БНСУ-ын Соёлын мастеруудын хөтөлбөрөөс Соёлын гавьяат зүтгэлтэн, төрийн туульч А.Балдандоржийг дэлхийн соёлын элчээр өргөмжилж, “Ариранг мастер” цолоор шагнажээ. Энэхүү нэр хүндтэй цолыг хүн төрөлхтний соёлын биет бус өвийг хамгаалах, сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувьнэмэр оруулсан, өндөр түвшний уран бүтээлчдэд олгодог юм байна.
Уг хөтөлбөрийг солонгосчуудын үндэсний өв, бахархал болсон арирангийн соёлоос сэдэл авч, Соёлын биет бус өвийг хамгаалах тухай ЮНЕСКО-гийн 2003 оны конвенцод нийцүүлэн санаачилсан бөгөөд дэлхийн соёлын элчийг өргөмжлөхдөө Соёлын мастеруудын олон улсын зөвлөл (IAB)-ийн гишүүдийн саналыг үндэслэж, тэдний хяналтад шийдвэр гаргадаг аж.
А.Балдандорж нь Монгол Улсын анхны Төрийн соёрхолт туульч Б.Авирмэдийн хүү, урианхайн алдарт туульч Жилхэрийн удмын ес дэх үеийн өвлөн уламжлагч юм. Тэрбээр тууль хайлах уламжлал, өв соёлыг орчин цагийнханд, хойч үеийн залууст сурталчлан таниулж яваа манай ардын авьяастнуудын нэг билээ. Туульч А.Балдандоржийн хөдөлмөр зүтгэлийг өндрөөр үнэлж 2021 онд “Соёлын биет бус өвийн шилдэг өвлөн уламжлагч”-аар тодруулж, Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор шагнасан. Тэгвэл энэ удаа олон улсын мэргэжилтнүүд түүний гавьяаг өндрөөр үнэлж, дэлхийн соёлын элч хэмээн хүлээн зөвшөөрчээ. “Ариранг мастер” цолных нь батламжид “Соёлын биет бус өвийг хамгаалах үйлсэд оруулсан онцгой хүчин чармайлт, олон амжилтыг нь үнэлэв” хэмээн тодотгожээ.