Жендерийн үндэсний хороо, Дэлхийн банк хамтран Монгол Улсын Жендерийн нөхцөл байдлын үнэлгээ болон “Эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүүг багасгах талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-г (2024-2027) Танилцуулсан юм. Монгол Улсын Жендерийн нөхцөл байдлын үнэлгээг анх 2005 онд хийснээс хойш энэ нь гурав дахь удаагийн тайлан болж буй аж. Дэлхийн банкны Нийгмийн хөгжлийн ахлах мэргэжилтэн, төслийн багийн ахлагч София Жеорижева “Монгол Улс жендерийн тэгш байдлын гол үзүүлэлтээрээ дэлхийн хэмжээнд болон Азидаа харьцангуй сайнд тооцогддог. Мөн эдийн засгийн өндөр хөгжилтэй орнуудаас илүү сайн үзүүлэлттэй байна. Жендерийн тэгш байдлыг хангахын тулд хууль, эрх зүйн болон институцийн чухал алхмуудыг хийсэн.
Гэсэн ч жендерийн ноцтой ялгаа байсаар. Эдгээрийн ихэнх нь жендерийн болон нийгмийн тогтсон хэм хэмжээнээс үүдэлтэй” гэв. Үнэлгээний төгсөлд манай улсад хэрэгжүүлэх шаардлагатай зөвлөмжийг тусгажээ. Дэлхийн банк, Үндэсний статистикийн хороо, Жендерийн үндэсний хороо хамтран эрэгтэй хүний дундаж наслалт, амьдралын чанарт нөлөөлж буй хүчин зүйлийг илрүүлэх зорилгоор үндэсний хэмжээнд суурь судалгааг өмнө нь хийсэн юм. Энэ оны байдлаар эмэгтэйчүүдийн дундаж наслалт 77, эрчүүдийнх 68 байна. Харин гурван жилийн дараа буюу 2027 онд эмэгтэйчүүдийн дундаж наслалт 78, эрчүүдийнх 69 байхаар тооцоолжээ. Тиймээс энэ зөрүүг ойртуулахын тулд “Эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөр үүг багасгах талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-г боловсруулсан байна. Тайланд дурдсанаар ажиллах насны бүлгийн дунд 75 хүртэлх насны эрэгтэйчүүдийн нас баралт эмэгтэйчүүдийг бодвол илүү их.
Халдварт бус өвчин нас баралтын гол шалтгаан болж буй. Ялангуяа зүрх, судасны өвчин ба хорт хавдар голлох шалтгаан болсныг дурджээ. Мөн эрэгтэйчүүд амиа хорлолт, осол ба бусдын гарт амиа алдах явдалд тэнцвэргүйгээр өртөж буйг онцолсон юм. 10-45 насны эрэгтэйчүүдийн нас баралтын гол шалтгаан нь амиа хорлолт болон гэнэтийн осол, эндэгдэл ажээ. Монгол эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын зөрүү 2018 онд 9.6, 2024 онд 9.2 жил байна. Харин 2027 онд энэ зөрүү есөн жил болох бол 2050 онд бүр дөрөв болж буурах гэнэ. Энэхүү төлөвлөгөөг дөрвөн жилийн хугацаанд хэрэгжүүлснээр дундаж наслалтын зөрүүг багасгахад ахиц гаргах, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах хандлага, дадлыг хэвшүүлэх, эрэгтэйчүүдийн гэнэтийн, зуурдын шалтгаант нас баралтыг бууруулах болон төрийн зарим чиг үүргийг гүйцэтгэж буй төрийн бус байгууллагуудын чадавхыг нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулна гэж мэргэжилтнүүд үзэж байна.
Ч.БОЛОР