Дэлхийн алдарт гурван тенорын нэг, удирдаач, Лос-Анжелесийн Дуурийн театрын ерөнхий захирал Пласидо Доминго АПУ компанийн урилгаар манай улсад ирж, ДБЭТ-ын тайзнаа тоглох гэж байна. Тус компанийнхан түүнийг Ардын жүжигчин Э.Амартүвшингээр зуучлуулан урьсан аж.
Эдүгээ 83 настай домогт тенор “Дуурийн урлагт хүчин зүтгэсэн 65 жилийн хугацаандаа анх удаа Монголд тоглох урилгыг хүндэтгэн хүлээж авлаа. 2012 онд Пласидо Домингогийн нэрэмжит олон улсын дуурийн дуучдын уралдаанд тэргүүн байр эзэлсэн Э.Амартүвшин ер бусын онцгой авьяастай уран бүтээлч. Түүнтэй нэгэн тайзнаа дуулж, ур чадварыг нь мэдрэх болсондоо
туйлын баяртай байна” гэжээ. Харин баритон Э.Амартүвшин “Амьд домог Пласидо Домингог эх орондоо авчрах мөрөөдөл минь биеллээ. Тэрбээр манай үндэсний урлаг, соёл, үзэсгэлэнт эх орныг минь мэдрээсэй гэж хүсэж байна” хэмээсэн.
Пласидо Доминго, Э.Амартүвшин нартай энэцаг үеийн дэлхийн шилдэг сопрануудын нэг армян дуучин Нина Минасян, Миланы “Ла Скала” театрын дуурийн гоцлооч, тенор Фабио Сартори нар хамтарна. Итали маэстро Гаэтано Ло Коко ДБЭТ-ын симфони найрал хөгжмийг удирдан тоглуулах юм. Хамтарсан тоглолтын хөтөлбөрт багтаасан дэлхийн хөгжмийн сор болсон бүтээлүүдийг ДБЭТ-ын ерөнхий удирдаач Ц.Тэлмүүн-Очир Улсын филармонийн симфони найрал хөгжимд урьдчилан бэлтгүүлжээ.
ДуучидЖ.Верди, Ж.Пуччини, Р.Леонковалло зэрэг дэлхийн хөгжмийн суутнуудын дуурийн аринууд болон сүүлийн үеийн хөгжмийн зохиолчдын сор бүтээлүүдээс ганцаарчилж болон хоршиж дуулах аж. Ардын жүжигчин Э.Амартүвшин Монголынхоо хөгжмийн зохиолчдын бүтээлүүдээс Төрийн шагналт Ц.Нацагдоржийн “Нутгийн чулуу” дууг сонгосон байна.
АПУ компани байгуулагдсаныхаа 100 жилийн ойн ёслол, хүндэтгэлийн арга хэмжээ болгож уг тоглолтыг санаачилсан бөгөөд харилцагчид, хамтрагчдынхаа төлөөллүүдэд урилгаар үзүүлэх ажээ. “Centennial celebration” нэртэй уг тоглолт ирэх сарын 3-нд болох бөгөөд илүү олон хүнд хүргэх зорилгоор нийслэлийн төв талбайд сандлууд байрлуулж, лед дэлгэцээр иргэдэд үзүүлэх юм билээ.
Бэлтгэсэн Р.Жаргал