Үндэсний урлагийн их театрын уран бүтээлч А.Түвшинбаяр гоцлол бүжигчдийн олон улсын 21 дэх удаагийн уралдааны үндэсний бүжгийн төрөлд тэргүүн байрт шалгарлаа. Тэрбээр “Монгол бүжгээ тэмцээний нээлт болон хаалтын үеэр гээд дөрвөн удаа толилууллаа. Монгол бүжиг үнэхээр өвөрмөц, гайхалтай гэдгийг энд байгаа хүмүүст ойлгуулсан гэж найдаж байна. Монголоороо омогшиж, бардам сайхан байлаа” хэмээжээ. Эл уралдаанд тэрбээр БНХАУ, БНСУ, Япон Улсын чадварлаг бүжигчидтэй өрсөлдөж, 98 оноо авснаар тэргүүлсэн аж. Түүний хувьд “Тэнгэрийн хутагт” бүжгэн жүжигт Говийн догшин ноён хутагт Данзанравжаагийн дүрийг бүтээж байсан билээ.
Мөн “Түмэн эх” чуулгын бүжигчин Б.Номундарь шүүгчдийн нэрэмжит тусгай байрын шагнал хүртсэн аж. Тэрбээр “Энэ жил зориглоод этник бүжгийн тайзны төрөлд оролцож үзлээ. Ур чадвар нь гялалзсан, өөрийн гэсэн өвөрмөц мэдрэмжтэй 30 гаруй бүжигчинтэй нэгдүгээр шатанд өрсөлдсөн. Хариуцлагатай оролцож, тусгай байрын шагналын эзэн боллоо. Нутгаа санасан монгол эмэгтэйн сэтгэлийг археологийн олдвор алтай ятга хөгжимтэй биелэн бүжиглэлээ” хэмээсэн байна.
Мөн “Улаанбаатар” чуулгын гоцлол бүжигчин П.Энхтогтох контемпорари бүжгийн төрөлд финалын шатанд шалгарчээ. Азийн А зэрэглэлд хамаарах эл уралдааныг БНСУ-ын Сөүл хотноо энэ сарын 4-17- нд зохион байгуулсан аж.
Бэлтгэсэн А.Үүл