“Шинэ замнал” ТББ-ын дэргэдэх Зүймэл даавуун урлалын төвийнхөн дэлхийн хамгийн том өлзий хээг бүтээж, Гиннесийн номд бүртгүүлэхээр зорьж буй. Үүнийхээ хүрээнд “Өлзий хээ” сэдэвт нүүдлийн үзэсгэлэнг Улсын их дэлгүүрт дэлгээд байна.
Таван метр 72 см урт, зүймэл урлалаар хийсэн бүтээлийг 55 дөрвөлжин хэсэгт 3550 зүйдэл оруулж, 660 сампин, шилбээр холбосон аж. Тодруулбал, нөхөрлөл, амар амгалан, тайван байдлыг бэлгэддэг өлзий хээг 20 улс, 21 аймаг, есөн дүүргийн 70 гаруй эмэгтэй хамтран нэг жилийн хугацаанд урлажээ.
“Шинэ замнал” ТББ-ын үүсгэн байгуулагч Ц.Сэлэнгэ “Байгууллагынхаа 20 жилийн ойд зориулан, монголчууд эв нэгдэлтэй байвал бүхнээс хүчтэй гэсэн санааг хүмүүст хүргэх зорилгоор энэхүү бүтээлийг хийсэн” гэв. Уг зүймэл бүтээлийг Гиннесийн номд бүртгүүлэхэд 11 833 500 төгрөг шаардлагатайгаас 2 000 000 гаруй төгрөгийг нь хандиваар бүрдүүлээд буй гэнэ.
“Өлзий хээ” нүүдлийн үзэсгэлэнд дэлгэсэн таван бүтээлийг энэ сарын 23 хүртэл үзэгчдэд толилуулна. Үргэлжлүүлээд 24- нөөс Чойжин ламын сүм музейд дэлгэж, олны хүртээл болгохоор төлөвлөжээ.
Э.ЖАВЗАНДУЛАМ