Шинжлэх ухааны салбарт 20-иос доошгүй жил ажилласан, шинжлэх ухаан, технологи, инновацын хөгжилд онцгой хувь нэмэр оруулсан, эрдэм шинжилгээ, Судалгааны бүтээл нь олон улсад үнэлэгдсэн Дотоодын болон гадаадын эрдэмтдийг ШУА-иас “Хубилай хаан” медалиар шагнадаг уламжлалтай. 2024 оны шинжлэх ухааны салбарын дээд шагналын эзнээр УИХ-ын гишүүн, академич Д.Рэгдэл, УИХ, Засгийн газрын гишүүн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан, Мал эмнэлгийн хүрээлэнгийн захирал, доктор Б.Батцэцэг, ОХУ-ын Шинжлэх ухааны академийн Алс Дорнодын холбооны их сургуулийн Байгалийн ухааны сургуулийн захирал, академич Валентин Иванович Сергиенко, Япон Улсын Каназавагийн их сургуулийн Профессор Кацүжи Ёшиока нарыг тодрууллаа.
ШУА-ийн дэд ерөнхийлөгч, доктор Ц.Цэрэндорж тэдэнд өчигдөр шагналыг нь гардуулсан юм. “Хубилай хаан” шагналыг хамгийн анх 2014 онд Бүгд Найрамдах Франц Улсын Цөмийн энергийн коммиссариатын харьяа Хүрээлэн буй орчны хяналтын департаментын захирал Бенедикт Гильнарт олгосон бол өнгөрсөн жил Английн хатан хааны нийгэмлэг, АНУ-ын Үндэсний шинжлэх ухааны академийн гадаад гишүүн, Нобелийн шагналт физикч Константин Сергеевич Новоселовт өгсөн билээ. Өнгөрсөн хугацаанд эл шагналыг нийт 18 хүнд олгосны 10 нь монгол, найм нь гадаадын эрдэмтэн, судлаач аж.
Өнөө жил шагнуулсан гадаадын эрдэмтдийн хувьд хоёр орны шинжлэх ухаан, технологийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, нарийн мэргэжлийн судлаач бэлтгэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан хүмүүс юм байна. Валентин Иванович Сергиенко нь Монгол, Сибирийн бүс нутгийн түүх, угсаатны зүй, соёл судлалын чиглэлээр шинжлэх ухааны олон арван бүтээл туурвиж, манай улсыг олон улсад таниулахад гойд хувь нэмэр оруулжээ. Харин Кац үжи Ёшиока нь хавдрын судалгааг шинэ Шатанд гаргахад онцгой үүрэг гүйцэтгэсэн, Каназавагийн Шилдэг профессоруудын нэг аж.