Сэлбэ дэд төвийг түшиглэн гэр хорооллыг орон сууцжуулах төслийн эхний ээлжийн 13 га талбайн барилга угсралтын ажлын тендерийг өчигдөр нээлээ. Тендерийг өнгөрсөн сарын 26-нд зарласан бөгөөд хоёр багцад хуваажээ. Нийт төсөвт өртөг нь 240 тэрбум төгрөг юм байна. Сэлбэ дэд төвийг түшиглэн гэр хорооллыг орон сууцжуулах төслийн эхний ээлжийн 13 га талбайн тендерийн үр дүнд хоёр талбайд нийт 18 блок орон сууц барихаар төлөвлөжээ. Тодруулбал, 10 блок есөн давхар, найман блок таван давхар орон сууц барих гэнэ.
Түүнчлэн төлөвлөж буй 13 га талбайд 960 хүүхдийн сургууль, 240 хүүхдийн цэцэрлэг, хоёр болон 12 давхар үйлчилгээний барилгууд барихаар төлөвлөсөн аж. Хоёр багц тус бүрд хоёр оролцогч компани тендерийн материал ирүүлсэн байна. Тендерийг нээх үед “Нийслэлийн орон сууцны корпорац”-ын мэргэжилтэн Б.Батзориг “Тендерийн нэгдүгээр багцад “Бодь пропертийз”, “Хунан индастриал экүйпмэнт инсталэйшн” компани материал ирүүлсэн байна. Хоёрдугаар багцад “Чайна констракшн континэнт энд өүшн Монголиа”, “Хунан индастриал экүйпмэнт инсталэйшн” ХХК материал ирүүлжээ. Дээрх компаниуд хуулийн дагуу тендерийн баталгааг байршуулсан.
Үнэлгээний хорооныхон ажлын 15 хоногт багтаан тендерт оролцогчдод мэдэгдэл, захиалагч нарт шийдвэр, зөвлөмж хүргүүлнэ. Тендер нээснээс хойш ажлын 30 хоногт багтаан шалгарсан компанитай гэрээ байгуулах юм. Гэрээ байгуулж дууссаны дараа барилга угсралтын ажил эхэлнэ. Эхний ээлжийн 13 га талбайн барилга угсралтын ажлын тендерийг шалгаруулсны дараа инженерийн шугам сүлжээ, ногоон байгууламжийн ажилд тусдаа тендер зарлана” гэсэн мэдээлэл өглөө.
М.ОЧ