Монголд ажиллаж, амьдарч буй вьетнам иргэдийн нийтлэг төрх энэ юм. Нутгаа их санадаг ч очъё гэхээр замын зардал, визийн төлбөр гээд нийт хоёр сая гаруй төгрөг шаардлагатай учраас олон жил хүлцсэн гэх. Ажлын байр нь шалбааг шавхайтайн дээр хогонд дарагдаж, тоос шороо чигжсэн, бохир, ундуй сундуй гарааш. Хэдий тийм ч тэд гомдоллох эрхгүйгээр ажилладаг. Нэгэнт мөнгө хураахаар ирсэн тул гомдоллохгүй гэдгээ ч хэлэв.
Ажлын орчин нь дуу чимээ ихтэй, бохир, зарим нь бүр огиудас хүрмээр. Будаг, бодис үнэртэж, тоос тортог битүү цайрч нүд хорсгоно. Шалаар нь цахилгааны утас хөглөрч, хагарч хотойсон хэсэгт нь ус тогтжээ. Гэвч тэд аюулгүй байдлаа хангасан ажлын хувцасгүй, амны хаалт зүүсэн нь тоотой хэдхэн. Агааржуулалтгүй, эрүүл ахуйн хувьд маш тааруу, тоосонд дарагдсан үнсэн саарал гараашдаа ажиллана, унтана, хооллоно, угаана арчина. Барагтай л бол орж, гарахгүй цаг наргүй ажиллана. Их л сайндаа нэг авто засвараас нөгөө рүү очно. Бусад цагийг ажиллаж өнгөрүүлнэ. Өглөөнөөс шөнө дөл хүртэл ажиллаж, унтахын тулд л гараашны аль нэг булан тохой дахь оромж руугаа орно. Ганц, хоёрхон вьетнам тусдаа нийтийн байранд амьдарч байхтай таарсан. Гэвч ариун цэврийн хувьд бусдаасаа дээрдэх зүйлгүй. Энд зөвхөн унтаж амрахын тулд орж ирдгээ тэд ярьсан юм. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөл тааруу ч монгол хэл мэдэхгүй тул гомдол гаргадаггүй, нийгмийн үйлчилгээ авч бүр чаддаггүй.
ТЭД ЯАГААД ХҮЛЦЭН ТЭВЧДЭГ ВЭ?
Тэнд ерөнхий боловсролын сургууль төгссөн, бүрэн дунд боловсролтой иргэн сард дээд тал нь монгол мөнгөөр 1.4 сая төгрөгийн цалинтай. Нутагтаа нэг машины гуперыг 50 мянгаар засдаг бол энд 250-300 мянган төгрөгийн ханштай. Монголд ажиллаж буй засварчид сард багадаа 2-10 сая төгрөгийн цалин авдаг. Засварчид дор хаяж 1-3 хүүхэдтэй гэдгээ хэлж байв.
Тухайлбал, Нгуен цалингаа аваад шууд ар гэрийнхэндээ явуулдаг. Учир нь, эхнэр нь хүнд өвчтэй. Бас 2-16 настай гурван хүүхэдтэй. Ажлын захад хүрээгүй хүүхдүүдтэй тул тэрбээр аль болох их мөнгө олохын төлөө өдөр, шөнөгүй ажилладаг. Эрүүл мэнд, нийгмийн хамгаалал гэсэн зүйлийн тухай бодох сөхөөгүй, маш шаргуу хөдөлмөрлөдөг. Өөрийгөө Чу овогт гэж танилцуулсан засварчин гэрлээд удаагүй байхдаа Монголд иржээ. Тулгар биетэй эхнэрээ орхиж ирээд хэдийн гурван жил болсон. Нялх үрээ тэвэрч, үнэрлэж амжаагүй яваа. Тиймээс хөдөлмөрийн нөхцөл хүнд, эрүүл мэндэд халгаатай эсэх нь хамаагүй, ахиу мөнгө олж, хурдхан харих хүсэлтэй. Энэ мэтчилэн хүн бүрт өөр өөрийн зовлон, жаргал тээн Монголд ажиллаж амьдарч байна. Ер нь тэд их гэр амьтай аж. Монголд цаг агаар, хоол хүнс таарахгүй, эрүүл мэндийн үйлчилгээ авч чадахгүй, эхэндээ хэцүү байдаг ч ар гэрийнхэндээ мөнгө явуулахын тулд бүхнийг тэвчдэг. Ядарснаа мартдаг. Төрөлх нутгаа, гэр орноо, үр хүүхдүүдээ маш их санаж буйгаа дор бүрнээ хэлж байв. Тиймээс сардаа гар утсандаа ахиу дата авч, видео дуудлага хийж ярьдаг хэмээн өгүүлсэн.
Сэдвээсээ жаахан халихад Монголд дээрэмдүүлж, элдэвлүүлэн, хүчингийн хэргийн золиос болсон 18-хан настай вьетнам охины шүүх хурал Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд саяхан болсон. Уг шүүх хуралд Монгол Улс дахь Вьетнам улсын Элчин сайдын яамнаас төлөөлөл оролцоогүй, оролцохгүй гэдгээ бичгээр үйлдэж үлдээсэн гэсэн. Нэгэнт тус улсын Элчин сайдын яамныхан оролцоогүй тул Монголын талын өмгөөлөгч ч гэсэн уг шүүх хуралд оролцоогүй аж. Про Боно буюу үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлэх улсын өмгөөлөгч нэгдүгээрт, хохирогчийн утасны дугаар холбогдохгүй, хоёрдугаарт, оршин суухаар тэмдэглүүлсэн хаягтаа байгаагүй, гуравдугаарт, хохирогч шүүх хуралд ирэхгүй учраас хавтаст хэрэгтэй нь ч танилцаагүй хэмээн хэлсэн. Хохирогчийн хувьд “Гэмт хэрэгтнүүдийг дахин харахыг хүсэхгүй учраас шүүх хуралд оролцохгүй” гэжээ.
МОНГОЛ ЭЗЭД ЮУ ЯРИВ
Бичиг баримт нь биед нь байхгүй тохиолдолд бид монгол эзэд рүү ярьж үзэж болох, эсэхийг лавлаж, сурвалжилга хийж яваагаа хэлсэн юм. Зарим нь хариулах албагүй гэж хэдэрлэсэн бол 9194... дугаартай Ууганаа гэх иргэн “Та нар ямар эрхтэй юм, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас хэн гэдэг мэргэжилтэн яваа юм. Би ГБХНХЯ руу ярина, та нартай ярихгүй” гэж хэлсэн. Сүхбаатар дүүргийн нутагт дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг гараашны түрээслүүлэгч Б.Түмэнжаргал өөрөө хамгаалагч хийдэг. Вьетнам нөхөртэй энэ эмэгтэйгээс засварчид ийм бохир орчинд хоол хүнсээ бэлтгэж буйд анхаарал тавьдаг, эсэхийг лавлахад “Вьетнамд ажил олддоггүй, өөрсдөө сайн дураараа ирсэн хүмүүс. Ер нь ямар орчинд юугаа идэж уух нь тэдний эрх” гэлээ. Өөрөөр хэлбэл, гараашаа ашиглуулж, орлогынх нь 20 хувийг авдаг эл эмэгтэй эдгээр хүмүүсийн эрүүл аюулгүй орчинд ажиллаж, амьдрахад төдийлөн анхаардаггүй, оруулж ирсэн хүмүүс, байгууллагынх нь асуудал гэв.
Зүүн дээд буланд товшин сонсоно уу.
Ер нь вьетнам эзэнтэй засварын газар цөөнгүй. Эзэд өөрсдөө байртай, машинтай. Зарим нь монгол эхнэртэй. Хүүхдээ Вьетнамд их, дээд сургуульд сургадаг. Гэсэн ч элэг нэгтнүүдээ Вьетнамд ажлын байр олддоггүй нэрийдлээр энд цалин хөлс багатай ажиллуулж, амьдрах нөхцөлийг нь хайхралгүй орхидог нь ажиглагдсан.
ТЭД БИЧИГ БАРИМТЫН ЗӨРЧИЛТЭЙ ЮУ
Бичиг баримтаа яагаад биедээ хадгалаагүйг лавлахад “Монгол дарга мэднэ” гэж цөөнгүй нь хариулав. Улмаар монгол эзнийх нь утасны дугаарыг авч залгахад “Визийг нь сунгах гээд түр авсан” хэмээв. Гэвч гар утсан дээрх зургаас харахад виз дуусах болоогүй, 45 хоногийн хугацаа үлдсэн байх жишээтэй. Өөрөөр хэлбэл, виз сунгуулахын тулд сар хагасын өмнө бичиг баримтыг нь хурааж авчээ. Ер нь бидний уулзсан ихэнх засварчин бусдынхаа адилаар зураг харуулах, эсвэл “Даргатай ярь” хэмээн гар утсаа сарвайх аж. Үүнээс гадна зарим засварчны амралтын өрөөг үзье гэхэд түлхүүр байхгүй эзэнд бий гэж хариулсан. Өглөө ажил дээрээ ирэхдээ эзэндээ түлхүүрээ өгч, шөнө унтахаар орохдоо л авдаг ажээ.
“АЖЛЫН БАЙРНЫ ДҮГНЭЛТТЭЙ АВТО ЗАСВАРЫН ГАЗАР ХОВОР”
Бид вьетнам засварын газруудаар цөөнгүй жил хяналт шалгалт хийсэн нэгэн албаны эх сурвалжаас товч ярилцлага авсан билээ.
МЭРГЭЖЛЭЭ ХААНА, ХЭРХЭН ЭЗЭМШСЭН БЭ
Бүгд Найрамдах Социалист Вьетнам улсын ерөнхий боловсролын сургуулиудад хөдөлмөрийн хичээлийг маш чанартай заадаг. Тодорхой хэлбэл, ерөнхий боловсролын сургуулийн сурагчид ямар нэг байдлаар мэргэжил эзэмшээд төгсдөг. Энэ жишгээр ерөнхий боловсролын сургууль төгсөхдөө л авто засварчнаар мэргэшиж төгсдөг. Гэсэн ч эх нутагт нь ажил олддоггүй. Тиймээс вьетнам иргэд дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж байна. Тэдний нэг хэсэг Монголд дээрх жишгээр ажиллаж амьдарч буй. Бүгд л Монголоор аялж, зугаалах нь битгий хэл, цөөнгүй нь төв талбай ч орж үзээгүй хэмээсэн. Жилдээ нэг удаа буюу Цагаан сараар нутаг буцдаг. Энэ нь тэдний хувьд алжаалаа тайлах хэсэгхэн чөлөө, амралт нь аж.
Монгол Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат тэргүүтэй улстөрчид есдүгээр сарын 13-нд Вьетнам Улсад айлчилжээ. Манай төлөөлөгчид Вьeтнамын үндэсний ассамблейн Залуу гишүүдийн бүлгийнхэн, Нийгмийн бодлогын байнгын хорооны гишүүдтэй уулзаж, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэх асуудлаар ярилцсанаа нүүр номдоо бичжээ. Өмнө нь энэ оны дөрөвдүгээр сард Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо болон Вьeтнамын үйлдвэрчний эвлэлийн холбооныхон 70 жилийн хүрээнд айлчлал хийсэн аж. Өнөө жил хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож буй. Энэ хүрээнд хамтын уулзалт, яриа, хэлэлцээ идэвхжиж буй бололтой. Гэхдээ байзнаарай, өнгөрсөн 70 жилд хоёр орны ялангуяа, тус улсаас ажиллах хүч авах бодлогод хэр анхаарсан, ажилчдынх нь эрх ашгийг хамгаалах, ажиллах орчин нөхцөлийг сайжруулах, нийгмийн үйлчилгээ авах зэрэг асуудалд өөрчлөлт оруулсан уу, ямар үр дүн гарсан бэ гэж УИХ-ын гишүүн С.Эрдэнэбатаас асуумаар байна.
Монголд ажилладаг вьетнам засварчдын аж амьдрал сайнгүй, ажлын байрны төлбөр төлдөг ч нийгмийн даатгалд хамрагддаг нь цөөн, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ бараг авдаггүйтэй адил. Бид НДЕГ болон ЭМДЕГ-т хандсан ч энэ талаарх тодорхой мэдээлэл өгөөгүй. Цалин хөлсний хувьд сайн авдаг нь ч байна, муу нь ч бий. Гол нь хөдөлмөрийн гэрээтэй, эсэх нь тодорхойгүй, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны хөдөлмөрийн улсын байцаагчтай очоод ч бид хөдөлмөрийн гэрээ болон гадаад паспорт, иргэний үнэмлэхийг нь бодитоор харж чадаагүй. Цөөн хэд нь утсан дээрээ авсан зураг үзүүлсэн.
Тодруулбал, “Вьетнам Улсын иргэд Монгол Улсад авто засварын үйлчилгээний газарт ажилладаг нь судалгаанд оролцогчдын ярианд түлхүү дурдагдсан. Зарим тохиолдолд тэдгээр иргэн бие махбодын хүчирхийлэл, дарамт шахалтад өртдөг гэх бөгөөд цалин хөлсийг нь өгөхгүй байх, эсвэл бичиг баримтын зөрчилтэйг нь Гадаадын иргэн харьяатын газар (ГИХГ)-т мэдэгдэнэ гэж сүрдүүлдэг” гэдгийг ажилчдын төлөөлөл хэлсэн байна билээ. Энэ бүх судалгаа, тайлан, дээрх нөхцөл байдалтай танилцаагүй юм биш биз дээ, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооныхон, тэдний төлөөлөл болж, УИХ-д суугаа С.Эрдэнэбат гишүүн ээ. Нөгөөтээгүүр, засварчид Монгол Улсад суугаа улсынхаа Элчин сайдаа хэн гэдгийг мэдэхгүй байсан. Өөрөөр хэлбэл, элэг нэгтнүүд нь хэрхэн аж төрж, ажиллах хөдөлмөрлөж буйтай Элчин сайдын яамныхан нь ч төдийлөн анхаардаггүй бололтой юм билээ.
Тэгвэл албаны хүмүүс энэ талаар юу ярьсныг та бүхэнд хүргэе
С.ЭНХЖАРГАЛ: ЦАР ТАХЛААС ХОЙШ НЭГ УДАА ШАЛГАЛТ ХИЙСЭН
Бид Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас мэдээлэл авах гэж гурван сарын турш хөөцөлдсөн. Албан бичиг, хүсэлт өгч удаа дараа очсон ч бүтэлгүйтсэн юм. Эцэст нь, албаа аваад долоо хонож буй Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Энхжаргалтай цөөн асуудлаар ярилцлаа.
Д.СҮНЖИД: БҮРТГЭДЭГ, ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОДОГ, ХЯНАЛТ ТАВЬДАГ ГАЗРУУД АЖЛАА ХИЙХ ШААРДЛАГАТАЙ
ХЭҮК-ийн Дарга Д.Сүнжид
Вьетнам иргэдийн энэхүү нөхцөл байдал нь хөдөлмөрлөх эрхийн зөрчил юм. Монгол Улсад оршин суугаа хүн бүр хууль шүүхийн өмнө тэгш эрхтэй. Хөдөлмөрлөх нөхцөл хөдөлмөрийн аюулгүй байдлаас гадна амь нас, эрүүл мэнд болоод халдашгүй байх эрх нь шууд хөндөгдөж байна. Тиймээс бүртгэдэг, зөвшөөрөл олгодог хяналт тавьдаг газрууд ажлаа хийгээсэй. Хоёрдугаарт, энэ хүмүүст эрхийг нь таниулах мөлжлөгт өртөхгүй байх гомдол гаргах талаар мэдээлэл өгөх хэрэгтэй. Гуравдугаарт, гарсан зөрчлийг таслан зогсоох нь хамгийн чухал. Аливаа халдлагаас ангид байх хөдөлмөрлөх эрх, хөдөлмөрийн аюулгүй байдалд хяналт тавих, гарсан зөрчлийг арилгуулах, гомдлыг нь шийдвэрлэх шаардлагатай.
БНСУ-д манай улсын 51 000 иргэн албан ёсны гэрээтэйгээр ажил хөдөлмөр эрхэлдэг. Албан бусаар ажилладаг иргэдийг нэмбэл нийт 70 000-д хүрдэг гэсэн тоон мэдээлэл байдаг. Вьетнам иргэдийн нэгэн адил тэд ар гэрээ орхиод алс холд ажиллаж буй. Ялгаатай нь манай улсын иргэд эрхийг нь ямар нэг байдлаар зөрчихөд гомдол гаргаж, эрхээ хамгаалж чаддаг. Тэд Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яам, консулын газруудаас гадна Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комисс, Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн холбоонд хандаж, асуудлаа хэлж ярьдаг, туслалцаа авдаг.
Уг нь манай улсад гадаадын иргэдийн эрхийг хамгаалах хууль эрх зүйн орчин бүрдсэн. Тухайлбал, УИХ-аас Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай, Хөдөлмөрийн тухай, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийг баталсан. Мөн Монгол Улс Олон улсын хөдөлмөрийн байгууллагын Албадан хөдөлмөрийн тухай 1930 оны 29 болон 1957 оны Албадан хөдөлмөрийг устгах тухай 105 дугаар конвенцод 2005 онд нэгдсэн юм билээ. Эдгээрт нэгдэн орж, соёрхон баталсны 20 жилийн ой ирэх онд тохионо. Гэвч ажил олгогчид, зарим хуулийн этгээдүүд уг конвенцуудыг дагаж мөрдөх нь битгий хэл, дотооддоо баталсан дээрх хууль тогтоомжоо санаатай, санамсаргүй зөрчсөөр байна. Энэ байдал цааш ужгирах аваас олон улсад Монголын нэр хүнд унаж, гадаадын ажиллах хүчинд халтай улсаар цоллуулах вий. Нөгөөтээгүүр манай улсад мэргэжилтэй, гадаадын ажиллах хүчний шаардлага гарсаар байгаа билээ.
Өмнөх нийтлэлийг ЭНД дарж уншина уу.
ХАМТЫН ЭРЭН СУРВАЛЖИЛГА “ХӨДӨЛМӨР” БАГ