Түүнийг Габреиль Даулинг гэдэг. Харин хүүхдүүд Диди гэж дууддаг. Монголчуудад Диди нэрээрээ танигдсан австрали эмэгтэй. Манай улсад анх 1993 онд иогийн багшаар ажиллахаар хөл тавьсан ч гэр оронгүй, өнчин хүүхдүүдэд туслахаар сэтгэл шулуудсан түүхтэй. Амьдралынхаа 30 гаруй жилийг асрамж, халамж хэрэгтэй хүүхдүүдийг тойглоход зориулсан, “Бадамлянхуа” төвийн үүсгэн байгуулагч Дидитэй ярилцлаа. “Хүүхдийн эрх ашгийг үргэлж нэгдүгээрт тавьдаг, бүр ухаанаа алддаг хүн дээ” хэмээн ажилтнууд нь түүнийг тодорхойлно лээ.
-Таны Монголд анх ирсэн буюу 31 жилийн өмнөх болон одоогийн Улаанбаатар хотын хөгжлийн тухайд, хамгийн их мэдрэгдсэн өөрчлөлт юу байв гэдгээс ярилцлагаа эхэлье.
-Тэр үед амьдрал их энгийн байлаа. Хэдийгээр зах зээлийн системд дөнгөж шилжээд, ороо бусгаа цаг таарсан ч хүмүүс нь их тайван, хүлээцтэй, буй зүйлдээ сэтгэл хангалуун амьдарч байсан мэт санагддаг. Одоогийнх шиг худалдааны томоохон төвүүд байгаагүй. Гэхдээ энэ байдал нь надад илүү таалагддаг байв. Харин одоо хүмүүс их завгүй болжээ. Тухайн үед цаг баримтална гэж бараг үгүй. Цаг товлосон хүнтэйгээ нэг хоногийн дараа уулзах нь энүүхэнд. Би Монголд ирэхээсээ өмнө хэсэг хугацаанд Японд амьдарсан юм. Тиймээс монголчуудын цаг барьдаггүй занг эхэндээ гайхсан. Харин одоо өөрөө товлосон цагаасаа хоцрох талдаа. Назгай болжээ.
-Монгол орон яагаад таныг ингэж олон жил явуулахгүй “уяв”?
-Мэдээж хүүхдүүд. Анх ирээд гудамжинд гэр оронгүй, ноорхой хувцастай, өлсгөлөн ходоодтой хүүхдүүдийг хараад туслах сэтгэл төрсөн. Австралиас ирэхээсээ өмнө Монголын талаар мэддэггүй байсан. Хүүхдүүд траншейнд амьдарч байгааг ч мэдээгүй. Тэр бүхнийг хараад иогийн багшаар ажиллах зорилгоо өөрчилж, хүүхдүүдэд үйлчлэх болсон доо.
-Хүүхдүүдэд туслах зорилгоор “Бадамлянхуа” асрамжийн төвийг нээжээ. Одоо хэчнээн хүүхэд амьдарч байна вэ?
-Орох оронгүй хүүхдүүдийг гэртээ дагуулан ирж, усанд оруулж, хооллодог байв. 1993 онд хоол хүнс хангалттай биш, худалдан авахад ч төвөгтэй. Хүүхдүүд арьсны тууралт, харшил, хамуу, бөөстэй байлаа. Хувцас муутай, үнэхээр хүнд нөхцөлд байсан. Ингээд гэрээрээ тусламж үзүүлээд яваад байж болохгүй тул албан ёсоор асрамжийн төвөө байгуулсан юм. Одоо 53 хүүхэд амьдарч байна. Саяхан нэг хүү ах дээрээ ирсэн. Дөрвөн сартай нярайгаас 21 хүртэлх насны хүүхдүүд бий.
-“Гудамжны” гэж нэрлэдэг хүүхдүүд ховор болсон. Гэхдээ хагас, бүтэн өнчин, эцэг, эх нь архины хамааралтай, хүчирхийлдэг гээд асаргаа шаардлагатай хүүхэд олон бий. Танай төв хүүхдүүд ямар “замаар” ирдэг юм бэ?
-Улсын хэмжээнд Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар гэж бий. Дүүрэг бүр Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэстэй. Тэндээс бидэнтэй холбогддог юм. Гэвч төвийнхөө боломжид тааруулж, шинээр хүүхэд авах, эсэхээ шийддэг. Ирэх хүүхдийн тоо олон ч бүгдийг нь хүлээн авах боломжгүй. Хэрэв асрамжийн төвд хүүхэд хүлээн авахаар бол тухайн дүүрэг, хорооны Засаг дарга захирамж гаргадаг. Зарим хүүхдийн маань эцэг, эх нь бий. Гэвч маш цөөн удаа ирж уулзсан. Бүтэн, хагас өнчин хүүхэд голдуу. Энд ирснийх нь дараа ээж, эмээ нь нас барсан тохиолдол цөөнгүй гарлаа. Архины хамааралтай байсан, гэнэт л өөд болсон гэх таагүй мэдээ дуулгадаг.
-Хүүхдүүдийг хараад бага насаа санадаг байх. Австралид таны бага нас хэрхэн өнгөрсөн талаар сонирхуулж болох уу?
-Би долоон хүүхэдтэй айлын дунд охин. Өнөр олуулаа өссөн. Хөдөө газар ах, дүү, хамаатан садантайгаа амьдардаг байв. Багаасаа бусдад туслах дуртай, сайн дурын үйл ажиллагаанд оролцдог байлаа. Манай гэр сургуулиас нэлээд зайтай. Нэг цаг гаруйн дараа сургуульдаа очно. Ер нь бэрхшээл их байсан тул ахлах сургуулиа төгсөж чадаагүй. Гэхдээ өөрийн хүсэл мөрөөдөл, зорилготой хүүхэд байлаа.
-Танай асрамжийн төв хүүхдүүдийн боловсролд гойд анхаардгаараа бусдаас ялгардаг юм билээ. Өндөр төлбөртэй хувийн сургуульд сургадаг гэж дуулсан.
-“Улаанбаатар элит”, “English school of Mongolia”, герман хэлний “Дойче Шуле”, хятад хэлний сургалттай “Хишиг” болон франц сургуульд хүүхдүүдээс маань сурч байна. Зарим нь хөнгөлөлттэй үнээр суралцдаг. Мөн “Их засаг” болон СУИС-ийн лицей сургуульд тус бүр нэг хүүхэд суралцдаг. Энэ жил их, дээд сургуульд найман хүүхэд сурч байна. Тухайлбал, СЭЗДС, Хүмүүнлэгийн ухааны их сургууль, “Улаанбаатар” их сургууль, “Эм Ай Ю”-д сурдаг. Түүнчлэн “Аварга” дээд сургуульд гар бөмбөгийн багшийн мэргэжлээр нэг хүү суралцаж байна. Мөн манай төвд тусгай хэрэгцээт хүүхэд бий. Хичээлийн хоцрогдол, оюун ухааны бэрхшээлтэй хэсэг хүүхэд тусгай сургуульд суралцдаг юм. Түүнчлэн “Солонго” төвд хамрагддаг. Эндхийн ерөнхий боловсролын 85 дугаар сургуульд таван хүүхэд суралцдаг. Цэцэрлэгт дөрвөн хүүхэд явж байна. Нэг нярай бий. Түүнээс бусдаар хүүхдүүд маань нас насандаа тохирсон боловсрол эзэмшиж байгаа. Бид суурь боловсрол эзэмшүүлэхээс гадна амьдрах ухаанд сургаж, чадамж суулгахад анхаардаг. Тухайлбал, талх, нарийн боов, оёдол, мужааны сургалтад хамруулдаг. Бүх хүүхэд оюун ухааны хувьд өндөр чадамжтай биш учраас ур чадвар эзэмшүүлэх, хоолоо олж идэх чадамжтай болгоход анхаардаг гэсэн үг. Гачууртын энэ төвдөө морь, тахиатайгаас гадна ногооны хүлэмжтэй. Хүүхдүүдийг амьдрах ухаанд сургаж, боловсрол, чадварыг хослуулан тэнцвэртэй байлгах гэж хичээдэг. Тэд талхаа барьж, боорцог хайрч, ногоогоо тарьж, хурааж байна. Сэлэнгэд жижиг хэмжээний зөгийн аж ахуйтай. Мөн гар бөмбөг, дуу хөгжим, уран зургийн дугуйланд явж байгаа. Зундаа хүүхдүүдийг монгол гэрт амьдруулдаг. Монгол хүн монгол ахуй, соёлоо мэдэх нь зөв гэж боддог. Бас жил бүр хүүхдүүдтэйгээ хөдөө аялдаг. Асуудлыг шийдвэрлэж, бие дааж сургахын тулд энэ зун хөвгүүдтэйгээ дугуйгаар аяллаа. Өвөрхангай аймгийн Хархоринд очсон.
-Та энэ хугацаанд хэчнээн хүүхдийг асран халамжилсан бол?
-Миний гараар 300 гаруй хүүхэд өсөж бойжсон. Урт болон богино хугацаанд хамт байжээ. Төвд анх ирсэн хүүхдүүдэд боловсрол эзэмшүүлэхэд амаргүй байв. Олон жил гудамжинд амьдарсан, сургууль завсардсан, том хүүхдүүд ирсэн. Хангалттай сайн боловсрол эзэмшиж чадаагүй. Гэсэн ч тэд маань сайхан амьдарч байгаа. Гэр бүл, үр хүүхэдтэй болж, ажил хөдөлмөр эрхэлж байна. Тэднийг би илүү хүнд үеийг туулсан гэж боддог. Харин одоо төвд бага насандаа ирсэн, олон жил амьдарч байгаа хүүхдүүдэд илүү боломж бий гэж хардаг. Манай хүүхдүүдээс төрийн албанд ажиллаж байна. Мөн АНУ, Чех, Бахрейн зэрэг олон оронд ажиллаж, амьдардаг.
-Танд хүүхэдтэй холбоотой сайхан дурсамж олон байх. Тухайлбал, тэд таныг хэрхэн баярлуулдаг вэ?
-Олон сайхан дурсамж бий. Хүүхдүүд энд ирэхээрээ хуучин цагаа дурсаж, инээлддэг юм. Би эмээ болсон. 120-иод ач, зээтэй болжээ гэж надад хэлсэн. Тэдний бүжиглэж, дуулж буй бичлэгийг явуулдаг. Бас бэр гуйж хүмүүс ирсэн нь сэтгэлд үлджээ. Нэг охины маань нөхөр болох залуугийн аав, ээж нь хадаг тавьж, гуйсан. Одоо тэд гурван хүүхэдтэй. Төвд амьдарч байсан үеэ сайхнаар дурсдагт баярладаг. Мэдээж хүүхдүүд аав, ээжээ санадаг байсан. Гэхдээ олон хүүхдийн гэр орон нь энэ төв. Зарим хүүхэд насанд хүрсэн ч асрамжийн төвд өссөн гэдгээ хэлэхээс ичдэг, санаа зовдог юм билээ. Энэ нь хүмүүсийн үзэл бодол, байр суурь, харилцаа хандлагатай холбоотой. Өөрөөр хэлбэл, асрамжийн төвд өссөн гэхээсээ ичих биш, хэрхэн хүлээж авч, ямар хариу үйлдэл гаргах бол гэдгээс санаа зовдог. Зарим нь хэн, юу гэх нь хамаагүй гээд тоодоггүй. Найзууд минь мэддэг. Энэ бол асуудал биш гэдэг. Гэхдээ хүмүүс өрөвдөж, эсвэл дорд үзсэн байдлаар ханддаггүй бол сайн сан.
-Бага насны хүүхэд цөөнгүй юм. Тэд таныг хэн гэж дууддаг вэ?
-Ер нь хүүхдүүд Диди гэж дууддаг. “Ээж ээ” гэж дууддаг ч хүүхэд бий. Гар утсан дээрээ “mоmmy” гэж хадгалсан байдаг. Сэтгэлдээ хайрладгийнх нь илрэх болов уу.
-Ганц хүүхэд өсгөж, хүмүүжүүлэхэд ч амаргүй. Тэр дундаа хөвгүүдийг хүмүүжүүлэхэд чанга байх.
-Хүйс гэхээс илүү хүүхдийн зан ааш чухал нөлөөтэй. Хөвгүүдтэйгээ зун дугуйгаар аялахад таатай байсан. Эхэндээ охидод илүү анхаарч, хөвгүүдийг орхигдуулсан байж мэднэ. Одоо хөвгүүдийг илүү сайн ойлгодог болжээ. Манай хүүхдүүд хоорондоо муудалцаж, зодолдох нь харьцангуй бага. Хоёр хүү маань цэргийн алба хааж байна. Хилийн болон дотоодын цэрэгт татагдсан. Сар бүр эргэлтээр очдог юм. Энэ намар халагдана.
Биднийг ийн ярилцах зуур хамар, хацар нь улайсан, ялгахад бэрх хоёр жаахан хүүхэд гүйхээрээ орж ирлээ. Тэд “English school of Mon¬golia” сургуулийн нэгдүгээр ангид сурдаг ихрүүд. Ахтайгаа хамт энэ төвд амьдардаг ажээ. Хэдийгээр сургууль нь асрамжийн төвөөс хол зайтай ч сайн боловсрол эзэмшүүлэхийн тулд хүргэж өгч, зөөдөг гэнэ. “Сургууль хэр байна” гэхэд ихрийн нэг, нүд нь гялалзсан цовоо хүү эрхий хуруугаа гозойлгоно. “Өглөө эрт гараад өдийд (17.30 цагийн үед) ирж байгаа учраас манай хоёр их ядарчээ” хэмээн төвийн менежер эмэгтэй хэлэв. Өрөөнд цөөнгүй муур харагдсан. Диди гудамжинд өлсөж цангасан муур, нохойг ч тэжээдэг аж.
-Таны ажлыг гэр бүлийнхэн нь ойлгож, дэмждэг үү. Монголд ирж байсан уу?
-Аав, ээж хоёр минь 2000 онд Монголд ирсэн. Энд ирсэн нь зөв болсон. Миний хийж байгаа ажлыг нүдээрээ хараад ойлгож, хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ бүрэн дүүрэн бол биш.
-Энэ олон хүүхдийг хооллож, хувцаслаж, эрүүл, боловсролтой өсгөхөд шаардлагатай санхүүгийн асуудлыг хэрхэн шийдвэрлэж, зохицуулдаг юм бэ. Олон бэрхшээл тулгарсан нь ойлгомжтой.
-Маш олон бэрхшээл учирч байсан. Яармагт байхад орчин нөхцөл хэцүү. Тэр үед 150 гаруй хүүхдийг харж, асарч байлаа. Санаа зовоод нойр хүрдэггүй байв. Олон нярай хүүхэдтэй. Харин одоо өөртөө зориулах цаг гарч байна. Өглөө дугуйгаа унаад, голд сэлсэн. Бид асрамжийн газрынхаа үйл ажиллагааг хандив тусламжаар зохицуулдаг. Би guest house ажиллуулж, орлогоос нь нэмэрлэж байна. Бусдын гар хардаг учраас тогтмол орлогогүй. Монголд өвөл амьдрахад бэрх. Өртөг өндөр. Цахилгаан халаагууртай учир сард 20 орчим сая төгрөг төлдөг. Харин бид энэ өвлөөс урьтаж, халаалтын системээ шинэчлэх гэж байгаа. “Айвико” тарилгын шингэний үйлдвэрийнхэн биднийг ойлгож, туслахаар болсон. Мөн “Алтан тариа” компанид маш их талархдаг. Сар бүр гурил, хүүхдийн будаа, гоймон өгдөг юм. Дотоодын үйлдвэрээс тасралтгүй 20 гаруй жилийн турш тусалж, дэмжиж ирсэн нь “Алтан тариа” компани. Мөн “Росторг”, “Таван богд” компанийнхан нэг хүүхдийн маань байшингийн дээврийг сольж өглөө. Бидэнд шантрах үе их байсан ч сайхан сэтгэлтэй хүмүүсийн дэмээр өдий хүрсэн. “Нарантуул” захын худалдагч залуу намайг таньж, барааныхаа үнийг хямдруулах жишээтэй. Харин Монгол Улсаас хүүхдүүдэд хувьсах зардал олгож байгаагүй.
-Таныг монгол соёл, уламжлалыг ихэд дээдэлдэг гэж сонссон. Цагаан сарын баярыг өргөн тэмдэглэдэг гэв үү?
-Тийм ээ. Би Цагаан сарын баярт хамгийн дуртай. Хүүхдүүдээ зочлоход монгол ахуйн бэлгэдэл бүхий гарын бэлэг өгдөг. Үндэсний дээл хувцас өмсөж, монгол хээтэй авдар, эсгий гудас хэрэглэдэг. Би цагаан хоолтон. Тиймээс монгол хоолноос илүү ахуй, соёлд нь дуртай. Гэхдээ айраг, тараг, цагаан идээнээс буцахгүй шүү. Монголын уламжлалт соёл, ахуйд бүх зүйл нь оршдог. Мөн үзэсгэлэнт газар олонтой.
-Төрсөн нутгаа санаж байна уу. Хамгийн сүүлд хэзээ очсон бэ?
-Нэг их санадаггүй. Мэдээж Австрали их сайхан орон. Нутгаасаа гараад олон жил болжээ. “Ковид-19” цар тахлын үеэр нутагтаа байж таарсан юм. Ахан дүүс, ээж минь нутагтаа амьдарч байна. Гэвч нуулгүй хэлэхэд гэр орон минь биш юм шиг санагдсан. Гунигтай байлаа. Юу хийхээ ч мэдэхгүй. Гэхдээ хэсэг хугацааны дараа байдал дээрдсэн. Найз нөхөдтэйгөө уулзаж, аялсан. Би Монголд “гацсан”, бүх зүйл минь энд бий. Гэр орон минь гэж боддог. Олон ч сайхан найзтай боллоо.
-Уучлаарай, таныг монгол хүүхдүүдийн нэрээр хандив цуглуулдаг, үүнийг нь хэн ч хянадаггүй хэмээх хардлага байдаг юм билээ. Энэ тухайд та юу хэлэх вэ?
-Хүүхэдтэй ажилладаг төрийн бус байгууллага гэдэг утгаараа бид хууль хяналтынханд байнга шалгуулдаг. Магадлан итгэмжлэлд хамрагдахын тулд мөн л шалгуулж байна. Тайлан, мэдээгээ холбогдох газруудад цаг тухайд нь өгдөг. Монгол Улсын хууль дүрмийн дагуу ажиллаж байна.
-ХЭҮК-оос асрамж, халамжийн төвүүдийг шалгахад хүүхдийн эрхийг зөрчсөн тохиолдол цөөнгүй гарчээ. Ялангуяа өмч хөрөнгөтэй ч өвлөж чадахгүй байгаа талаар мэдээлсэн.
-Өдий болтол манай төвд үл хөдлөх хөрөнгөтэй, нэр дээрээ өмчтэй хүүхэд гарч ирээгүй. 18-21 насны бүтэн өнчин хүүхдэд улсаас нэг удаа 1.2 сая төгрөг олгодог. Энэ мөнгийг авахын тулд асрамжийн газарт өссөн нь үнэн гэсэн тодорхойлолтоос гадна өмчтэй, эсэхийг нь тодруулдаг юм. Хорооны халамжийн ажилтан нягталж үзээд шаардлагатай гэвэл 1.2 сая төгрөг өгдөг. Түүнчлэн сар бүр олгодог хүүхдийн мөнгө өөрсдийнх нь хадгаламжийн дансад шууд ордог. Энэ мэдээллийг нь бид Гэр бүл, хүүхэд, хөгжлийн хэлтэст явуулдаг. Хүүхэд нь асрамжид байдаг хэрнээ ар гэр нь мөнгийг нь авдаг тохиолдол гарсан. Тэр бүхнийг таслан зогсоож, хадгаламжид нь байршуулдаг болсон.
“Хүүхэдтэй ажиллах тийм амар биш ээ. Би одоо 64 настай. Миний насны хүн тэтгэврийн мөнгөө аваад, улс орноор аялах байх. Тэднээс өөр байгаа нь миний хувь тавилан. Би монгол хүүхдүүдтэй амьдралаа холбосон. Үүнээс өндөр настай болсон хойноо төрсөн нутагтаа очихыг үгүйсгэхгүй” хэмээн Диди хэлээд инээмсэглэх. Төрсөн даруйдаа тус төвд ирж, түүний энгэрт наалдаж, хүн болсон хүүхэд цөөнгүй. Ид залуу насандаа эх оронд минь ирж, харь элгийн хүүхдүүдийг хайрласан танд талархлаа.