Хойд хөршийн Томск хотод болсон “Праздник топора 2024” 15 дахь удаагийн олон улсын модон сийлбэрийн тэмцээнд манайхаас улсаа төлөөлж оролцсон долоон уран сийлбэрч гурван төрөлд бүтээл туурвижээ. Тэднээс багийн төрөлд Д.Цэрэнбат, Х.Алтанхүү нар “Хан хуурын аялгуу” бүтээлээр мөнгө, Ц.Мөнх-Эрдэнэ, Г.Энх-Эрдэнэ нар хүрэл медаль гардав. Хурдан сийлбэрийн төрөлд Д.Цэрэнбат тэргүүлсэн бол хавтгай сийлбэрийн ангилалд өрсөлдсөн уран бүтээлчдээс Д.Мөнхбаатар IV, Ч. Орголболд V байрт шалгарсан байна.
Сонирхуулахад, 2018 онд тус улсын Эрхүү мужид болсон модон сийлбэрийн олон улсын “Лукоморье на Байкале” наадмын тэргүүн байрын шагналыг Д.Цэрэнбат, Б.Базарсад нарын урласан “Эв найрамдал” бүтээл хүртэж, Д.Лхагвадоржийн “Төрөлх үнэр” аман хүзүүдсэн. Дараа жил нь “Ардын үлгэр, домог” сэдвээр зохион байгуулсан “Лукоморье-2019” уралдаанд долоон орны 150 багийн сийлбэрч өрсөлдсөнөөс Д.Цэрэнбат, Б.Баярсайхан нарын “Номхоршгүй өвгөн” хэмээх бүтээл III байр эзэлсэн билээ.