Засгийн газрын 2017 оны тогтоолоор жил бүрийн есдүгээр сарын 1-нийг улс даяар “Эх хэл, бичгийн өдөр” болгон тэмдэглэдэг болсон. 2024 оныг мөн “Үндэсний бичиг, соёлын жил” болгон зарласан байдаг. Эдгээр арга хэмжээний хүрээнд Монголын үндэсний номын сангийн салбар номын санд “Эх хэлний дархчууд” сэдэвт эрдэмтэн, зохиолчдын гар бичмэл, хөрөг ба гэрэл зураг, ном бүтээлийн эх хувилбаруудыг дэлгэлээ. Үзэсгэлэнд Д.Нацагдорж, Б.Ринчен, Ш.Лувсанвандан, Д.Чойжилсүрэн, Т.Галсан, Ш.Дулмаа, С.Дашдооров, Ш.Сүрэнжав, Д.Цоодол, П.Бадарч, До.Нямаа, Д.Урианхай, Х.Чилаажав, А.Эрдэнэ-Очир, Л.Мягмарсүрэн, Ш.Лхамноржмаа, А.Лхагва нарын гар бичмэлүүд, МЗЭ-ийнхний 1990-ээд оны эхээр буулгасан, 380 гаруй хальснаас түүвэрлэсэн 400 гаруй гэрэл ба хөрөг зургийг дижитал хэлбэрт хөрвүүлэн олны хүртээл болгожээ.
Ном зохиол, яруу найрагт шимтдэг хэн бүхэнд үзэсгэлэн энэ сарын 13 хүртэл үнэ төлбөргүй, нээлттэй байх аж. Мөн дээрх тэмдэглэлт өдрийн хүрээнд өөр сонирхолтой үзмэрүүдийг Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд нээсэн байв. “Үндэсний бичиг, өв соёл” нэртэй монгол уран бичлэгийн үзэсгэлэнд бурхан урлаач лам М.Эрдэмбилэгийн зүмбэрлэх аргаар бичсэн, 36 хуудастай “Энх тайвны магтаал” судар, шаазан дээр туурвисан “Өндөр гэгээний 36 үсэгт”, Ц.Тамир, Б.Алтантуяа тэргүүтэй уран бүтээлчдийн хулсан үзэг, бийрэн бичлэгүүдээс бүрдсэн үндэсний бичгийн дахин давтагдашгүй 60 гаруй бүтээлийг дэлгэснээрээ онцлогтой аж. Үзэсгэлэн өнөөдрийг дуустал үргэлжлэх бөгөөд энэ үеэр “Монгол бичиг өдөр тутмын хэрэглээнд” уулзалт, “Соёмбо үсгийг бичих ёс” сургалт, лекц зохион байгуулах гэнэ.
О.Оргилох