“Охидын подкаст” ТББ Монголын Сайн дурынхны нийгэмлэгтэй хамтран Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан хүүхдийн мөрөөдлийг томчуул биелүүлэх “Magic Dream” үйл ажиллагаа зохион байгуулав. Уг үйл ажиллагаагаар 1000 хүүхдээс мөрөөдлөө бичсэн захиа хүлээн авснаас 50 хүүхдийг сонгон, мөрөөдөл биелүүлэх хүмүүст захиаг хүргэж өгчээ. Хамрагдсан хүүхдүүд юу хүсэж байгаагаа захиандаа бичсэн байна.
Хүүхдүүдийн мөрөөдлийг биелүүлэх аянд Хөвсгөл аймгийн дунд сургуулийн сурагч охин физикийн ном хүссэнийг нийслэл хотоос иргэн Г.Отгонжаргал биелүүлж, цүнх дүүрэн ном, хүүхдийн баярын бэлэг илгээжээ. Сурагч охин захиандаа, би физикийн шалгалтад бэлтгэх номтой болбол дараагийн хүүхдэд номоо дамжуулна гэдгээ бичжээ. Өвөөгийнхөө дурсгалт мод тарих хүсэлтэй байгаагаа бичсэн сурагч хүүд иргэн Б.Сараа мод авч тарих гэрчилгээ олгожээ. Захиа илгээсэн хүүхдүүдийн дотор “Би хургатай болмоор байна”, мөн “Би нүдний эмч болмоор байна” гэх мэтээр мөрөөдлөө бичсэн байна.
“Физик, математикийн дугуйланд явмаар байна” гэсэн хүүхдэд тухайн дугуйлангийн бүтэн жилийн эрхийн бичгийг өгөх, унадаг дугуйтай болмоор байна гэсэн хүүхдэд дугуй авч өгөх зэргээр захиа бичиж ирүүлсэн хүүхэд бүрийг хүслийг “Magic Dream” үйл ажиллагаагаар дамжуулан томчуул биелүүлжээ. Хамгийн онцгой мөрөөдөл биелүүлэгч нь 141 дүгээр сургуулийн 5 дугаар ангийн сурагч Э.Өлзийтогтох байв. Тэрбээр бүрэн хараагүй ч ЕБС-д амжилттай суралцаж байгаа бөгөөд зохион байгуулалтын багт ирсэн 50 захианаас нэг хүүхдийн мөрөөдлийг ээжтэйгээ хамт биелүүлж өгсөн байна.
“Magic Dream” аянд оролцсон хүүхдүүд иргэний агаарын үндэсний тээвэрлэгч МИАТ ТӨХК-д зочилж нисэгч ах, эгч нарынхаа ажилтай танилцжээ.