GUYS хамтлагийн дуучин, жүжигчин, продюсер А.Төгсбаяр бие даасан анхны тоглолтоо UG ARENA-д есдүгээр сарын 7-нд хийх нь ээ. Энэхүү бүрэн хэмжээний тоглолт дөрвөн хэсгээс бүрдэнэ хэмээн ерөнхий найруулагч С.Алтансүх онцоллоо. Харин хөгжмийн найруулагч “Red records”-ийн Г.Хишигбүрэн “Сонгогдсон 30 дууны деталь болгон дээр бид ажиллаж байна. Дуу болгон сюрпризтэй” гэлээ.
Тоглолтын найруулгад ихээ ач холбогдол өгч, сүүлийн саруудад хоногийн 24 цаг шахам цаг наргүй ажиллаж байгаа гэнэ. Тиймээс UG ARENA-д хамгийн том тайз, дэлгэц засна. Өмнө нь сонсоогүй хөгжмийн найруулга, лед дэлгэц, гэрэлтэй байх бөгөөд мюзикл, бүр жүжиг үзүүлнэ. Үүний тулд Монголд анх удаа Италиас хөгжмөө захиалж авчирчээ.
Тоглолтод “Эмзэгхэн хайр”, “Мухар гудамж” киноны “Янаг жаргал”, “Би чамтай”, “Насан туршдаа”, “Хэцүү анги” киноны “Ариун нандин”, “Огцом эргэлт” эргэлтийн “Зүрхэнд”, “Хэзээ”, “Хэвээрээ”, “Навч”, “Сайн уу хонгор минь”, “Ах дүүс” киноны “Нандин хүсэл”, “Онжав”, “Хайрын бүжиг”, “Сургууль минь баяртай”, “Чи миний зүрхэнд” зэрэг дууг дуулах нь.
А.Төгсбаяр 28 жилийн өмнөөс хөгжим, тайз дэлгэц буюу кино, театрын урлагтай тасралтгүй амьдралаа холбосон. Энэ хугацаанд 82 гаруй дууны үг бичиж, аяыг нь зохиож амилуулж, олон нийтэд хүргэжээ. Тоглолтынхоо талаар тэрбээр “Найзууд дүү нар олон жилийн өмнөөс олон уран бүтээлтэй, хүмүүст нэгэнт хүрсэн юм чинь тоглолтоо хийгээч гэдэг байсан. Тиймээс таван жил бодож явлаа. Уран бүтээлчдэд заал, хөгжмийн түрээс гээд юм юм дутмаг байдаг. Нэг дуу, клип хийхэд хэдэн төгрөг ордог билээ, та бүхэн мэднэ. Энэ удаад “Ахаа та заавал тоглолтоо хийх ёстой” гээд “Wall street” рестораны Б.Мөнхжаргал, “Megafilm” студийн П.Батмягмар дүү нар маань ивээн тэтгэлээ. Бусад ивээн тэтгэгч нар ч дэмжиж, яг сайхан тохироо бүрдэж байна. Цаг нь маш гоё таарлаа. Киноны урилга жил бүр ирдэг. Жилдээ нэг л кинонд тоглодог. Энэ жилийн нормоо биелүүлсэн. Хамтран ажиллаж буй найз нөхдөдөө, 28 жил хамт байсан та бүхэндээ баярлалаа” хэмээсэн.
А.Төгсбаяр СУИС-д орохоосоо өмнө хэд хэдэн дуугаа зохиосон байж. Эдгээрийн анхны нь “Эмзэгхэн хайр” дуу. Энэ дууны түүхтэй та бүхнийг танилцуулъя.
“Тавилан” кинонд А.Төгсбаяр тоглож бас “Эмзэгхэн хайр” дуугаа эл кинонд зориулан бүтээжээ. Ингэж Баяраа ахтайгаа бүтээсэн уран бүтээлээрээ нэгдүгээр курст “Гоо марал” шагнал хүртсэн байна. “Эмзэгхэн хайр” дуу хэдэн долоо хоногийн турш хит болсон гэдэг. Товчхондоо А.Төгсбаяр урлагт хөл тавьсан анхны уран бүтээл нь “Эмзэгхэн хайр” дуу. Залуу хүнд маш гоё эрч хүч өгсөн энэ бүтээлээрээ 28 жилийн дараа анхны бие даасан тоглолтоо ийн нэрлэжээ.
Тоглолтод залуу уран бүтээлчдээс Gangbay, Мааз, Motive, Outlaw, Roockie оролцоно. Үе тэнгийн найзуудаас нь Freezone, Салхи хамтлаг, Ану, Дэлгэрмөрөн нар ирнэ.
Дээр тоглолт дөрвөн хэсгээс бүрдэнэ гэж хэлсэн. Тодруулбал,
1 Зочин уран бүтээлчид. Өөрөөр хэлбэл, уран бүтээлээ өгсөн дүү нар нь баяр хүргэж, дуулна.
2 А.Төгсбаяр амьд хөгжим оркестртой дуулна.
3. Мюзиклтэй, драмчилсан хөгжимтэй тоглолт болно.
4 Guys хамтлагийнхан уран бүтээлээ толилуулна.
Тоглолтын үеэр анхны пянзны баяраа тэмдэглэнэ. Пянзаа тоотой хэдхэн ширхгийг л гаргасан гэнэ. Тасалбар авсан хүн бүрт “Эмзэгхэн хайр” гэсэн бичигтэй бугуйвч дагалдаж ирэх нь. VIP тасалбартай хүмүүст пянзаа бэлэглэх юм байна.
Тэртээ 1997 онд СУИС-ийн кино драмын ангийн таван хөвгүүн “GUYS 666” хэмээх хамтлаг байгуулсан. Хамтлагийн нэг гишүүн тухайн үед гадагшаа явсан учраас М.Мягмар, Д.Лхагва, А.Төгсбаяр, Х.Бат-Ундрал нар уран бүтээлээ үргэлжлүүлсэн. Энэ удаад М.Мягмар Канадад ажиллаж амьдарч байгаа учраас хараахан тоглолтод оролцож чадахгүй, гэхдээ хамтлагийн тав дахь гишүүн Мөнхөө тайзнаа гарах аж. Харин хоёр жилийн дараа хамтлаг бүрэлдэхүүнээрээ 30 жилийн ойгоо тэмдэглэх гэнэ.