуулах болов уу.
Нэг. ОХУ-ын Хабаровск хотын генерал, губернатор Альфред Кайзеринг 1910-аад онд Монголын Да хүрээнд зочлохдоо VIII Богд Жавзандамба хутагттай шатар тоглож хожигдсоноо дурдаад, “Уг тоглолтын үеэр хутагтыг зорьж ирсэн сүсэгтэн, мөргөлчдөө Богд гэгээн гартаа барьсан шатрын бодоороо адисалж байлаа” хэмээн дурсамж номдоо бичжээ.
Хоёр. Улаанбаатараас орон нутгийн нэгэн сумд томилогдсон залуу багш сургуулийнхаа захиралтай шатар тоглох зуураа түүнд хандан “Манай сургуулийн хашаан дахь жорлон хаалгагүй юм байна. Би хаалга хийлгэе” гэхэд захирал нь “Энэ муу жорлонгоос юу алдав” гэж хэлээд “дуг нөхөөр” гэжээ.
Гурав. Сум нэгдлийн дарга, орлогч хоёр шатар наадаж суухад нь малчин залуу орж ирмэгцээ “Цасан шуурга шуураад, адуугаа алдчихлаа” гэхэд дарга нь “Шуурга гэж” хэлээд “Ноёнд шаг” хэмээжээ.
Дөрөв. Урьд цагт хоёр хүн шатар мөрийтэй тогложээ. F2-ын хар хүү бэрс гарч цагаан ноёныг мадлахад ойр байв. Цагаанаар тоглосон гэрийн эзэн сайн нүүдэл олж харахгүй, ихэд бодлогошрон суулаа. Тэгэхэд шатарт сайн боловч нийтэд илэрч мэдэгдээгүй байсан сэргэлэн цовоо бэр нь сайн нүүдлийг олж хараад, эсрэг тоглогчид нь сэжиг авхуулахгүйгээр хадам аавдаа ингэж хэлжээ. “Аав та тэнгэр муухайрах гэж байхад шатар тоглоод байвал хасаг тэрэгнүүдийг чинь хэмхчиж хаяад, шарга ингэндээ хоёр хүүгээ тэгнээд явчихна шүү” гэж эрхэлж тунирхсан янз байдалтайгаар хэлэхэд хожно гэж баттай найдсан хар талын тоглогч нь анзаарсангүй өнгөрчээ. Харин хадам аав нь “Манай бэр яавч дэмий үг хэлэх учиргүй, надад л санаа авхуулах үг байж таарна” гэж таамаглаад, “Хасаг тэргээ хэмхэлж хаяна гэдэг нь тэрэгнүүдээ сул өгч идүүлээд, тэмээний дуг нээж хож” гэсэн үг юм байна гэдгийг бодож олоод, дараах байдлаар нүүж, хар талыг хожиж, мөрий бооцоогоо авсан гэдэг.
Шатрын байрлал нь: Цагаан Нв1, Тра1, Та2, хүү В6, С6. Хар нь Нв8, Бе2, хүү F2.
Нүүсэн нь: 1.Тра8+На8: 2.Тс5 Нв8, 3.Тра8+На8, 4.С7+х гээд хожжээ.
Энэ нь үндэсний монгол шатрын тэмээн түгжээ гэдэг цол гуншинтай хожил юм.
Тав. Үндэсний монгол шатар нь энэ мэтээр уран гоё төгсгөлүүд буюу хожлууд олонтой. Морин дөрөв, таван сайхан, долоон хотгор, алаг арав, хорин дөрөв, тэмээн тойруулга, буурал морины бухалт, буурын соёоны сүлбэлт зэрэг цол, гуншин бүхий 20 гаруй уран хожлын төгсгөл байдаг.
Монгол үндэсний шатарчдын хожихын утга, амт, гайхамшиг нь чухам цол гуншинд л байдаг ажгуу.
Монгол Улсын Үйлчилгээний гавьяат ажилтан, инженер-технологич Т.ДАШДЭЛЭГ