Нийслэл, аймаг, дүүргүүдэд зохион байгуулах “Сонгох эрхийн өдөр” сонгогчийн нээлттэй өдөрлөг 28-29-нд үргэлжилнэ. Өдөрлөгийн үеэр сонгуулийн хороод санал авах жишиг байр ажиллуулан сонгогчдод мэдээлэл хүргэж, AR технологиор бүтээсэн “Сонгогчийн цахим хөтөч” болон эрх зүйн эмхэтгэл түгээж, саналын хуудасны загварыг танилцуулах нь.
Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны есдүгээр сарын 9-ний өдрийн 199 дүгээр тогтоолоор Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн саналын хуудасны загварыг баталсан. Үүний дагуу сонгогч саналын хуудсанд өөрийн дэмжиж буй нэр дэвшигчийн өмнөх зууван дүрсийг дүүргэн будаж, саналаа тэмдэглэнэ. Мандатын тооноос илүү нэр дэвшигчийн төлөө санал тэмдэглэсэн бол санал нь хүчингүй болно гэдгийг сонгогчдод анхааруулж байна.
У.ОРГИЛМАА