Авто замын хагарал, эвдрэл, ашиглалтын чанарыг автоматаар хэмжиж илрүүлэх лазер төхөөрөмжийг нийслэлд туршиж эхэлжээ. Энэхүү төхөөрөмж нь LCMS (Laser crack measurement system) нэртэй бөгөөд цаашид Улаанбаатарын авто замын бүх мэдээллийг цуглуулах боломж бүрдүүлэхээрээ онцлогтой гэнэ. Замын хөдөлгөөн бага үед буюу шөнийн цагаар л эл төхөөрөмжөөр хэмжилт хийх боломжтой аж.
Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр “Уг төхөөрөмж замын дөрвөн метрийн өргөн хэсгийг хоёр метрийн өндрөөс хэмжиж, бүх хагарал, гэмтлийг тодорхойлдог. Үүний дараа тухайн замд тохирсон засвар, арчлалтыг тогтооно. Түүнчлэн тус замыг хэзээ засварлах шаардлагатайг цаг хугацаа, эдийн засгийн тооцоотой нь гаргадаг нарийвчилсан системтэй” гэв. Одоогоор Чингэлтэй дүүргийн нутаг буюу Долоон буудал орчмын замд уг төхөөрөмжийг туршиж байна.