Ардын жүжигчин, дэлхийн шилдэг баритон дуучин Э.Амартүвшин дэлхийн сонгодог урлагийн домог Пласидо Доминго тэргүүтэй дэлхийн шилдгүүдтэй хамтран Монголд анх удаа тоглолт хийхээр болжээ. Дэлхийн сонгодог урлагийн оддын тоглолтыг наймдугаар сарын 3-ны өдөр 16:00 цагаас Улсын дуурь, бүжгийн эрдмийн театраас Д.Сүхбаатарын талбайд олон нийтэд зориулан шууд дамжуулан хүргэх аж.
Уг тоглолтод олон улсад нэр хүнд нь тасралтгүй өсч буй сопрано хоолойт Нина Минасян, орчин цаг үеийн хамгийн агуу тенор дуучдын нэг алдарт “Ла Скала” театрын дуучин Фабио Сартори, дэлхийд тэргүүлэх залуу удирдаачдын нэг Гаэтано Ло Коко нар урилгаар оролцох аж. Тоглолтын талаар алдарт дуучин Пласидо Доминго хэлэхдээ, “Дуурийн урлагт хүчин зүтгэсэн 65 жилийн хугацаанд анх удаа Монголд тоглох гэж буй тул урилгыг хүндэтгэн хүлээж авсан. Ялангуяа тэртээ 2012 онд Пласидо Домингогийн нэрэмжит олон улсын дуурийн дуучдын уралдаанд тэргүүн байр эзэлж байсан Э.Амартүвшин дуучин маань ер бусын онцгой авьяастай уран бүтээлч төдийгүй түүний хоолойн техник, ур чадварыг нэгэн тайзнаа мэдэрнэ гэдэгтээ туйлын их баяртай байна” гэдгээ онцолсон байна.
Харин Ардын жүжигчин Э.Амартүвшний хувьд “Амьд домог Пласидо Домингог эх орондоо авчрах мөрөөдөл маань биеллээ. Түүнийг Монголын үндэсний урлаг соёл, үзэсгэлэнт эх орныг минь мэдрээсэй гэж хүсэж байна” гэжээ.