Балетын урлагийг таашаагчдад нэг л бодол, мэдрэмж олон өнгөөр давтагддаг талтай. Тайзан дээр бүжих бүжигчдийн эрчим, бие бялдрын уран чадвар, илэрхийлэл хөгжимтэй хослоод сэтгэл хөвсөлзүүлж, тэрхүү гоо үзэмждээ юу ч үгүй автуулж орхидог билээ. Пируэт, үсрэлт, эргэлт зэрэг балетын хүнд гүйцэтгэлийг төгс төгөлдөр гаргахын тулд тэрхүү уян биеийг эцэст нь тултал дайчилж, хатуу сахилга батын дор хичээллэдгийг ч үзэгчид мэднэ. Эсвэл бяцхан хун, “далавчтай” бүжигчдийн үзэгчдэд бэлэглэсэн халгим цалгим мэдрэмж, сүр хүчийг авсны дараа арай л дэндүү хир буртагтай, балмад ертөнцөд амьдарч байна уу гэж бодмоор театр өөрөө тэр чигтээ тэнгэрлэг билээ. Энэ сурвалжилгаа шууд л бүжгийн гоо сайхан, уран чадвар, түүнээс далд орших ээдрээт дэглэмийн тухайгаас эхэлсэнд уншигч та гайхсан байх. Гэхдээ театрын үзвэрээр ангаж, цангасан саруудад энэ өдрийн гала тоглолт эцэс тавьж, бас энэ хотод маань сайн уран бүтээл тоглогдохын түүчээ болсоор нээх нь тэр. Харин үзвэрийн дараа үзэгчдийн толгойд дээрх үгс л эргэлдэх нь зайлшгүй зүйл болов уу.
БНХАУ-ын Ляонин мужийн балетын театрын уран бүтээлчид өнгөрөгч амралтын өдрүүдэд манай улсад анх удаа гала тоглолтоо ДБЭТ-ын тайзнаа толилуулав. Уг тоглолтын тасалбар товлосон өдрөөсөө цөөнгүй хоногийн өмнө зарагдаж дууссанаас үзвэл хүмүүсийн хүлээлт, сонирхол өндөр байсан бололтой. ДБЭТ-ын удирдлага БНХАУ-ын Ляонин мужийн балетын театрынхантай албан ёсны уулзалт хийж, айлчлан тоглолт болон уран бүтээлчдийн солилцоо, хамтын ажиллагааг хөгжүүлэх тухай ярилцсан аж. Үүгээр тогтохгүй ДБЭТ-ын ерөнхий балетмейстер балетын бүжигчдэд мастер класс хичээл заасан тухай ч мэдээлжээ. Маргааш өдөр нь л гала тоглолтоороо үзэгчидтэй уулзах уран бүтээлчид тайзнаа, бас бэлтгэлийн зааланд ид сургуулилж байна. Тайзны ард хэсэг хугацаанд зогсоход л өч төчнөөн хүн зөрж, чимхлүүр ажлуудыг амжуулж байх аж. Энэ л дүр зураг театрын урлагийн шимтэгчдэд хэзээ ч үл хүрэм, эсвэл адгаж байгаад л мэдэрмээр эрхэм дээд мэдрэмж яалт ч үгүй мөн.
Үзүүлбэрүүдэд гоцлох бүжигчдээс тоглолтын өмнөх өдрийн сэтгэгдлийг сонсоход “Ляонин” театрын тэргүүн гоцлол бүжигчин Ван Жанфэн “Гала тоглолт маань гурван хэсэгтэй. Эхний хэсэгт сонгодог урлаг, удаах хэсэгт Хятадын эртний өв соёл, түүхийг илэрхийлсэн агуулга бүхий тавилт, түүнчлэн орчин үеийн бүжгийн шинэлэг элементийг модерн бүжигтэй хослуулсан хэсгүүд багтах юм. Жишээ нь, толилуулах балетын үзүүлбэрүүдээс “Чи Ши”-г онцолмоор байна. Энэ нь Хятадын ардын зохиолд тун алдартай, хоёр хүний хайр сэтгэлийн тухай өгүүлэх түүх юм. Утга санааг нь бүжиг рүү хувиргаж найруулахдаа Хятадын эртний түүхэд тулгуурласан. Үүгээр тогтохгүй хэсэг тус бүрийн онцлогоос үзэгчид өөрсдийн үзэмжээр таашааж, ойлгоосой хэмээн хүсэж байна” хэмээсэн. Түүнчлэн тус театрын бүжигчин Жан Хайдун “Балетын урлагт үзэгчдийн алга ташилт, гоо сайхныг бишрэн шүтэх эрмэлзэл нь маш гайхалтай. Хүн бүрд даган дуурайдаг хүн байгаа болов уу. Харин бүжигчин бүжиглэж байхдаа өөрөө өөрөөсөө урам зориг мэдэрдэг” гэсэн юм.
Ийнхүү тоглолтын өдөр театрын хаалгаар ороход л “Хунт нуур”-ынх шиг гоёмсог охид, бүсгүйчүүд, дэгжин залуус суудлаа эзлэхээр явж байх нь тэр. Энд жирийн үзэгч төдийгүй балетын урлагийнхан, шүүмжлэгч, сонирхогчид ч иржээ. Ямар ч тоглолтын эхний хэдэн үзвэр үргэлж л хөл хөдөлгөөнтэй байдаг. Түүний жишгээр танхимд удаан суух тусам бүгчим болж, бельэтажны үзэгчид сууж буй чигээрээ урагш сунаж, босож зогсох нь зогсоод бүжигчдийг анхааралтай үзнэ. Эхний үзүүлбэрүүд тэр чигтээ П.И.Чайковскийн “Хунт нуур” балетаас бүрдсэн байлаа. “Хунт нуур” ч манай улсад их тод мөртэй. Монголын балетынхан эл бүтээлийг түүхэндээ анх удаа 32 хунтайгаар толилуулсан нь саяхан. Тайз засал, найруулга ер их энгийн. Тиймээс ч энгийн засалтай тайзаас бүжигчдийг онцолж харахад төвөггүй бөгөөд гагцхүү тэдний ур чадварт л үзэгчдийг төвлөрүүлэх гэсэн санаа байж магадгүй юм. Гала концертын хөтөлбөр үүн дээр нэмээд Мартин Чайксын “Чи Ши”, Ж.Шнейцхофферын “Сильфида”, П.И.Чайковскийн “Щелкунчик” балет, Крис Бабидагийн “Жасмин цэцэгс”, Рикардо Дригийн “Харле Кюнаде”, Сайнхо Намчылахын “Хайр ба итгэл”, Карлос Пино Кинтанагийн “Тэнгэрийн бүжиг”-ээс бүрдсэн. Мэдээж дэлхийн сонгодог бол сонгодог л байдаг. Концертын эхлэлд хүн бүрийн мэдэх балетын хэсгийг багтаасан нь үзэгчээ “халаах” найруулгын арга барил болсон мэт анзаарагдав. Харин Чи Линна гоцлоочтой балетын жүжигчид хамтарсан “Жасмин цэцэгс” үзүүлбэр яг сэрүүлэг шиг байсантай маргах хүн цөөн биз.
10 гаруй балетчин эмэгтэй Хятадын уламжлалт хувцас хэрэглэлийг өмссөн байх агаад харанхуйд тод гэрэлтэх дэвүүрээр ижилсжээ. Тэдний бүжиг яг л лянхуа цэцэг дэлгэрч буй мэт аж. Шавар, шалбааг дунд ургадаг лянхуа цэцгийн тухай гүн ухаантан, их сэтгэгч Күнз “Хамгийн бохир, булай газарт ч хамгийн ариун зүйл оршиж байдаг. Энэ бол өөрийгөө төгс төгөлдөр байлгадаг байгалийн нэгэн зохилдлого, хүч чадал юм” гэсэн шиг маш эрхэм төгөлдөр, дэлгэрч буй цэцэгс шиг бүжиг байсныг дурдах нь зөв биз. Хятад улсын уран бүтээлчид бүтээлээ толилуулах сургаар сонгодог урлагийн төдийгүй тэдний эртний өв соёл, уламжлал, ондоошил шингэсэн үзүүлбэр үзэх хүлээлттэй ирсэн үзэгчид ч байлаа. Харин тэд эл “Жасмин цэцэгс”-ээр сууриа тавьсан нь энэ юм. “Харле Кюнаде”-д гоцолсон Шү Жиняо, Чень Лүхуй нар бол энэ концертоос хамгийн их алга ташилт сонссон жүжигчид. Балет бол зөвхөн бүжиглэхийн нэр биш. Харин түүх, өгүүлэмжийг үггүйгээр, хөдөлгөөн, дэглэлтээрээ сэтгэл хөдлөлийг илэрхийлдэг. Харин тэд бүжгийн элементүүдийг “цэвэр” гүйцэтгэхээс гадна жүжиглэж, үзэгчдийг баясгасан нь энэ танхимаас гарч буй хэн бүхэнд сэтгэгдэл үлдээхүйц байсан юм. Дор өгүүлэх үзүүлбэр бол ямар ч үзэгчийн урьд хожид сонгодог театрт үзэж байгаагүй тавилт, найруулга гэдгээр нь шууд магтах нь зөв. Сүүлийн үзүүлбэр болох “Тэнгэрийн бүжиг” нь Хятадын уламжлал, сүр хүчийг илэрхийлсэн учраас л ийм нэртэй болов уу хэмээн таамаг дэвшүүлж суусан юм. Гэхдээ энэ нь тэр чигтээ модерн дэглэлттэй, жинхэнэ орчин үеийн бүжиг байлаа. Эл бүтээл нь дотроо бие даасан хэд хэдэн хэсэгтэй. Балетын урлагийг сонгодог уламжлалаар нь төсөөлдөг ч энэ нь угтаа байнга хувьсдаг онцлогтой. Тухайлбал, сонгодог техникийг орчин үеийн элементтэй хослуулж, өөрчлөлт, уламжлалын тэнцвэрийг хадгалах нь шинэ үеийн бүжигчдийн ур чадвартай холбоотой болж буй. Бүжгийн ая намуухан эгшиглэх авч бүжигчид тайзан дээр үсрэх нь үсэрч, дүүлэх нь дүүлж, эрчтэй хөдөлгөөнийг өд сөд шиг гүйцэтгэж байлаа. Яг л ийм нөхцөл үзэгчдэд нүд цавчихгүй анхаарал, амьсгаа даран шимтэх сэдлийг өгдөг билээ.
БНХАУ-ын Ляонин мужийн балетын театр 44 жилийн түүхтэй, улсдаа алдартай мэргэжлийн урлагийн байгууллагуудын нэг. Өнгөрсөн жилүүдэд тус театрын балетын жүжигчид дэлхийн томоохон тэмцээнүүдээс 170 гаруй шагнал хүртсэн хэмээжээ. Театр байгуулсан цагаас хойш дэлхийн сонгодог 20 орчим бүжгэн жүжгийг тайзнаа “амилуулсан” байна. Анх удаа манай улсад гала концертоо тоглохдоо тэд өөрсдийгөө баталж, ази уран бүтээлчид дэлхий дахины сонгодог урлагт томоохон байр суурь эзэлж яваагаа харуулах эрмэлзэл дүүрэн байлаа. Ийнхүү балетын бүжгэн жүжгийн намар цагийн тоглолтод өндөр босго үүсэж, театрын тайз “амь орлоо”.
Д.Хүслэн