Лаос улсад хөл бөмбөгийн Азийн 20 хүртэлх насны аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тоглолт үргэлжилж байна. Энэ сарын 29-нд өндөрлөх дээрх тэмцээнд Монголын шигшээ багийнхан оролцохоор эх орноосоо мордсон. Энэ удаа багийн ахлах дасгалжуулагчаар Б.Анар, туслах дасгалжуулагчаар П.Алтантулга, хаалгачийн дасгалжуулагчаар Б.Нармандах ажиллахаар томилогджээ. Манайхан эхний тоглолтоо Энэтхэгийн шигшээтэй өнөөдөр өрнүүлж, 27-нд Лаос, 29-нд Ираны багийнхантай өрсөлдөнө. Сонирхуулахад, Словакийн хөл бөмбөгийн дээд лигийн 2024-2025 оны улирлын VIII тойрогт Монголын шигшээ багийн тамирчин, легионер Г.Ганбаярын нэгдсэн “ФЦ Комарно” клубийнхэн “АС Тренцин” клубийнхнийг 2:1-ээр буулгаж авав. Эл тэмцээнд багийнхнаасаа Г.Ганбаяр тоглолтын хоёрдугаар үед талбайд гарч, довтолгооны үндсэн зүүн жигүүрт идэвхтэй тоглож, гоол оруулснаар тус багийнхан есөн оноотой болж хүснэгтийн V байрт жагсав.