Швейцарын Цюрих хотод өрнөж буй ДАШТ-д Монголын баг дасгалжуулагч Т.Төгөлдөр, Э.Алтан-Очир нарын удирдлагад элит, 23 хүртэлх нас, залуучуудын ангилалд анх удаа хурд сорив. Тамирчид дээрх тэмцээнд оролцохын тулд олимпын наадмын адил эрх авч оролцдог. 75 улсын 1000 гаруй дугуйчин өрсөлдсөн эл тэмцээнд манайхан холимог багийн уралдаанд тоос өргөж, Монголын дугуйн спортын түүхэнд шинэ хуудас нээх нь. Эмэгтэйчүүдээс ОУХМ Ц.Солонго, спортын мастер Ж.Анужин, Э.Энхмаа нар тус хотод ганцаарчилсан уралдааны бэлтгэл хийж замтайгаа танилцсан байна. Тэд Гавьяат дасгалжуулагч Я.Баатарын удирдлагад бэлтгэл базаасан юм.
Элит ангилалд Азийн хүрэл медальт С.Жамбалжамц, залуучуудын дэлхийн аварга Б.Тэгшбаяр, 23 хүртэлх насныхад А.Даваажаргал, өсвөр үеийнхний ангилалд Э.Хишигсайхан, А.Хүслэн нар уралдахад бэлэн болжээ. Эхний өдрийн ганцаарчилсан цуваа гараатай уралдааны эрэгтэйчүүдийн 46.1 км-т ОУХМ Б.Тэгшбаяр дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөж, нийлбэр дүнгээр 37 дугаар байр эзлэв. Түүний өмнө Казахстаны “Астана” багийн Евгений Федоров оржээ. Тэд Азийн дугуйчдаас ДАШТ-ий цуваа гараанд эхний 50 байрт багтсан тамирчин боллоо. Эрэгтэйчүүдээс Парисын олимпын аварга, Бельгийн дугуйчин Ремко Эвенепол түрүүлсэн байна.
Эмэгтэйчүүдээс Ц.Солонго, Ж.Анужин нар цуваанд уралдаж 63, 64 дүгээр байрт орлоо. Ц.Солонгын дугуй уралдааны замд эвдэрч, бөөн гараат уралдааны дугуйгаар солин унаж тэмцээнээ дуусгажээ. Энэ удаа Австралийн багаас Грейс Браун тэргүүлсэн бол Нидерландын тамирчин Деми Воллеринг мөнгө, АНУ-ын дугуйчин Хлоя Дайгерт хүрэл медаль зүүлээ. Европ тивийн өндөр уулс болох Альпийн нуруунд болж буй энэ удаагийн ДАШТ-ий зам бартаа, саад ихтэй тул цөөнгүй тамирчин уралдааны явцад бэртэж гэмтсэн байна. Цюрихт ажиллаж, амьдардаг монголчууд нутгийнхаа тамирчдыг дэмжин, хэрэг болох зүйлсээр тусалж байгаа аж.