Хэдий хэмжээний орлоготой бол хэрэглээндээ санаа зовохгүй, аз жаргалтай амьдрах боломжтой вэ. Австрали дахь олон улсын валют солилцооны “S moneу” байгууллага энэ асуултад хариулт өгсөн нэгэн сонирхолтой тооцооллын үр дүнг олон нийтэд танилцуулаад байна. Тус байгууллагынхан улс орон бүрийн аз жаргалын өртгийг тооцон гаргасан бөгөөд ингэхдээ иргэдийн худалдан авах чадвар, амьжиргааны түвшин зэрэг эдийн засгийн гол үзүүлэлтүүдийг харгалзаж, тухайн орны мөнгөн тэмдэгтэд хөрвүүлсэн аж.
Монголчууд 37 269 ам.доллар буюу өнөөгийн ханшаар жилийн 125.9, сарын 10.4 сая төгрөгийн орлоготой байвал аз жаргалтай амьдрах боломжтой гэж тооцжээ. Тодруулбал, манай улсын иргэд сарын дундаж цалингаасаа 4.7 дахин өндөр орлого олж байж эрүүл мэнд, боловсрол зэрэг нийгмийн суурь үйлчилгээг авч, хэрэглээгээ бүрэн хангаж, чанартай, сэтгэл хангалуун амьдрах гэнэ. Уг судалгаагаар дэлхийн улсуудын аз жаргалын өртгийг 8658-10 000, 10 000-20 000, 20 000-50 000, 50 000-70 000, 70 000-100 000, 100 000-239 700 ам.доллар гэж ангилжээ. Монгол Улс 20 000-50 000 ам.долларын ангилалд буюу дундаж түвшинд багтаж байна.
Аз жаргалын өртөг хамгийн өндөр орноор Ираныг тодруулжээ. Тус улсад аз жаргалтай амьдрахын тулд жилд дунджаар 239.7 мянган ам.доллар буюу 810 сая төгрөгийн орлоготой байх шаардлагатай гэнэ. Харин Сьерра Леон улсад хамгийн хямд өртгөөр сэтгэл хангалуун амьдрах боломжтой гэж тооцоолсон байна. Тэндхийн иргэд жилийн 8658 ам.доллар буюу 29.2 сая төгрөгийн орлоготой байхад л аз жаргалтай амьдрах аж. “S money” байгууллагынхан 173 орны тооцооллыг хийсэн бөгөөд ингэхдээ АНУ-ын Пердью их сургуулийн судлаачдын зургаан жилийн өмнө хийсэн судалгааны суурь үзүүлэлт, үр дүнг ашиглажээ.