Налайх дүүргийн нутаг Тайж хайрхны бэлд “Нүүдэлчин” соёлын фестиваль энэ сарын 16-18-нд боллоо. Манай улс Соёлын биет бус өвийг хамгаалах тухай ЮНЕСКО-гийн 2003 оны конвенцод 2005 онд нэгдэж, нутаг дэвсгэр дэх соёлын биет бус өвөөхамгаалах үүргийг олон улсын өмнө хүлээсэн билээ. Үүний хүрээнд “Нүүдэлчин” соёлын фестивалийг жил бүр зохион байгуулахаар болжээ. Уг наадмыг монгол үндэстний нүүдлийн ахуй соёл, зан заншил, өв уламжлалыг хойч үе, дэлхий нийтэд түгээн дэлгэрүүлж, таниулах, хадгалж хамгаалах, өвлөн уламжлагчдыг дэмжих зорилгоор зохион байгуулдаг. Энэ удаа 14 орны 150 гаруй уран бүтээлч, Монгол Улсаас 880 өвлөн уламжлагч оролцов. Фестивалийн угтах хэсгээр ороход их тайзыг хүрээлсэн бага тайз, аймаг бүрийн отог болон үндэсний дээл хувцсаараа гоёсон өвлөн уламжлагчид, мөн хүндэтгэлийн, уламжлалт идээ ундааны худалдааны, соёлын биет ба биет бус өвийн өртөө, арга хэмжээг зорин ирсэн иргэд, жуулчид угтлаа.
МОНГОЛ УЛАМЖЛАЛЫГ НЭГ ДОРООС ХАРУУЛЛАА
“Нүүдэлчин” соёлын фестивалийн нээлт Монгол Улсын Төрийн дууллаар эхэлж, их тулгандаа галаа бадраав. Фестивалийг нээж Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин “Нүүдлийн соёл иргэншил бол зөвхөн хүн, байгалийн харилцан шүтэлцээ төдий бус, нийгмийн тогтвортой хөгжлийг хангах шавхагдашгүй нөөцийг хадгалж байдгаараа онцлогтой. Бид энэхүү нөөцөө таньж мэдэж, ахуй амьдралдаа хэрэглэснээр хүн төрөлхтний өмнө сорилт болон тулгараад буй дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлт, өлсгөлөн, үндэстэн угсаатны зөрчил мөргөлдөөн зэрэг олон асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмэр оруулж чадна гэдэгт итгэлтэй байна” хэмээлээ. Үүний дараа Үндэсний урлагийн их театрын уран бүтээлчид бүрэн бүрэлдэхүүнээрээ тайзнаа гарч, нүд баясгам, чих сонордмоор тоглолтоо үзэгчдэд толилуулсан юм. Мөн урилгаар ирж оролцож буй 14 орны уран бүтээлчид болон 21 аймаг, нийслэлийн шилдэг өвлөн уламжлагч нар зан үйлийн үзүүлбэр, язгуур урлагийн тоглолтоо үзүүллээ.
АЙМГУУД НҮҮДЭЛЧДИЙН СОЁЛОО ГАЙХУУЛАВ
Монгол орны өнцөг бүрээс ирсэн өвлөн уламжлагчид отог бүрдээ ардын язгуур урлаг, зан үйлийн үзүүлэх тоглолт толилуулж, гар урлалын үзэсгэлэн дэлгэв. Ястан бүр өөрсдийн дээлээ өмссөн нь харц булаам байлаа. Тэд онцлог, уламжлал, зан заншлаа харуулсан гэр барьсан аж. Гэр бүрийн урд ардын авьяастнууд язгуур урлагийн тоглолт үзүүллээ. Тэдгээрийн дундаас бэр гуйх, хүүхдэд нэр өгөх ёсон, хойч үедээ үлдээх захиасыг язгуур урлагаар дамжуулан харуулсан Орхон аймгийн уран бүтээлчид анхаарал татахуйц байв. Орхон аймгийн дуу бүжгийн “Эрдэнэт” чуулгын найруулагч Б.Ренценмядаг “Хүүхдийн нэр өгөх уламжлал, ерөөл, бэр гуйх ёс, хойч үедээ хүргэх захиасыг багтааж урлагийн тоглолтоо найруулсан. Бага наснаас азай буурал хүртэлх хүний амьдралыг харуулахыг зорилоо. Үзэгчдэд кино, жүжиг үзсэн мэт сэтгэгдэл төрүүлэх үүднээс урлагийн тоглолтын агуулгадаа төвлөрч ажилласан” гэв.
Энэ мэтчилэн аймаг бүр соёлын үзүүлбэр толилуулсан юм. Тухайлбал, Говь-Алтайнхан амуу тариа боловсруулах арга, Өвөрхангай аймгийнхан гүүний үрс гаргах ёс, дорноговьчууд ингэ хөөслөх гэх зэрэг ёсыг харуулав. Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумаас ирсэн С.Баяржаргал “Адууны өв, гүүний үрс гаргах ёсыг хүмүүст сурталчлан таниулахаар энэхүү наадмыг гурав дахь жилдээ зорьж ирлээ. Их эзэн Чингис хааны үеэс бий болсон энэхүү ёсоо уламжлан авч яваадаа баяртай байдаг. Энэ наадам үндэсний өв соёлоо түгээн танилцуулах зорилготой учраас монгол хүн бүр үзэх ёстой гэж бодож байна” хэмээлээ.
Фестивалийн үеэр бөхийн барилдаан, хурдан морины уралдаан, “Адуучин” гэх мэтээр үндэсний спортын 23 төрлөөр тэмцээн зохион байгуулсан. Мөн хүүхдийн гийнгоо, үндэсний бөхийн цол дуудах, сурын барлаа, хүүхдийн шагайн харваа, монгол анч, тайга, хоточ банхрын үзүүлбэр толилууллаа. Үүний зэрэгцээ гал тахих зан үйл, морин дээрээс цагариг булаалдах наадгай болсон юм. “Монгол анч, тайга, банхар нохой”, “Айраг”, “Гар урлал” зэрэг нэртэй өртөө тэнд байгуулжээ. Наадмын хоёр дахь өдөр “Түмэн эх” чуулгын язгуур урлагийн тоглолт болон хувцас загвар, урлагийн “Нүүдэлчин” үдшийн шоуг үзэгчдэд толилуулаа.
ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Наадмын талбайн төв асарт ястан, үндэстнүүдийн хоол, цагаан идээний үзэсгэлэн дэлгэв. Үүний зэрэгцээ наадамд аймгуудаас хүрэлцэн ирсэн иргэдийн хийсэн амтат идээ, ундаа, гар хийцийн эдлэлүүд, дээл хувцсыг дэлгэсэн асрууд байршуулжээ. Эдгээр асарт нутаг нутгийн иргэд цагаан идээ, урласан хувцас, хэрэглэл, бүтээлээ сурталчлан тайлбарлаж байв. Тэд уламжлалт аргаар боловсруулсан цагаан идээ, сүү, сүүн бүтээгдэхүүнүүдээ дэлхийд таниулах зорилго тээн, сав, баглаа, боодлыг нь стандартын дагуу үйлдвэрлэжээ.
Хөвсгөлийн асарт цаа бугын эврээр хийсэн хутга, толгойн гоёл, Хэнтийнхэд цөцгий, буриад талх, Говь-Алтайнхад арвайн гурил, бэсрэг алим, Булганыхад айраг, шимийн архи зэргийг дэлгэсэн байлаа. Тэнд ааруул нэг кг нь 30 000-50 000, шимийн архи литр нь 10 000-20 000, нэг бяслаг 35 000, ээзгий, хайлмаг 250 г нь тус бүр 7500 төгрөгийн үнэтэй байлаа. Мөн нэг тогооны өрмийг 20 000 төгрөгөөр борлуулж байв. Түүнчлэн хуушуур 2500-3000, шорлог 25 000-60 000 төгрөгийнүнэтэйаж. Харин үндэсний дээл 160 000-1 350 000, малгай 165 000, эмээлийг 600 000-750 000 төгрөгөөр зарж байв.
Үзэсгэлэнгийн асруудын гурав хоногийн төлбөр 800 000 төгрөг гэнэ. Аймгуудын худалдаа эрхлэгчид ирэх, очих зардал, асрын үнэ зэргээ өөрсдөө гаргаж, энэ наадмыг зорин ирснээ учирлав. Харин зан үйл, ёс уламжлал, өв соёлоо урлаг, уран бүтээлээрээ дамжуулан сурталчлахаар ирсэн хүмүүсийн байрлах гэр болон бусад зардлыг тухайн аймгуудын Соёл урлагийн газрынхан хариуцсан гэнэ.
САЙНЫ ХАЖУУГААР СААР
Нар, хуртай нүүдэлчдийн наадам гурван өдөр үргэлжлэв. Уг фестивалийг үзэх жуулчид, иргэдэд зориулан Сүхбаатарын талбайн урд зогсоолоос нийтийн тээвэр цагийн хуваарийн дагуу үнэ төлбөргүй үйлчилсэн билээ. Тиймдээ ч фестивалийг олон иргэн зорин үзэж чадсан юм. Машины зогсоол, үйлчилгээ, худалдааг үзэсгэлэн болж буй талбайгаас хоёр км орчмын зайд байрлуулжээ. Хотоос ирсэн иргэдийг машины зогсоолоос автобусаар болон үхэр, морин тэргээр зөөж байсанд нь олнысонирхлыг ихэд татсан. Гэвч ирсэн гийчид буцах үед автобусанд хөл гишгэх зай байсангүй. Ахмад настнуудыг сандалд суулгаж, хүүхэд, залуус хаалганы шат, газарт цаас, гялгар уут дэвсэн сууж, зарим нь зогсоогоороо явах ажээ. Эхний өдөр хотын төв рүү 30 минут тутам автобус явуулах цагийн хуваарийг гаргасан байв. Гэтэл буцах цаг болоход автобусыг хоёр цагийн зайтай явуулахаар хуваарийг өөрчилсөнд иргэд бухимдалтай байлаа.
БОЛОВСОН ЖОРЛОНТОЙ Ч СОЁЛГҮЙ ҮЙЛЧЛҮҮЛЭГЧТЭЙ ФЕСТИВАЛЬ
Наадмын талбай, отгоос ойролцоогоор 300 метрийн зайд нийтийн бие засах газруудыг элбэг байрлуулжээ. Гадаад, дотоодын жуулчин олонтой энэ наадмын зохион байгуулагчид модон жорлонгоос татгалзсан нь дэвшил байв. Ариун цэврийн байгууламж хариуцсан үйлчлэгч нь хүмүүст цэвэрхэн бие засахыг сануулж, өглөөнөөс орой хүртэл уйгагүй ажиллаж буй харагдсан. Гэвч жорлонгууд нь хүн орохын аргагүй, суултуурын гадна талаар бие зассан, хэрэглэсэн ариун цэврийн цаасаа ил хаясан, усаа татаагүй зэрэг асуудал угтах аж. Монголчуудад олон нийтийн бие засах газраар үйлчлүүлэх соёл дутагдаж байгааг энэ байдал сануулав. Фестивалийн үеэр зохион байгуулагчдаас гадна цагдаа, түргэн тусламж, онцгой байдлын албан хаагчид болон мал эмнэлгийн лаборатори байрлаж ажилласан. Мөн тэндбайрлаж буй оролцогчдод зориулсан цэвэр ус авах хэсэг бий болгосон харагдлаа.
НААДАМЧДЫН СЭТГЭГДЭЛ ӨНДӨР БАЙВ
Наадмын нээлт, язгуур урлагийн үзүүлэх тоглолтууд, ястан бүрийн онцлогийг харуулсан зан үйлийн үзүүлбэр, өв тээгчдийн гар урлалын бүтээлүүд, тоглоом наадгай, уралдаан, тэмцээн, орон нутгийн онцлогийг харуулсан уламжлалт хоол хүнс, идээ ундаа, дээл хувцас, соёлын биет бус өвийг таниулан сурталчлах арга хэмжээ зэрэг нь энэхүү фестивалийг зорин ирсэн гийчин, үзэгчдэд таалагджээ. Олныг хамарсан үйл ажиллагаа тул зарим нэгэн асуудал тулгарсан ч иргэд сэтгэл өндөр буцлаа. Хэнтий аймгаас ирсэн иргэн “Нүүдэлчин” фестивалийг гоё болдог гэж хүмүүс ярьдаг учир анх удаа зорин ирж үзлээ. Аймгуудын үзэсгэлэн худалдаа өргөн дэлгэр болж байна. Наадмын нээлтийн үйл ажиллагааг үзээд үнэхээр их огшлоо. 70 насны босгон дээр ийм сайхан зүйл үзсэндээ тун баяртай, сэтгэл өндөр байна” гэлээ
Гадаадын нэгэн жуулчин “Би Монголд анх удаа ирж байна. Олон жилийн өмнө Өвөр Монголд очиж байлаа. Урьд нь энэ фестивалийн талаар сонсож байсан. Энэ удаа ирж үзсэндээ баяртай байна. “Нүүдэлчин” фестиваль үнэхээр гайхамшигтай сайхан санагдлаа. Зохион байгуулалтын хувьд ямар нэгэн асуудал байсангүй. Манай улсын хувьд ариун цэврийн газраас эхлээд бүх зүйл нь төлбөртэй байдаг. Харин энд үнэ төлбөргүй үйлчилж байгаа нь таалагдлаа. Энэ наадамд дараа дахин ирнэ” гэв.
Соёлын биет бус өв нь аливаа үндэстэн, угсаатны хөгжих, сэтгэн бүтээж туурвих, оршин тогтнохын гол эх ундарга билээ. Үндэснийхээ соёлын биет бус өвийг ЮНЕСКО-д бүртгүүлж баталгаажуулна гэдэг нь тухайн улс үндэстний нэр төрийн хэрэг бөгөөд дэлхийн хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн хүндтэй үүрэг хариуцлага юм. Манай улс 2008 оноос хойш Соёлын биет бус өвийн конвенцын Яаралтай хамгаалах шаардлагатай болон төлөөллийн жагсаалтад морин хуур хөгжмийн уламжлалт урлаг, монгол ардын уртын дуу, монгол бий биелгээ, уламжлалт бүжгийн урлаг, монгол тууль, монгол цуур хөгжмийн уламжлалт урлаг, хөөмэйн урлаг, шувуучлахуй буюу бүргэдээр ан хийх зан үйл (Ази, Европ, Арабын 18 улстай хамтран), монгол баяр наадам, монгол лимбэчдийн уртын дуу тоглох уламжлалт арга барил буюу битүү амьсгаа, монгол уран бичлэг, гэрийн уламжлалт урлал, зан үйл, шагайн харваа, ботго авхуулах, уул овоо тахих зан үйл, хөхүүрийн айраг исгэх уламжлал, холбогдох зан үйл гэх нийт 15 өв бүртгүүлсэн. Тэгвэл энэ удаагийн “Нүүдэлчин” фестивалиар нүүдэллэх ёсоо ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгүүлэх гэж буйг зарласан. Ийнхүү наадмын оролцогчдын нэгдсэн тоглолтоор “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийн хаалтын үйл ажиллагаа болж өндөрлөв.
Б.АМАРЗАЯА, Э.ЖАВЗАНДУЛАМ