"Топ-20" индекс сүүлийн 34 сарын дээд түвшинд хүрснийг Монголын Хөрөнгийн биржээс мэдээллээ. Мягмар гарагийн арилжаа хаахад гол индекс 1.97 хувиар өсөж, 45 мянга 990 нэгжид хаав. Ингэснээр 2021 оны есдүгээр сарын 13-нд 46 мянга 914 нэгжийн түвшинд хүрснээс хойших дээд цэгт болсон. Индексийн сагсанд багтдаг “Тавантолгой” ХК-ийн нэгж хувьцааны ханш 9.79 хувиар өсөж, 30 мянга 720 төгрөгт хаалаа. Тус компанийн хувьцааны ханшаар илэрхийлэх зах зээлийн үнэлгээ нь 1.6 их наяд төгрөг хүрээд байна. Ингэснээр хөрөнгийн зах зээлийн үнэлгээ анх удаа 11.5 их наяд төгрөг хүрэв.
2005 оноос хойш нээлттэй болсон 38 компани 704 тэрбум төгрөгийн хөрөнгийг анхдагч зах зээлээс босгосон аж. Үүний 63 хувийг нь банкнууд, үлдсэн 32 компани 300 орчим тэрбум төгрөгийг босгов. Эдгээр компанийн хувьцааны зах зээлийн үнээс харахад компанийн хувьцааны үнэ анх зах зээлд гаргасан үнээсээ хамгийн багадаа хоёр хувиар, хамгийн ихдээ 14.7 дахин өссөн юм.