Камбож Улсын Эдийн засаг, сангийн яамны орлогч сайд ноён H.E.Pen Thirong-оор ахлуулсан төлөөлөгчид Санхүүгийн зохицуулах хорооны үйл ажиллагаатай танилцжээ. Мөн тус хорооны дарга Д.Баярсайхан болон холбогдох газрын дарга нартай уулзаж хамтын ажиллагаа болон туршлага солилцох талаар санал солилцлоо. Энэ үеэр төлөөлөгчдөд Монгол Улсын хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх хүрээнд Санхүүгийн зохицуулах хорооноос хэрэгжүүлсэн бодлого, зохицуулалтын томоохон арга хэмжээний талаар танилцуулав. Тэр дундаа хүртээмжтэй, ногоон санхүүгийн салбарыг хөгжүүлэх хүрээнд хэрэгжүүлсэн бодлогын арга хэмжээ, үр дүн, туршлагаас онцлон танилцуулаад цаашид тогтвортой ногоон санхүүжилтийг нэмэгдүүлэх чиглэлд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлуудынхаа талаар мэдээлэл өгч харилцан санал солилцов.
Эдгээр төлөөлөгч нь НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөртэй хамтран “Монгол Улсын Санхүүгийн салбарын хөгжил, өрийн удирдлага, ногоон бонд, Үндэсний санхүүжилтийн нэгдсэн стратеги (INFF)-ийн туршлага судлах” ажлын хүрээнд манай улсад ажиллаж байгаа аж.