ОХУ-ын Ярослав хотод болж буй Олон улсын гэр бүлийн кино наадмын бүрэн хэмжээний хүүхдийн кино ангилалд манай улсыг төлөөлж “Алдагдсан өдрүүд” өрсөлдөж байна. Уг бүтээлийг Кино урлагийг дэмжих сангийн санхүүжилтээр бүтээж, өнгөрсөн оны хавар үзэгчдэд толилуулсан юм.
Киноны найруулагчаар Б.Гарамханд ажилласан бол гол дүрд түүний хүү Г.Тэнүүн-Эрдэнэ жүжигчин О.Амгаланбаатар, А.Өлзийсайхан нарын хамт тогложээ. Өнөөгийн нийгэмд тулгамдаад буй гэр бүл салалт, өсвөр насны хүүхдийн сэтгэл зүй, гэрийн тэжээвэр амьтдын асуудлыг эл кинонд хөндсөнөөрөө онцлог.
Энэ оны гуравдугаар сард БНСУ-ын Пусан хотод зохион байгуулсан “Монгол кино өдөрлөг”-өөр “Алдагдсан өдрүүд”-ийг солонгосчуудад хүргэснээр тус улсын мэргэжилтнүүд өндөр үнэлгээ өгсөн билээ. Харин энэ удаа Олон улсын гэр бүлийн кино наадмын хүрээнд долоодугаар сарын 7-нд “Киномакс” теарт гаргаж, хойд хөршийнхний хүртээл болгох нь.